А.Алтанзул: Гадаадад төрж, өссөн иргэний харьяаллын асуудлыг асуулгаар оруулна

"Зөвлөлдөж шийдье" уулзалт өнөөдөр /2023.02.14/ Төрийн ордонд үндэсний зөвлөлдөх багийн гишүүдийн мэдээллээр үргэлжилж байна.
Онцолбол, иргэний болон улс төрийн эрх, хариуцлагын асуудлаар Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн ухааны доктор, дэд профессор А.Алтанзул "Эхний асуудал бол гадаадад төрж өссөн Монгол Улсын иргэний харьяалалгүй иргэдийн эрхтэй холбоотой. Энэ бол хүний оршин суугаа газраа чөлөөтэй сонгохтой холбоотой. 200 мянга орчим Монгол Улсын иргэн гадаадад амьдарч байна.
Эдгээр иргэнд харьяаллын асуудал тулгардаг. Монгол Улсын хувьд нэг улсын харьяат байхыг хуульчилж өгсөн. Гадаадад байгаа иргэдийн тодорхой хувь нь нутаг дэвсгэрийн зарчмыг хүлээн зөвшөөрсөн улс оронд ажиллаж амьдарч байна. Хүүхдүүд нь тэнд төрж өссөн учраас автоматаар уг улсынхаа иргэн болдог. Хүүхдийн хувьд насанд хүрээд тодорхой сонголт хийж болно. Хоёрдмол харьяаллын асуудал бий болно. Манай улсын хувьд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Бид хязгаарлагдмал хоёрдмол харьяаллын асуудлыг ярьж, судалж болох юм.
Гадаадад төрж өссөн иргэний харьяаллын асуудлыг бид судалж үзэх шаардлагатай юу? Манай улс Гадаадын иргэн харьяатын хуульдаа нарийвчилсан зохицуулалт хийх шаардлагатай юу гэдэг талаар зөвлөлдөх санал асуулгаар иргэдээс асууна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.