Улс төрийн мэдээ

ЦХХХ-ы сайд Н.Учрал: Салбарынхандаа зориулж илгээх захидал

ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛЭЭР БУРУУГ НУРААЖ, ЗӨВИЙГ БҮТЭЭЕ!

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхандаа илгээх ил захидал

Сайн байна уу? Он солигдох мөч ойртох тусам хийсэн бүтээснээ дүгнэж, хийх бүтээхээ төлөвлөж, зав багатай, ажил ихтэй байна уу?

Манай харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан онцгой гурван шинж чанараараа бусдаас тод ялгардаг. Энэ бол дэлхийд өрсөлдөх том зорилго, өндөр хурд,  бүтээлч  шийдэл.

Өнөөдөр монголчууд бидэнд юу саад болж байна вэ? Жавар тачигнасан өдрүүдэд яагаад жагсаж цуглах болсон бэ?

Монгол хүн гучин жилийн туршид хүсэн хүлээсээр ирсэн эрхэм зүйлсээ өнөөдөр нэхэж шаардаж байна. Нэг өдөр үүсээгүй, 30 жилийн туршид алдагдсан боломж, шийдээгүй асуудлууд, аргацааж хойшлуулж, гал унтрааж  ирсний үр дагавар нь энэ. Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, алдагдсан орд газрууд, Эрдэнэтийн 49 хувь, тоногдсон Хөгжлийн банк, нүүрсний хулгайн талаар шүгэл үлээж, булхай луйврыг нь дэлгэж, хэр чадлаараа тэмцэж, ард түмэндээ хандаж байгаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах нь жагсаалын зорилго биш. Гуйвуулж турхирч байгаагаас биш 30 жилийн туршид монгол хүний улс төр, эдийн засгийн эрх чөлөөг булааж, илүү сайхан амьдрах боломжийг дээрэмдсэн засаглалыг халах тэмцэл болж байна. Нэг гучин жил нөгөө гучин жилээр солигдох мөчлөг үед бид ажиллаж амьдарч байна. Том дүр зургаараа бол 30 жилийн туршид байсан бүх Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн эсрэг жагсаал, тавьж буй дүн гэсэн үг юм.     

Энэ бүх бухимдал цөхрөл  асуудал бэрхшээлийн үр дагавар нь болохоос бус  үндэс  шалтгаан нь биш билээ. Тоо, өгөгдлийг задлан шинжилдэг, нэгтгэн дүгнэдэг, бодлогын хариултыг хайж олдог Та бүхэндээ цаашдаа хулгайч төрдөггүй тогтолцооны шинэчлэлийг хамтдаа манлайлъя гэж энэхүү захидлыг бичиж байна. Нэг Засгийн газрын биш нийт засаглалын хямралын уг шалтгааныг арилгаж, хулгай, дээрэм, тонуулд таатай нөхцөлийг өөрчилж, олиггүй бурууг нурааж, ормон дээр нь зөвийг бүтээхийн төлөө илүү хурдтай шийдье, илүү хүчтэй хамтран ажиллая гэж уриалж байна.

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарынхан маань нүүрсний реформ хийж, баялгийн орлого  хэн бүхэнд ил тод, борлуулалтын орлогоос нь ард түмэн хувь хүртдэг, төр, иргэд, компаниудын нэгдлийн оролцоотой байх цахим бирж бүтээх шинэ санаачилга гаргалаа. Сангийн яам, “Гааль, татварын санхүүгийн мэдээллийн технологийн төв” буюу E  barimt-ынхан нүүрс олборлохоос худалдан авагчид хүртэлх бүх үе шатыг нүдний өмнө, алган дээр дэлгэн харуулах систем боловсруулж, ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Хаалттай хаалга, харанхуй орчин хулгай дээрмийг төрүүлдэг. Нүүрсний худалдаа нууц учраас, нүдэнд харагддаггүй учраас гаарч байна, галзуурсан байна. Гагцхүү энэ бүхнийг технологийн шийдлүүдийг нэвтрүүлснээр цаашид эх орны эрдэнэс баялгийг хулгайлж тонох боломж нөхцөлийг уг үндсээр нь устгаж, 24 цагаар гэрэл асаана. Чоно борооноор, хулгайч шөнөөр гэдэг шиг гэтэх аргагүй, нуугдах булан, гишгэх газаргүй болгож чадна. Гэм буруутныг олж, гэсгээн шийтгэхийн хамт бурууг үндсээр нь засаж, зөвийг сууриар нь тогтоохыг цаг үе, хүндрэл сорилт, жагсаал цуглаан, ард түмний хүсэл, тэмцэл Та биднээс шаардаж байна.

