Top StoriesНИЙГЭМСурвалжилга

Шөнийн сурвалжилга: "Ажилдаа явахдаа гэр бүлтэйгээ салах ёс хийх мэт гардаг"

Шөнийн 22.00 цаг. Улаанбаатар хотод энэ үеэр замын хөдөлгөөн гайгүй байдаг хэдий ч Валентины баярын улмаас хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хавар хэдийн болсныг илтгэх мэт гадна ч зэвхий салхитай. Хотын төвөөс зүүн зүгийг чиглэн Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийг зорьсон юм.

Учир нь улсын хэмжээнд сүүлийн долоо хоногийн хугацаанд гал түймрийн 48 тохиолдлыг Онцгой байдлын ерөнхий газар унтрааж, шийдвэрлэжээ. Тиймээс Эгүүр агентлагийн сурвалжлах баг тус ангийн нэг шөнө хэрхэн өнгөрдөг талаар шөнийн сурвалжилга бэлтгэн хүргэлээ.

Хаалгаар оров уу, үгүй юү шинэхэн засварын үнэр үнэртэнэ. Тус байгууллагын ажилчид өөрсдийн боломж бололцоогоороо засварын ажил хийж дуусгасан аж. Байгууллагын үүдээр ороход хананд ажиллагааны зургуудынхаа зарим агшинг байрлуулжээ. Тэдний амрах өрөөнүүдэд ч жаазтай болон орчин үеийн хэв маягаар засаж, тохижуулсан зураг байх нь элбэг.

Тэр дундаа чөлөөт цагаа өнгөрүүлэх өрөөнд баруун ханандаа Суданд үүрэг гүйцэтгэсэн зоримог эрсийнхээ зургийг өлгөсөн бол зүүн ханандаа ажилчдынхаа гэр бүлтэйгээ авахуулсан зургуудыг байрлуулсан байлаа. Тэдний гэр бүлтэйгээ авахуулсан зураг тус хананд байрлахын шалтгаан нь ар гэртээ санаа зоволгүйгээр үүрэгт ажлаа хийхэд тусална хэмээн үздэгтэй холбоотой ажээ.

Суданд үүрэг гүйцэтгэж явсан алба хаагчдын нэг бол Ц.Батсайхан. Түүний хананд байрлах зурагнаас тус албан байгууллагад олон жил ажилласан ажилчдын нэг гэдэг нь тодорхой харагдана.

-Ц.БАТСАЙХАН: 2008.07.01-нд 19 цагийн турш тасралтгүй гал унтраасан явдал огтоос мартагддаггүй-

Гал унтраах автомашины жолооч Ц.Батсайхан 17 жилийн турш уг мэргэжлээрээ ажиллаж буй нэгэн. Анх Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах аврах 11-р ангид гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхэлж, улмаар 2017 оноос хойш гал унтраах автомашины жолоочоор ажиллаж байгаа аж. Түүнийг энэ салбар руу ороход нөлөө үзүүлсэн нь хүн нь түүний хадам аав байжээ.

Түүнтэй зарим нэг зүйлсийн талаар хууч хөөрөв.

 -Гал сөнөөгч болон гал унтраах автмашины жолоочоор ажиллана гэдэг хоёр өөр ойлголт. Ажлын талбар дахь ялгааг нь та тайлбарлаж өгөхгүй юү?

-Дуудлага ирснээс хойш гал түймрийн объект очих мөч хүртэл жолоочийн үүрэг хамгийн чухал. Нэг минутад нэг км замыг туулж байх ёстой байдаг. Улаанбаатар хотод бол хамгийн мэдрэмжтэйгээр хийх ажлын нэг гэж боддог.

Жолооч тэднийг объектод хүргэсний дараа гал сөнөөгчид гал унтраах ажлыг эхлүүлнэ. Тэр үед жолооч учраас хэмээн зүгээр л зогсоод байж болохгүй. Бид ар талыг нь хариуцаж, зогсолтгүй гал унтраах бодисыг тасралтгүйгээр өгөх үүрэгтэй байдаг юм.

Бид олон талын мэдлэг мэдээлэл, авхаалж самбаатай байх шаардлагатай. Хамгийн энгийндээ л түймрээ аль талаас нь унтраавал оновчтой байна вэ гэдгийг тухайн үеийн мөчдөө хувьсан, нөхцөл байдалдаа тулгуурлаж, оновчтой шийдвэр гаргах хэрэгтэй байдаг.

