Top StoriesТанд хэрэгтэйЭРҮҮЛ МЭНДЯрилцлага

Ж.Гантулга: Дэлгэцийн донтолтыг эмээр эмчлэх боломжгүй, СЭМҮТ-д утасгүй долоо хоног гэж бий

СЭМҮТ-ийн их эмч, сэтгэл засалч, донтох эмгэг судлаач Ж.Гантулгатай дэлгэцэд донтох эмгэгийн талаар ярилцлаа.

Хичээлдээ сонирхолгүй, үг авдаггүй, залхуу, бусадтай харилцах сонирхолгүй, баргийн зүйлд сэтгэл нь хөдөлдөггүй олон хүүхэд өсөж торниж байгаа юм биш биз...

-Ерөнхий ойлголтоос яриагаа эхлүүлье. Дэлгэцэд донтох эмгэгийг энгийнээр тайлбарлабал?

-Аливаа зүйл байх ёстой хэмжээнээсээ хэтрээд ирэхээр хүний амьдралын тэнцвэртэй байдал алдагдаж байгаа юм л даа. Зан үйлийн хүрээнд үүсэж байгаа донтох эмгэг буюу бидний дунд түгээмэл дэлгэрч байгаа асуудал бол дэлгэцийн хэтрүүлсэн хэрэглээ гэж хэлж болно. Учир нь компьютер, ухаалаг утас зэрэг хүний амьдралын салшгүй хэрэглээ болчихсон нийгэм, цаг үед бид амьдарч байна. Мэдээж хүн бүрийг дэлгэцийн хамааралтай гэж хэлж болохгүй. Үүнтэй адил бүх хүүхдийг дэлгэцийн донтолттой гэж хэлэх ч боломжгүй. Одоогийн бодит нөхцөл байдал буюу голчилж энэ асуудлын хүрээнд анхаарал хандуулах ёстой үе бол хүүхэд, өсвөр насныхан. Жишээлбэл, зургаадугаар ангийн хүүхэд байлаа гэж бодъё. Тэрхүү хүүхэд маань мэдээж хичээлээ тарж ирээд ямар нэгэн байдлаар гэрийн даалгавраа хийх ёстой. Гэтэл даалгавраа хойш тавиад гар утсаа үзээд эсвэл тоглоом тоглож байтал унтах цаг нь болоод унтчихаж байгаа бол энэ наад захын анхаарах ёстой асуудал гэсэн үг.

Хүн шөнийн нойрыг заавал бүтэн авч байх ёстой. Гэтэл унтах ёстой цагтаа унтахгүй шөнийн 2-3 цаг хүртэл утас үзэж байна гэдэг нь өөрөө бас л нэг дохио, сигнал. Тиймээс хүний амьдралд үзүүлж байгаа сөрөг нөлөөгөөр нь хэрэглээг баримжаалах боломжтой. Мөн хэдэн цагийг зарцуулаад байна вэ гэдгээр тооцоолж болно. Хоёр цаг дэлгэц үзэх нь хэвийн зөвшөөрөгдөх хугацаа бөгөөд үүнээс хэтэрч болохгүй. Харин хүүхдийн хувьд энэ хугацаа наснаас хамааран буурна. 

-Хамааралтай болж буйг нь хэрхэн анзаарч, мэдэх ямар боломжууд байна?

-Дэлгэцийн хамааралтай болж буйг анзаарч болох нэг зүйл бол олон удаа хэлүүлэх, татаж чангаалгаж, үглүүлж байж болих. Мөн чухал ажилтай түүнийгээ хийх ёстой гэдгээ мэдсэн хэрнээ утсаа үзээд ч юм уу тоглоод байдаг хүмүүс байна. Эдгээр хүмүүсийн өөрийгөө хянах чадвар нь дэлгэцийн хамаарлаас үүдээд суларсан гэсэн үг. Дээрээс нь зарцуулах цаг хугацаа нь улам л нэмэгдээд байдаг. 

Нөгөө талаас сэтгэл гутралтай холбоотой. Стрессээ мартахын тулд сатаарах байдлаар тоглох, удаан хугацаанд кино үзэх зэрэг нь энэ төрлийн донтолт руу мөн л хөтөлдөг. Тухайн тоглох юм уу кино үзэх хугацаанд тайван байж чадаж байгаа учраас энэ үйлдлээ давтах шалтгаан нь болдог талтай. Үнэндээ энэ нь стресс тайлж байгаа арга биш юм. Тиймээс түр аргацаах байдлаар сэтгэл гутралаа мартаж байгаа нэг хэлбэр мөн боловч бүр мөсөн ангижрах шийдэл биш. Иймд асуудлынхаа голыг иш үндсээр нь олж тогтоох арга замаар буюу өөр зүйлээр орлуулж түр мартах байдлаар биш бодит гарц хайх нь чухал. 