Төрийн цахим үйлчилгээний 90 гаруй хувийн мэдээллийг хадгалж хамгаалж буй үүлэн систем нэвтрүүлэхээр ажиллаж буй Үндэсний дата төв, мэдээлэл солилцооны ХУР, танилтын ДАН систем, 1,3 сая хүн 14 сая удаа үйлчлүүлээд байгаа “e-Mongolia”-г бүтээж чадсан шигээ хамтдаа бүтээе. Мэдээллийн технологийн салбарынхны оюун ухаанаар бүтсэн энэ бүх шийдлүүд авлига, хүнд сурталтай хийж буй тэмцэл юм. Хаалттай хаалгыг нээж өгч, монгол хүний цаг, мөнгийг хэмнэж, хүнд суртлыг халсан бүтээлч шийдэл юм.

Үүрэн холбооны цөм технологи, хиймэл оюун ухаанаар санхүүгийн хэрэгцээг шийдэгч, Монголын анхны арилжааны хиймэл дагуулыг бүтээхээр ажиллаж буй Анд Системс, өндөр хурдны сүлжээг орон даяар хүргэсэн Мобиком, Юнител, Скайтел, ЖиМобайл, дэлхийн зах зээлд нэвтэрч эхэлсэн Анд, Фибо Клауд, КоллПро, Эрхэс, Эгүлэн системс, олон төрлийн хурдтай найдвартай системийг хөгжүүлсэн, мэргэшсэн технологийн  Интерактив, Айти зон, Ай си ти групп, Грэйпсити хувийн хэвшлийн амжилтын эзэд, гайхамшгийг бүтээгчид манай салбарт маш олон байна.

Та бид цахим үндэстэн болох зорилгод хурдан хүрэх, цахим хөгжлийг дэмжих багц хуулиудаа батлуулж чадсан. Мэдээллийн технологийн салбарт ажил буцалж, амжилтууд оволзож байна. Олон жил яригдсан үндэсний хиймэл дагуул хөөргөх, Хонхорын станцаа тоон технологид шилжүүлэх, төрийн үйлчилгээний нэг цэгийг операторын горимд шилжүүлэх, кибер аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлэх, тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, тоон бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх, программ хангамжийн шударга худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлсэн, Монгол хүний оюун ухаан шингэсэн бүтээгдэхүүний нэгдсэн платформ “mindgolia.mn”-ийг бүтээх ажлууд гараанаасаа хөдөлж байна. Гарааны бизнесүүд ар араасаа амжилттай торнин бойжиж, олон чиглэлээр олон бизнесүүд төрөн гарч, зах зээлийнхээ жамаар нэгдэн нийлэн том групп, корпорацын шинжтэй болж тогтвортой, хариуцлагатай салбар болж төлөвшиж байна.