Хэдийгээр энэ хоёр мэргэжил хоорондоо ялгаатай боловч эцэстээ багийн хамтын ажиллагаанд суурилсан байдаг юм.

-17 жил гэдэг их хугацаа. Энэ хугацаанд таны дурсамжаас мартагдахааргүй галын объектод ажилласан мөчөөсөө хуваалцвал?

-МАХН-ын байранд гал гарах үед 19 цагийн турш тасралтгүй хошуувчийн гал сөнөөгч хийж ажиллаж байсан. Тэр үе бол ихээхэн хүнд нөхцөл байдалтай байсан. 2008 оны долоодугаар сарын 1-ний өдөр. Дуудлагын дагуу орой гал унтрааж эхлээд маргааш өдөр нь дуусаж байсан юм.

Мөн дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэхээр очиход хүний амь нас эндсэн үеүд нэлээдгүй бий. 2015 онд байх аа даа, битүүний өмнөх өдөр ийм төрлийн дуудлагад явж байсан тохиолдол бий.

-Гал сөнөөгч гэдэг амаргүй ажил. Гал өөрөө ч эрсдэлтэй зүйл. Гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авч байна вэ?

-Эхнэртэйгээ 2003 онд гэр бүл болсон. Ам бүл тавуулаа. Өглөө ажилдаа гарахдаа гэр бүлийнхэнтэйгээ бараг л салах ёс хийж байгаа мэт байдаг.

2006 онд ажилдаа ороод удаагүй байхад сарын хугацаатайгаар түймэрт явдаг байсан юм. Тэр үед эхнэрт маань нэлээд хүндхэн байсан болов уу. Одоо бол харьцангуй гайгүй байх.

-Тун удахгүй цагаан сар болох гэж байна. Зөвхөн энэ баяр гэлтгүй бусад баярын өдрүүдэд ээлжтэй байхыг тань гэр бүлийн хүн нь хэрхэн хүлээж авч байв?

-Залуу байхад уурлаж, тунирхах үеүд бишгүй. Гэлээ гээд ээлж таарсан тул ажлаа хийхгүй байж болохгүй. Яваандаа дассан л байх.

Шинийн нэгэнд ээлж таарвал ажиллаад, маргааш нь аав ээж дээрээ очиж золгодог. Харин шинэ оныг бол 8-9 жилийн турш албан дээрээ гаргасан. Энэ жилийн Цагаан сараар ээлжтэй байх эсэхээ мэдэхгүй байна.

-Танд шантрах үе байв уу?

-Дөнгөж орж байх үед шантармаар санагдах үеүд нэлээдгүй байсан. Учир зүйгээ мэдэхгүй болохоор тэр байх. Бага багаар дассаар одоо бол мэргэжилдээ хайртай.

-Хамгийн залуу гал сөнөөгч ажилд ороод 20 хоножээ-

Биднийг ийн ярилцах зуур оройн тооллогын цаг болсон байв. Эрч хүчтгэйгээр дуулангаа алхаж, нэг эгнээнд орсныхоо дараа Төрийн далбааг буулгах багахан үйл ажиллагаа болдог ажээ.

Энэ удаад ч оройн хоол нь жоохон оройтсон байлаа. Энгийн үедээ цуйван болон шөлтэй хоол иддэг тэд энэ удаад мах чанаж идэж буйгаа учирлав. Хоолоо өөрсдөө хийдэг тэдний хувьд "Онцгойгийн цуйван хамгийн онцгой" байдаг гэдгийг дурдлаа.

Ийнхүү тэд дуудлага иртэл хэсэг хугацааг амралтын байдалтай эсвэл нойроо авч өнгөрөөдөг байна. Ингэхдээ хоёр хоёр цагаар хоорондоо ээлжилдэг ажээ. Зарим нэг зүйлийн талаар тэдэнтэй хууч хөөрөв.

Шинээр ирсэн залуучууд ч нэлээдгүй байх бөгөөд хамгийн бага гишүүн нь 2023 оны нэгдүгээр сарын 25-нд элсэн оржээ. Түүний хувьд эл албатай нэгдээд 20 хоногийг өнгөрүүлж байв. Хоёр ч удаа дуудлагад явсан бөгөөд гурав дахь үеийн гал сөнөөгч ажээ.