Эргээд дэлгэцийн донтолт дээр сурагчдын хувьд ярихад маш их хичээлдээ дургүй, бусадтай харилцах сонирхолгүй, хүний хэлсэнийг хүлээж авдаггүй, залхуу, баргийн зүйлд сэтгэл хөдлөлгүй буюу өөрөөр хэлбэл ерөөсөө л хийсвэр ертөнцөд амьдардаг олон олон хүн өсөж торниж байгаа юм биш биз дээ гэдэг асуудал. Үүнтэй холбоотойгоор эдгээр хүүхдүүд сайн аав ээж, боловсон хүчин, мэргэжилтэн болж ирээдүйд хэрхэн улс орноо хэрхэн авч явах вэ гэдэг одоогийн байдлаар том асуултын тэмдэг болчхоод байгаа. 

Дэлгэцийн хамааралтай болсон хүүхдэд хичээл ном маш сонирхолгүй, найз нөхөдтэйгөө уулзах, гэрийнхээ ажилд туслах зэрэг нь чухал биш. Ер нь интернеттэй л бол тухайн ертөнцдөө орж өөрийгөө тусгаарлаад тэндээсээ л таатай, тухтай мэдрэмжийг авч эхэлдэг. Гэтэл амьдрал ийм биш шүү дээ.  Сурдаг, боловсордог, хөгждөг, бусдын төлөө юм хийдэг, өөрийнхөө төлөө явдаг, хэцүү байгаа зүйлийг даван туулдаг, мэргэжил боловсрол эзэмшдэг, чадахгүй байгаа зүйлсээ чаддаг болохын төлөө хичээдэг, бусдаас тусламж авдаг гээд нийгмийн харилцаанаас олж авдаг зүйлс маш олон бий. Гэтэл эдгээр хүүхдүүд хүнтэй таван үг сольж, бодол санаагаа илэрхийлж чадахгүй ийм шинэ үе гарч ирэх дүр зураг ажиглагдаад байгаа. 

Эцэг эхчүүд, мэдэхгүй ээ өрөөндөө ороод хаалгаа хаачихдаг, гарч ирэхгүй гэж нийтлэг хариулдаг. Хамааралтай болсон хүүхдүүд бухимдуу, хүний үг авахгүй болчихдог. Ерөөсөө л би мэдэж байна, чадаж байна гэх хандлагатай.

-Эцэг эхчүүд юу хийх ёстой вэ?

-Биеэрээ үлгэрлэх л хэрэгтэй. Өөрөө утас их үздэг хэрнээ хүүхдээ боль гэж загнах нь хэр шударга билээ. Хоёрдугаарт хүүхэдтэйгээ асуух байдлаар ярилцах чухал. Ингэхдээ ширээний ард суулгаад заа ярь гэх биш өнөөдөр ямар өдөр байв, аль хичээл нь сонирхолтой байсан, эсвэл урлаг, спортын тэмцээн нь хэзээ болох билээ миний хүү оролцох уу гэдэг байдлаар. Асуудалд ингэж хандсанаар хүүхдийнхээ оюун санааны ертөнцөд юу болоод байгаа зэргийг ойлгож, мэдэхэд дөхөм болно. Гуравдугаарт шаардлагаа тавина. Ингэхдээ тунг нь тааруулах чухал. Хичээлээ хийчихээд тэдэн минут тоглоно, одоо утсаа тавиад хичээлээ хийе гэдэг ч юм уу. Эсвэл дэлгүүр ороо талх аваад ир, гэрээ жаахан цэгцэлчихье гэдэг ч юм уу зөв чиглүүлэх үүргийг  эцэг эх хүлээдэг. Ингэснээр утас үзэх хугацаа нь тодорхой хэмжээгээр буурч, сатаарч эхэлнэ л гэсэн ойлголт. 