Цахим хөгжил, харилцаа, холбооны сайдын хувьд миний бие салбарынхаа хөгжилд хурд нэмэх, хууль эрх зүйн орчныг нь ээлтэй болгох, Монгол оюуны чадавхаараа дэлхийд гарахад нь дэм өгөхийн төлөө олон түмний чин сэтгэл, хайр энэрэл, халуун итгэлийг алдахгүйн төлөө зүтгэж байна. Мэдээллийн технологийг бусад бүх салбар, тухайлбал, уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролд түлхүү нэвтрүүлж, Монгол хүн Монголдоо эрүүл, ажилтай, боловсролтой байхад өөрсдийн зүгээс гүйцэтгэх үүргээ ахиулахын төлөө хичээж байна. Хаана мэдээллийн систем, программ хангамж хүчтэй нэвтэрсэн байна, тэнд хулгай дээрэм, худал хуурмаг биш шударга ёс, үнэн ялдаг. Миний бие УИХ-ын инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа ажлын хэсгийг нь ахалсан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдсанаар мэдээллийн системүүдийн хэрэгцээ шаардлага, уялдаа холбоог хангах, оновчлох боломжтой болж УИХ-аас энэ хуулиар 68 төрлийн мэдээллийг ил, тод, шилэн болгох үүргийг мэдээлэл хариуцагч төрийн байгууллагуудад олгосон.  Энэ үүргээ миний бие, манай хамт олон ханган биелүүлэхийн төлөө улам илүү хичээн зүтгэх болно. 

Бүх салбарын мэдээллийн системийг төр, манай яам, “и-Монгол академи” хийх боломжгүй, зарчмын хувьд ч буруу. Харин хувийн хэвшлийн та бүхэн мэдлэг туршлагаа салбар салбарт нэвтрүүлж хөгжүүлэх ажлыг бид зөвхөн тууштай дэмжинэ, хооронд нь холбож зөвхөн зөв интеграци хийж өгнө. Хувийн хэвшлийн хийсэн ажлыг татвар төлөгчдийн хөрөнгөөр захиалсан төр хийсэнд тооцохгүй. Яамны биш  компанийн, төрийн биш  залуусын ажил, бүтээл гэж зарлаж, урамшуулж байх болно.

Цаашдаа нүүрс, баялаг, нийтийн мөнгийг хулгайд алдахгүй байх тогтолцооны өөрчлөлтөд технологийн шийдэл хэмээх маш хүчтэй зэвсгээ барин оролцож, шударга ёсны тэмцлийг бүтээлчээр манлайлцгаая! Цахим технологийн ид шидийг шударга ёсыг тогтоох нийтийн үйлсэд илүү хурдтай, илүү хүчтэй, илүү хүртээмжтэйгээр бүтээн нэвтрүүлье! Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын инженерүүд, мэргэжилтнүүд, экспертүүд та бүхнийг илүү чөлөөтэй, илүү нээлттэйгээр мэдлэг чадвараа дайчлан, авлигагүй, ил тод, хөгжингүй Монгол Улсыг бүтээхэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газартай хамтран ажиллахыг урьж байна. Та бүхэн сэтгэ, бүтээ. Төр, яам дэмжинэ, хамтарна. Засгаа биш засаглалаа сайжруулъя. Хүн биш хууль засагладаг Монголын төлөө хурдан шийдье!

#MiningToMind, #MindGolia, #ЦХХХЯ, #eMongolia

Таныг хүндэтгэсэн Ням-Осорын УЧРАЛ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЦХХХ-ны сайд

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-12 12:58

дэд сайдаа явуулдаг чинь их буруу байсан даа чи ажиллаж чадах уу даа мэдэхгүй ээ

ЗочинХэн
ЗочинХэн
2022-12-12 14:18

Учр�##� гишүүн бол харин ёстой нүүрсний асуудлаас хэдэн км-ын зайтай хол хүндээ

Зочин
Зочин
2022-12-12 16:43

Учр�##� Нүүрсний хулгайгаас хол боловч ард түмнийхээ боломж ЖДҮХС гаас хулгайлдаг л хулгайч даа.

ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж
ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж
2022-12-13 00:09

Энэ б�##�ай юугаа ярих юм. Нэг л их идэвхитэй хүн болж гэнэ. Б�##�ай амьтан байна.

Холбоотой мэдээ

Back to top button