Нийгэм ярилцлагаУРЛАГЯрилцлага

Тайванийн "HUR" хамтлагийн дуучин Б.Сарантуяа: Монголынхоо нэрийг дэлхийд гаргахын төлөө хичээнэ

Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргаж яваа олон залуу бий. Үүний нэг бол Б.Сарантуяа юм. Тэрбээр Тайванийн “HUR” хамтлагийн гол хоолой билээ. “HUR”  хамтлаг нь уран бүтээлээ олны хүртээл болгоод хоёр жил болжээ. 

"Хүн өөрөө хичээвэл биелэхгүй мөрөөдөл гэж байхгүй"

-Юун түрүүнд өөрийгөө танилцуулаач?

-Намайг Б.Сарантуяа гэдэг. Тайванийн "HUR" хамтлагийн гишүүн, гол хоолойн үүргийг гүйцэтэгдэг. Энэ жил 24 нас хүрнэ. 

-Тайванийн охидын хамтлагт яаж орсон бэ. Түүхээсээ хуваалцахгүй юу?

-Би ЕБС-иа Монголд төгсөөд их сургуульд сурахаар Тайванийг зорьсон. Улмаар "DD52" дуу, бүжгийн тэмцээнд орж өөрийгөө сорьсон юм. Энэ тэмцээн бусдаасаа онцлогтой. Оролцож буй хүмүүс өөрсдөө дуугаа зохиож, бүжгээ дэглэдэг. 

Тэмцээнд орж байхдаа дууныхаа үгийг өөрөө зохиож Монголоороо дуулж байсан. Дууныхаа санааг өөрийнхөө ахлах сургуулийн шүтээн "NMN"-ээс авч байлаа. Энэ тэмцээн дууссаны дараа надад "HUR" хамтлагт орох санал ирсэн. 

Нийт 108 охиныг хоёр багт хувааж уралдуулдаг. Энэ тэмцээнд өнгөрүүлсэн цаг хугацаандаа маш их хайртай. Бас тэр олон охид дундаас сонгож авсан зургаан охины нэг нь болж чадсандаа баярладаг.

-Хамтлагт орохдоо хэр удаан бэлтгэл хийсэн бэ? 

-Урлагийн амьдрал гэдэг залуу хүний ажил. Гэтэл би одоо 24 настай. Тэгэхээр ер нь бол оройтсон гэсэн үг. Ийм учраас хамтлагийн гишүүн болсон цагаасаа өдөр бүр л өөрийгөө бэлтгэж байсан.

Бид дебютээ 2020 онд хийсэн. Энэ цагаас хойш одоо ч бэлтгэлээ шаргуу хийсээр байгаа. 

-Агентлаг нь гишүүддээ ямар шалгуурыг тавьдаг бол?

-Бусад агентлагуудтай яг адилхан. Өндөр шалгуураар гишүүд сонгогдсон.

Миний гадаад төрх, биеийн галбир, өвөрмөц хоолой маш их таалагдсан гэсэн. Ер нь Монгол хүн хаана ч очсон бусдаас ялгардаг. Тийм болохоор талархдаг.

No photo description available.

-Өдөрт ойролцоогоор хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ?

-Дуу, бүжиг болон хэлний бэлтгэл хийнэ. Өдөрт ойролцоогоор 3-4 цаг бэлтгэл хийдэг. Хэрвээ тоглолттой бол 7-8 цаг. Ер нь л завгүй байдаг даа. 

Ялангуяа бүжгийн бэлтгэл олон цаг үргэлжилдэг. Гишүүн бүр бүжгийн хөдөлгөөнөө жигдэлж цэвэрлэхээс эхлээд олон зүйл байгаа. Тэгж байж хүмүүст сайн үзүүлбэр үзүүлж чадна. Шүтэн бишрэгчдээ хүндэлж байна гэсэн үг.

-Хэр их ядардаг вэ. Гэрээ санадаг уу?

-Ядарч байна гэж огт боддоггүй. Ядарна гэж бодвол цаанаасаа сөрөг бодолтой болдог. Дуртай юмаа жаргаж хийх хэрэгтэй. Энэ нь ч надад зөв сонголт. Учир нь би гэрээсээ хол. Гэртээ ороход намайг тайвшруулах хүн байхгүй. 