Харин таваас доош насны хүүхдэд бол шууд хяналт тавихаас өөр аргагүй. Дэлгэцийн хамааралтай болохын нэг аюултай тал нь тэр асуудлын тойргоосоо тухайн хүн, хүүхэд өөрийн санаа бодол, хүсэл эрмэлзлэлээрээ гарч чадахгүй болох. Ийм үе дээрээ эцэг эхтэйгээ хамт байхад улам л төвөгтэй санагдаж эхэлнэ. Гэхдээ мэргэжлийнхний үздэгээр дэлгэцийг огт хориглох нь зөв шийдэл биш. Хүссэн хүсээгүй нийгэм цаг үе энэ хэрэглээг амьдралын өдөр тутамд хэрэглэхийг шаардаж байгаа учир бидэнд хэрэглээгээ зөв зохицуулах л сонголт үлдэж буй. 

Дэлгэцийн донтолтыг эмээр эмчлэх боломжгүй

-Өөрийгөө зөвтгөөд, хамгаалаад байгаа хэлбэр нь юуг илэрхийлэх үү?

-Донтох эмгэгт үгүйсгэл гэж шинж бий. Жишээ нь, манай ангийнхан бүгд л утсаа ухдаг. Би ганцаараа ийм байгаа юм биш гэдэг ийм зүйлийг яриад эхэлбэл шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж үнэлгээ хийдэг үнэлэмжээр тестлэж үзэх хэрэгтэй. Нөгөө талаас хүүхдүүд том болох тусмаа аав ээжийнхээ үгийг чухалчилж сонсохоо больдог. Жишээлбэл, аав ээж манай үеийнхнийг ойлгодоггүй юм чинь тайлбарлаад ч хэрэггүй, хэлж ярьж байгаа нь хоцрогдсон гэх байдлаар ханддаг ч юм уу. Ийм нөхцөлд бол миний хүү, охин энэ үйлдлээ зөв гэж байна. Тэгвэл энэ асуудлаа хоёулаа мэргэжлийн хүнд хандаад зөв хариултыг мэдэж авъя гэх байдлаар ойлголцож болно. Ер нь эцэг эхчүүд анзаараад эхэлчихсэн байна гэдэг нь өөрөө асуудлын эхлэл бий болчихсон байгааг л илэрхийлээд байгаа. 

-Донтолтын явцыг хэрхэн тодорхойлж байна, ямар аргаар? 

-Үндсэн арга бол асуумж. Өөрөөс нь болон эцэг эх, багш, найзаас нь буюу өөрийг нь сайн мэддэг ойр хүрээллийн хүнээс асууна, яриулна. Үүний үр дүнд донтолтын явцыг тодорхойлж сэтгэл заслын эмчилгээ авах уу, эмнэлэгт хэвтүүлэх үү гэдгийг шийднэ. Эхний энэ асуумжаар аваад эрсдэлтэй байгаа тохиолдолд мэргэжлийн сэтгэцийн эмч, донтох эмгэг судлаач эмч рүү явуулах нь чухал байна. Учир нь тухайн хүүхэд өөрөө өөрийнхөө хэрэглээг ухамсартайгаар хянах чадвар нь багасчихсан байгаа. Сүүлдээ бүр өөрийгөө хянах чадвараа алдана. Энэ нөхцөлд хичэээл ном гэх мэт бусад зүйлс огт хамааралгүй болчихсон байдаг. 

СЭМҮТ-д утасгүй долоо хонох эмчилгээ гэж бий. Мөн өдөр шөнөө ялгахгүй, нойр нь солигдчихсон ч юм уу хүнийг эмчилгээний дэглэмийн дагуу бүх гэрлийг нь унтраагаад орой есөн цагт оронд нь оруулна. Унтахгүй сэрвэлзээд байгаа нөхцөлд шаардлагатай бол ярилцаад нойрсуулах, тайвшруулах эмийг өгнө. 

Мөн өдрийн цагаар идэвхжүүлэх буюу дасгал хөдөлгөөн хийлгээд олон хүүхэд дунд байлгана. Энэ үед сатаарах буюу тархи амарч эхэлдэг. Мөн ганцаарчилсан болон бүлгийн сэтгэл засалд оруулдаг. 

-Сэтгэл засал талаасаа ямар зөвлөгөө өгдөг вэ? 

