УЛС ТӨРУлс төрийн мэдээ

А.Ариунболдын ялыг эсэргүүцсэн “Капитал банк”-ны эрх хүлээн авагчид давж заалдана

Одоогоос тав хоногийн өмнө шүүхээс "Капитал" банкны Гүйцэтгэх захирал А.Ариунболдод 5 тэрбум гаруй төгрөг гаргуулж, 2 жилийн тэнсэн харгалзах ял оноосон билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зөвлөл дараах мэдэгдлийг гаргасан байна.

Мэдэгдэлд: Капитал банкны удирдлагаар ажиллаж байсан иргэн А, Я, Д нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны гуравдугаар сарын 07, 09-ний өдрүүдэд явагдаж, “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцов.

Шүүхээс иргэн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "...банкийг төлбөрийн чадваргүй болгож их хэмжээний буюу 104.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэж, иргэн Я, Д нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шийдвэрлэсэн.

Банкийг албадан татан буулгах шийдвэр гарсан 2019 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн нийт өр төлбөр, банкны хөрвөх чадвартай эргэн төлөгдөх нийт хөрөнгийн зөрүүгээр хохирлыг тогтоохдоо нийт өр төлбөрийг багаар буюу дутуу тооцсон учир хохирлын хэмжээ бодитой бус тогтоогдсон.

Улмаар Монголбанканд төлөх:

  • ипотекийн зээлийн эх үүсвэр, бусад өр төлбөрийн 71.1 тэрбум төгрөг,
  • Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд төлөх төсөл, хөтөлбөрийн эх үүсвэрийн 42.9 тэрбум төгрөг,
  • Сангийн яамаар дамжин хэрэгжсэн төслийн эх үүсвэрийн 16.8 тэрбум төгрөг,
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээлийн эх үүсвэрийн 3.9 тэрбум төгрөг,
  • Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн 3.7 тэрбум төгрөг,
  • Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2.0 тэрбум төгрөгийн зэрэг өр төлбөрүүд төлөгдөх боломжгүйд хүрч байна.

Банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдэд эрсдэл учирсан тохиолдолд 20.0 сая хүртэл хэмжээний төлбөрийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу Хадгаламжийн даатгалын корпорацаас төлж, үлдэх төлбөрийг Банкны тухай хуульд заасны дагуу банкны зээл, авлагыг төлүүлсэн болон банкны хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос дараалал, журмыг баримтлан барагдуулах ёстой.

Иймд төрд учирсан хохирлыг төлүүлэх үүднээс “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч дараагийн шатны шүүхэд давж заалдах гомдол гарган шийдвэрлүүлэхийг үүгээр мэдэгдэж байна.

              

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button