НИЙГЭМУРЛАГЭнтертайнмент

“Хунт нуур”-ын ханхүү болон хар, цагаан хун

ДБЭТ-ын уран бүтээлчид “Хунт нуур” балетыг энэ сарын 13, 14-нд тоглоно. В.И.Бегпчев болон В.Ф.Гельцерийн цомнолоор Москвагийн Их театрт 1877 оны хоёрдугаар сард анх удаа тоглосон уг сонгодог бүтээлийн хөгжмийн зохиолч нь П.И.Чайковский. Харин манай улсад Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамъяндагвын дэглэснээр 1975 оны зургадугаар сарын 28-наас хойш “Хунт нуур”-ыг тасралтгүй тоглож буй.

Сартай шөнө, эзгүй талд нуурын ус цэлцэлзэн хадан хавцал ёрдойн үзэгдэнэ. Сүрэг хун нууранд хөвөх бөгөөд хамгийн сүүлд толгойдоо титэмтэй хөвөх хун бол хорон санаат Ротбартын ид шидэнд автсан Одетта байлаа. Ханхүү Зигфрид хунг агнах гэсэн ч амжаагүй тул нөхдөө буцааж өөрөө ганцаар үлдэж нуурыг сахив. Гэнэт хадан хавцал гэрэлтэн, титэмт хун залуу сайхан бүсгүй болон хувирч уйтгартайяа бүжиглэв. Энэ удаа “Хунт нуур” балетын тэргүүн цагаан хун Одетта, Одиллияд Б.Марал, Б.Хулан, ханхүү Зигфридэд А.Тэмүүлэн “хувирах” юм.

“Хунт нуур”-ын шинэхэн гоцлоочдыг танилцуулъя.

А.Тэмүүлэн нь 2017 онд Монгол Улсын консерваторийг дүүргэж, улмаар АНУ-ын Колордагийн Балетын академид мэргэжил дээшлүүлсэн уран бүтээлч. 2017 оноос ДБЭТ-т ажиллахдаа П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын Ротбарт А.Аданы “Жизель” балетын Ганс, Ф.Херольдын “Дэггүй Лиз” балетын Колен, А.Батдэлгэрийн “Тэнгэрийн ташуур” балетын Ромын жанжин, Ж.Чулууны “Уран Хас” балетын Хас, Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго балетын Төмөрт “хувирч” байв. Тэрбээр олон улсын олон уралдаанд амжилттай оролцсон бөгөөд хамгийн сүүлд гэхэд Олон улсын бүжгийн наадмуудын холбооноос зохион байгуулсан зургаа дахь удаагийн уралдааны гран при шагналыг хүртсэн чадварлаг бүжигчин.

2017 онд Монгол Улсын консерваторийг төгссөн Б.Марал оюутан ахуйдаа “Пахита”, “Шопениана”, “Үнсгэлжин”, “Цөмөөхэй” зэрэг балет, Мөн Өмнөд Солонгос болон Монголын уран бүтээлчдийн хамтарсан “Spirit of ballet” гала концертод оролцож байв. Тэрбээр А.Аданы “Жизель”-ийн Мирта, П.И.Чайковскийн “Хунт нуур”-ын Одетта, Л.Минкусийн “Дон Кихот”-ын вариац, “Цөмөөхэй”-н цасан хатан зэрэг сонгодог бүтээлүүдийн дүрийг чадварлаг бүтээснээс гадна “Тэнгэрийн ташуур”, “Уран хас”, “Үйлийн гурван толгой” тэргүүтэй үндэсний бүжгэн жүжгүүдэд гоцолж байв. Түүнчлэн дотоодын уралдаануудаас гадна Япон улсад зохион байгуулсан Ази номхон далайн орнуудын балетын уралдааны гутгаар байр, Орос, Япон, Евроазийн балетын уралдаанаас алтан медаль хүртсэн байна.

Балетын залуу гоцлооч Б.Хулан өнгөрсөн жилээс ДБЭТ-аар овоглож буй. Тэрбээр сурагч ахуйгаасаа балетын үндэсний болон олон улсын уралдаанд амжилттай оролцож иржээ. Тухайлбал, ОХУ, Япон, БНСУ-д зохион байгуулдаг уралдаануудад шилдгээр шалгарч байв. Мөн өнгөрсөн жилээс зохион байгуулж эхэлсэн “Mongolian grand prix” үндэсний уралдааны ялагчаар тодорсон байна.  ДБЭТ-ын босго давсанаасаа хойш Б.Хулан П.И.Чайковскийн “Хунт нуур”-ын па де труа, невест, “Цөмөөхэй”-н па де труа, Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой”-н грацид бүжиглэж, мөн Л.Минкусийн “Дон Кихот”, Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг” балетад дүр бүтээгээд буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button