-Тайлбарлаж таниулах, урам дэм өгөх, ойлгуулах, ятгах, эсэргүүцээд байгаа зүйлийг нь хүлээн зөвшөөрүүлэхэд чиглэсэн байдлаар. Хамгийн наад зах нь сэтгэл санаа ямар байна, яамаар байна, өнөөдөр чиний хувьд ямар өдөр байв, хэлмээр байгаа зүйл байна уу гэдэг ч юм уу ийм байдлаар ярилцах чухал. Мөн утаснаас өөрөөр шагай орхиж, зураг зурж, шоо эвлүүлэх буюу биет зүйл рүү хөтлөх хэрэгтэй. Жишээ нь уул зур даа, гэр бүлээ зур даа гэдэг ч юмуу. Тухайн хүүхэд гоё зурах эсэх чухал биш ийм зүйлээр дамжин сатаарч, суух нь үр дүн. Энэ хамааралтай болсон хүүхдэд эмийн эмчилгээ маш бага яригдана. Эмээр эдгэх боломжгүй. 

"Хүн аливаа зүйлд донтохоороо түүндээ өөрт байгаа бүхнээ зориулахад бэлэн болдог"

-Хүүхэддээ утсаа өгч сатааруулж, саатуулдаг эцэг эх олон. Энэ буруу хэвшилд хэрхэн анхаарах вэ?

-Энэ хэв маягаар үргэлжилбэл ирээдүйд утасны хамааралтай маш олон хүүхэд л бий болно гэсэн үг. Гэхдээ ихэнх эцэг эхчүүд болохгүй гэдгийг мэддэг болчихсон хэрнээ яах ёстой вэ гэдэг аргаа л олохгүй байх шиг байна. Хүүхдийн сайн чаддаг, сонирхдог зүйлсийг багаас нь сайн ойлгож дэмжиж, хэвшил зуршил болгоход нь анхаарах чухал. Өөрөөр хэлбэл сонирхдог зүйлсийг нь утасны хэрэглээгээр хаагаад байх буруу. Сонирхолыг нь тасралтгүй дэмжсэнээр тэр зүйлдээ утаснаас илүү төвлөрдөг буюу утас үзэхийг илүүд үзэхгүй. Мөн утас авъя, үзье гэхгүй байхад нь үзүүлэх гээд байх шаардлагагүй. 

-Юм хэлэхээр ойлгоод хүлээж авах хэмжээний болчихсон хүүхэдтэй хэрхэн ойлголцох уу?

-Ийм хүүхдүүдтэй бол тохиролцох хэрэгтэй. Шууд болохгүй, боль гэх биш өөр зүйлээр тайвшруулах нь зөв. Хүүхдийн аав ээжтэйгээ ярилцахыг хүсдэг үе гэж бий. Өдөр болсон бүх зүйлээ ярихыг хүсдэг, сонсгохыг хүсдэг яг тэр үед нь харилцан ярьж, хариулж байх нь маш сайн. Аав ээж нь өөрийг нь сайн сонсдог, ойлгодог бол утас үзэхээс илүүтэй ярилцахыг л хүснэ. Ийм  сайн аав ээжүүд олон бий. 

-Утаснаас өөр зүйлд сатаарахаа больчихсон бага насны учир мэдэхгүй хүүхэд байдаг шүү дээ. Энэ нь юуг илэрхийлж байна? 

-Утаснаас хараат болж буй л нэг хэлбэр. Хүн аливаа зүйлд донтохоороо тэрийгээ олж авахын тулд өөртөө байгаа бүх юмаа зориулдаг. Жишээ нь тухайн зүйлээ мөнгөөр худалдаж авдаг байсан бол мөнгөгүй ч гэсэн ямар нэгэн аргаар хүнээс зээлээд ч юм уу авах. Энэ л донтолтын илэрхийлэл. Мөн хүүхдүүд дэлгэцийн хамаарлаас болж шээсээ тэвчих нь бий. Шээсээ тэвчиж байна гэдэг ч мөн адил энэ хэмжээгээрээ донтсон байна гэсэн үг л дээ. 

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гэрэл
Гэрэл
2023-04-01 12:58

Сайн мэдээлэл байна

Baaj
Baaj
2023-04-01 13:45

Good job.

Хжлан
Хжлан
2023-04-01 13:55

Энэ эмч үнэхээр өөрөө асууд�##�тай гар байна лэ

Зочиннн
Зочиннн
2023-04-02 08:28

Гэр хороололд шөнөжин тоглуулдаг компьютер тоглоомын газруудыг хаагаачээ

Холбоотой мэдээ

Back to top button