Амиа алдсан, сураггүй болсон, орон гэрээ алдсан гэх мэт хүндхэн асуудлуудтай үргэлж нүүр тулдаг тэд удахгүй сэтгэл зүйчтэй болно гэдгийг ч ярьж байв. Олон жил ажилласан хүмүүс туршлагатай байлаа ч энэ төрлийн дуудлага хүндхэн тусаж, халширмаар үеүд байдаг гэдгийг дурдлаа. Тиймээс залуучууд нь ийм төрлийн дуудлагад явах үед дараа нь сэтгэл санааг нь сэргээхийн тулд салаагаараа нэлээдгүй ярилцдаг байна.

Энэ төрлийн дуудлагад явах үед хүүхдийн амь нас эрсэдсэн тохиолдлууд хамгийн хэцүү нь ажээ. Тухайлбал, 10-13 насны хүүхдүүд бяцхан дүүгээ хамгаалангаа галд өртөж, амиа алдсан, усанд эндсэн зэрэг дуудлага нас хамаарахгүй хэн хүнгүй бүгдэд нь хүнд тусдаг талаараа хуваалцсан юм.

-Галын дуудлагад явах үед түгжрэл болон зам хааж тавих машинууд хамгийн их бэрхшээл болдог-

Нэг мэдэхэд галын дохио дуугарав. Удаан дуугарах дохиогоор хотын хаа нэг газар гал гарсан нь илэрхий. Бүгд тал талаас минут хүрэхтэй үгүйтэй хугацаанд хувцаслаж дуусав.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангиас бүгд машиндаа суун хөдлөв. Яаралтай дуудлага хэдий ч зэргэлдээ орон сууц зогсоолгүйн улмаас зам дээр тавьсан машинууд цаг хугацаатай уралдах гал сөнөөгчдөд хамгийн их асуудлыг үүсгэж байсан юм.

Галын дуудлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид хүргэх боломж хараахан байсангүй. Дараагийн удаад тэрхүү боломж олдох биз ээ.

Гал сөнөөгчдийн хувьд дуудлага ирэхгүй шөнө бол үүрэгт ажилгүй байх утгатай бус олон нийтийн амар амгалан байдлын илэрхийлэл ажээ. Цаг хугацаа бүр хүний амь насыг илэрхийлдэг тул хором мөч бүхэнтэй уралдан амьдарсаар.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-02-15 09:33

Монгол хэлэнд "нэлээдгүй" гэж үг байдаггүй шүү.

Зочин
Зочин
2023-02-15 09:54

муу ёртой юм бэ

УССӨ
УССӨ
2023-02-15 10:26

СҮРЖИН ГАР ВЭ ? ЧАМААС АЮУЛТАЙ, ӨДӨР БҮР ГАЗРЫН ДООР АЖИЛЛАДАГ УУРХАЙЧИД ЧАМ ШИГ ШҮРЖИГНЭДЭГГҮЙ.

Зочин
Зочин
2023-02-15 17:41

ЗИ ЗЗЗ ХАДАМ ААВ НЬ ЭНЭ АЛБАНД ЧИХЧИХСЭН БАЙНАШТ АЖИЛГҮЙ ХИЙ ЭРГЭЭД ОХИНЫГ НЬ БАВААД БАЙХААР НЬ ЭНЭ АЛБАНД ЧИХЖЭЭ.ИХ Л СҮРЖИН ГАР БАЙНА САЛАХ ЁС ХИЙГЭЭД БАЙХДАА ЯАДЫН АЖИЛДАА ДУРТАЙ ЮМ БОЛ ИНЭЭЖ ИРЭЭД ИНЭЭЖ ХАРИАЧ ТЭНЭГЭЭ МАНАЙ ЗААМАРЫН НҮХНИЙ НИНЖА НАР БОЛ ЖИНХЭНЭ БААТРУУД ТЭД НҮХ РҮҮ ОРОХДОО НЭЭГ ИХ ӨРӨВДМӨӨР ХАРААД ОРДГИЙН ГАРЧ ИРЭХДЭЭ ЗАРИМ НЬ ӨМДӨНДӨӨ САРЬЧИХСАН УС АСГАРЧИХЛАА ГЭДГИЙН ЗА МАНАЙ НҮХНИЙ НИНЖА НАР БОЛ ХЭЦҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button