Нийгэм мэдээ

Өдрийн сурвалжилга: "Хандиваар цугласан 100 гэр Туркэд очоод давхар өв соёлоо ч сурталчилна"

Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас олон тооны хүн амь үрэгдээд байна. Хоёр улсын найрамдалт харилцааны хүрээнд манай улсаас өнгөрсөн долоо хоногт аврах багийн бүрэлдэхүүн илгээгээд буй.

Тэгвэл өнгөрөгч бямба гарагаас эхлэн "Нэг дэлхий-Нэг гэр бүл" хандивын аяныг ТББ, ААН, иргэд хамтран эхлүүлээд байна. Аяныг "One Team"-ийн хамт олон ерөнхий байдлаар нэгтгэж, зохион байгуулж байгаа аж. Нийслэлийн ЗДТГ-аас зөвшөөрөл өгсөн тул тэд өчигдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд хандивын аянаа үргэлжлүүлсэн юм.

Өнөөдрийн хувьд Сүхбаатарын талбай дээр 20 гэр баригджээ. Хамгийн хойд эгнээний нэг гэрийн үүдэнд Монгол, Турк хоёр орны төрийн далбааг байршуулсан байна. Орвол "Нэг монгол" ТББ-ыг төлөөлж, хандивын аяны ерөнхий зохион байгуулагч Б.Пүрэвсүрэн, "Exclusive" брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг нар сууж байлаа.

Б.Пүрэвсүрэн "Бид монгол гэрээр хандиваа цуглуулж, Сүхбаатарын талбайд барьж байна. 100 гэр цуглуулна гэсэн зорилготой. Үүнээс илүү гарвал заавал 100-д багтаана гэхгүй. Гэрээр хандив авна, мөнгөөр ирсэн хандиваар гэр худалдан авна. Өнөөдрийн байдлаар 20 гэр баригдаад байна" гэлээ.

Гэрүүдийг Туркийн нөхцөл байдалд уялдуулан нэг стандарттай болгожээ. Ийн Нарантуул, Хархорин зах дээрх гэр худалдаачид зэрэг иргэн, ААН-үүдтэй хамтран ажиллаж байгаа юм байна. Нэг гэрийг дунджаар 3.5 сая төгрөгөөр худалдан авч буй гэлээ.

Үүний хамт гэр барих зааварчилгаа бүхий текст, видеог турк хэл дээр бэлтгэж байгаа юм байна.

Хамгийн анх "Нэг монгол" ТББ, "Хужирт эко гэр" ХХК, "Exclusive" брэнд зэрэг байгууллагууд нэгдэж, зургаан гэрээр хандивын аяныг эхлүүлсэн юм. Одоогоор ТҮК-ийн ажилчид, Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөл, Гандантэгчинлэн хийд, "Монголын тулаанчдын холбоо" зэрэг газраас гэр хандивлаад байгаа аж.

Хандивын аяныг бямба гараг хүртэл үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй. 100 гэр жин ихтэй болно. Иймд ачаа тээвэрлэх онгоцыг ЭСЯ-аар дамжуулан шийдэх хүсэлт гаргаад байгаа гэнэ.

"Exclusive" брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг "Монголчууд халуун зүрхтэй, халуун цустай ард түмэн гэдэг нь мэдэгдэж байна. Хэдийгээр Цагаан сарын баяр дөхөж, зардал мөнгөний шаардлага их байгаа ч тэд хандивын аянд чадах, ядахаараа дэмжин нэгдэж байна. Саяхан л гэхэд Хэнтий аймгийн Дадал сумаас ирсэн иргэн орж ирж танилцаад, "Өө, хандив өргөлгүй яах вэ" гээд 5 мянган төгрөг өгч байх жишээтэй.

Энэ хандив валютаар хөрвөж, алдагдалд орохгүй. ЖДҮ-ийг дэмжиж байна. Мөн монгол өв соёлоо ч сурталчилж байна. Монголоос ирсэн 100 гэр тэнд нэг хөндийг эзлэн байрлана гээд төсөөл дөө" хэмээлээ.

Биднийг ярилцаж суух хооронд хүмүүс сонирхож орж ирж, хандивын аянд нэгдсээр байлаа.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button