"Түймрийг хөөсөөр унтраасан, одоо доорх түлшийг соруулж авснаар бүрэн аюулгүй болно"
Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр дэх “Тэс Петролиум” ХХК-ийн салбар ШТС-ын агуулахад арванхоёрдугаар сарын 01-ний өглөө 09 цагт гал түймэр гарч, одоог хүртэл холбогдох албаныхан түймрийн голомтод ажиллаж байна.
Бид Дархан сумын гуравдугаар багийн засаг даргатай холбогдож, нөхцөл байдлыг тодруулан асуухад “ШТС-д гарсан түймрийг хөөсөөр унтрааж, намдаалаа. Одоо дор байгаа шингэн түлшийг соруулж авснаар түймэр бүрэн унтарна гэж албаныхан хэлж байна. Бид нар өглөөнөөс хойш тухайн газар ойрхон оршин суудаг айлуудынхаа хаалгыг нүдэж,сэрэмжтэй байх талаар зөвлөгөө мэдээлэл өгөөд явж байна. Хамгийн ойрхон амьдардаг Хар-Ус, Угалз багийн 400 өрхтэй нэг бүрчлэн ярьсан. Иргэд маань өглөө түймэр дөнгөж гарахад маш их айж сандарсан байдалтай байсан. Тэр үед утаар угаараас сэргийлэн гэрээсээ явж, хамаатан садан өөр газар түр байж байгаад ирээрэй гэж байсан бол одоо нөхцөл байдал дээрдэж айх аюулгүй, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна” гэлээ.
Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар баг нь 1400 өрхийн 5200 хүн амтай, гэр хороолол. Түймэр гараад буй ШТС-ын замын эсрэг талд хоёр багийн 400 гаруй айл өрх маш ойрхон байдаг аж. Мөн энэ багт ганц л ШТС нь байдаг нь ийнхүү гал түймэрт өртжээ. Дашрамд дурьдахад УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн “Тэс петролиум” ХХК-ийн таван ШТС сонгогдсон тойрог Дархан-Уул аймагт нь үйл ажиллагаа явуулж байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Унтраасан юм уу, бинзен нь шатаж дуусаад өөрөө унтарсан юм уу. Ихэнхдээ шатаж дуусахыг хүлээж байгаад усаар шүршиж сүржигнэдэг