Заримдаа шантрах үе ч бий. Тэр үедээ зүгээр л ээж рүүгээ залгаад хоолойг нь сонсоход л тайвширчихдаг. Надад гэрээ санах эрх байхгүй гэж бодож байна. Зорилго руугаа тэмүүлж байгаа хүний хувьд гэрээ санана гэдэг байж болохгүй зүйл. 

-Монголоо санадаг уу? 

-Тайванийн тэнгэр ихэвчлэн бүрхэг байдаг. Тийм болохоор эх орныхоо агаарыг, тэнгэрийг маш их санадаг. 

Энэ удаад өвөл ирсэн болохоор бага зэрэг хүйтэн байна. Гэхдээ зүгээрээ, цаг хугацааг сайхан өнгөрүүлж байгаа.

-Шүтэн бишрэгчид дунд нь аль улсын хүмүүс их байдаг вэ?

-Монголд ямар байдгийг мэдэхгүй байна. Тайваньд бол бий бий. Маш олон хүн биднийг дэмжиж, хайрлаж, тоглолтыг маань холоос зорьж ирээд үздэг. Намайг дэмжиж, урамшуулдаг олон хүн байдаг. Шүтэн бишрэгчид бол урлагийн хүнд хамгийн үнэ цэнтэй зүйл.

Монголоос намайг дэмжиж, үргэлж урмын үгээ хайрладаг та бүхэндээ баярлалаа. Цаашдаа олон зүйл хийж, та нарынхаа урмыг хугалалгүй уран бүтээлээ гаргана.

-Багадаа урлагийн хүн болохыг мөрөөдөж байсан уу? 

-Багаасаа к-поп одод шиг л болохыг мөрөөддөг байлаа. Гэхдээ биелэхгүй байх гэж бодоод мөрөөдлөө өөртөө нандигнан үлдээж байсан. Харин одоо харахад хүн өөрөө хичээж тэмцдэг байхад л биелэхгүй мөрөөдөл гэж байхгүй мэт санагддаг. Тийм болохоор хүүхдүүдээ мөрөөдөхөө битгий зогсоогоорой. Мөрөөдлийнхөө төлөө тууштай хичээгээрэй гэж хэлмээр байна. 

-Урлагийн хүн болно гэх үед нь ээж аав чинь яаж хүлээж авсан бэ?

-Манай аав ээж хоёр залуухан хүмүүс. Дөнгөж 40 гарч байгаа. Бараг л аав ээжтэйгээ хамт хөгшрөөд явж байна. Тийм болохоор намайг зүгээр л хүлээн зөвшөөрч дэмжсэн. Тэрэнд нь маш их баярладаг. 

Гэхдээ тэмцээнд ороод дуулаад явж байна гэсэн чинь сургуулиа яаж байгаа юм гээд гайхаж байсан. Харин одоо надаар маш их бахархдаг. 

-Монголд ямар ажлаар, хэр удаан хугацааг өнгөрүүлэхээр ирсэн бэ? 

-Ээжийнхээ төрсөн өдрөөр хамт баймаар санагдаад бас гэрээсээ олон жил хол байсан болохоор өөрийгөө цэнэглэх цаг нь болжээ гэж бодоод л ирсэн. Монголдоо ирэх гоё байна. Цаашдаа гурваас дөрвөн жилдээ ирэхгүй болохоор энэ хугацаандаа гэрийнхэнтэйгээ цаг хугацааг сайхан өнгөрүүлэхийг хичээж байгаа.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. 

-Ярилцлагын төгсгөлд хэлэхэд, Монголынхоо нэрийг дэлхийд гаргахын төлөө маш их зүйлийг хийж, хичээнэ гэдгээ амлаж байна. Та бүхэн манай хамтлагийн дууг сонсохыг хүсвэл Youtube-ээр "HUR" гэж хайлт хийгээд сонирхоорой. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-24 22:32

Тайваны дуучин Сарантуяа. МОНГОЛЫН ДУУЧИН ТАЙВАНД иргэншилтэй болсон уу.

Холбоотой мэдээ

Back to top button