Г.Наранхажид: Монгол дээлийг Япон, Өмнөд Солонгос, АНУ, Австралиас захиалан хийлгэдэг

“Ornate” брэндийг үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Г.Наранхажид үндэсний хувцас дагнан урлахын зэрэгцээ орчин үеийн болон монгол хувцасны хэв маягийг хослуулсан, өдөр тутамд өмсөхөд тохиромжтой загваруудыг олны хүртээл болгож буй. Монгол хувцасны загвар, элемент, гоёл чимэглэлийг ямар ч төрлийн хувцастай хослуулахад дэгжин, тансаг харагдуулж болдгийг урласан бүтээлүүдээрээ харуулж буй түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Яагаад загвар зохион бүтээгч мэргэжлийг сонгож эзэмшсэн бэ. Мэргэжлээ хаана эзэмшив?
-Хүүхэд байхаасаа ээжийнхээ дээл оёхыг харж, тусалдаг байсан минь хувцас загвар, тэр дундаа үндэсний хувцас сонирхоход ихээхэн нөлөөлсөн. Би 2014 онд Урлах эрдмийн дээд сургуулийг хувцасны загвар зохион бүтээгч мэргэжлээр дүүргэсэн.
-Ажил, уран бүтээлийн гараагаа хаанаас, хэрхэн эхэлсэн бэ?
-Өөрийн гэсэн урлантай болохыг хүүхэд байхаасаа л мөрөөддөг байлаа. Тэр мөрөөдлөө 2015 онд биелүүлж, мөрөөдлийн жижиг урлангаа нээн, ажиллуулж эхэлсэн юм.
-“Ornate” брэндээ үүсгэж, өдгөө нэлээд олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болжээ. Энэ брэндээ хэрхэн байгуулсан бэ?
-Мөрөөдлийн урлангаа нээсэн хүн чинь шинэ, содон загварууд урлахыг хүснэ шүү дээ. Тэгээд л зориглосон. Анх жижигхэн өрөө түрээлж, ээжийнхээ авч өгсөн оёдлын хоёр машиныг тавиад л, фэйсбүүк хуудсаа нээгээд үйл ажиллагаагаа эхэлж байлаа.
-Энэ төрлөөр дагнадаг бусад уран бүтээлчдээс таны бүтээлүүд ямар онцлогтой вэ?
-Миний урладаг загварууд уламжлалт хэв маягийг орчин үеийн чиг хандлагатай сүлснээрээ онцлог. Түүнчлэн загварууддаа өнгөний хослол, чанартай хийц, тэр дундаа гар ажиллагаа бүхий чимэглэлүүд ашигладгаараа онцгой.
-“Ornate” брэндийнхээ загваруудыг зохиохоос гадна өөр ямар төрлийн хувцас, бүтээгдэхүүн урладаг вэ?
-Манай урлан монгол үндэсний хувцаснаас гадна үдшийн гоёлын даашинз, хуримын даашинз зэргийг захиалгаар урладаг.
-Та шинэ загварынхаа санаа, зохиомжийг хэрхэн олдог вэ. Бүтээл бүртээ өөрийн ямар онцлогийг шингээхийг хүсдэг вэ?
-Хуучны уламжлалт хэлбэр, хийцийг хэт эвдэлгүйгээр орчин үеийн амьдралын хэв маягтай хослуулахыг хичээдэг. Ингэхдээ өдөр тутамд өмсөхөд тохиромжтой, чанартай хийцтэй байлгах нь миний гол зорилго.
-Сүүлийн үед залуус стрийт стилийг сонирхон, хувцаслаж байгаа. Энэ стилийн юу нь тийм онцгой вэ. Үүнийг үндэсний хувцастай хослуулах боломжтой юу. Хэрхэн хослуулбал тохиромжтой бол?
-Залуучууд стрийт стилийг илүү их сонирхож буйн шалтгаан нь биед эвтэйхэн, сул чөлөөтэй байдал нь бидний өдөр тутмын завгүй амьдралд тохирч байгаатай холбоотой болов уу. Уламжлалт монгол дээл ч мөн адил монголчуудын эрт дээр үеэсээ л өдөр тутамдаа ч, баяр ёслолд ч, бүхий л цаг үед өмсөж эдэлдэг байсан хувцас. Тиймээс орчин цагт ч мөн адил өдөр тутмын хэрэглээндээ стрийт стиль, эсвэл бүүр сонгодог стиль ч бүрдүүлэн өмсөх боломжтой.
-Өнгөрсөн хугацаанд “Ornate” брэнд хэчнээн гаргасан бэ?
-Манай урлангаас 2015 оноос хойш Сар шинийн баяр, Улсын баяр наадам гэхчлэн Монгол үндэсний томоохон баяруудад зориулж 20 гаруй бэсрэг цуглуулгаа хувцас загварт дурлагсдад танилцуулсан.
-Цуглуулгаа хаана худалдаалдаг вэ. Гадаадад гаргаж эхэлсэн үү. Одоогоор ямар ямар улсад загваруудаа борлуулж байгаа вэ?
-Сүүлийн жилүүдэд Өвөр Монголд бүтээгдэхүүнээ борлуулж байгаа. Мөн Япон, Өмнөд Солонгос, АНУ, Австрали зэрэг улсаас захиалга авдаг.
-Таны загваруудыг дотоодоос илүү гадаадад захиалан авч буйн шалтгаан нь юу бол?
-Тодорхой хэлж мэдэхгүй юм. Манай урланг сонгон үйлчлүүлдэг шалтгаан нь хийц загвар, чанарыг эрхэмлэн, ямар ч захиалгыг чин сэтгэлээ зориулан урладагтай холбоотой юм болов уу даа.
-Уламжлалт баяруудаар залуус үндэсний хувцсаа өмсөхийг илүүд үздэг болсон. Үүнийг дагаад жил бүр сонирхолтой загвар, трендүүд гарч буй. Өнөө жилийн онцлог, хэв шинж, тренд ямар байх бол?
-Залуучууд уламжлалт монгол дээлээ сонгон өмсөх нь урьд өмнөх жилүүдээс их болсон шүү.Энэ жил өвөрмөц хэлбэр, хурц тод өнгө гэхээс илүүтэй уламжлалт монгол дээл, хуучны хэв маягтай, дугуй хээтэй торго тренд болоод байгаа. Монгол дээлийг өв уламжилж, үр хүүхэддээ өвлүүлж болдог үнэ цэнтэй хувцас гэж би боддог.
-Шинэ цуглуулгаа хэзээ танилцуулах вэ?
-Саяхан эрчүүдэд зориулсан монгол дээлний цуглуулгаа танилцууллаа. Ингэхдээ уламжлалт хийцтэй дээлийг арьсан малгай, бүстэй хослуулан сонирхолтой хэв маягийг бүрдүүлсэн. Үүгээрээ монгол дээлний хэрэглээг нэмэгдүүлэх, залуучуудад үндэсний өв соёлоо эрхэмлэхэд уриалахыг зорьсон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.