Б.Эрхэмбаяр их дуулгын медалийн салхийг хагалав

Жүдо бөхийн Антальягийн их дуулгын эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Б.Эрхэмбаяр мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр ийнхүү он гарсаар хоёр дахь их дуулгаасаа мөнгөн медаль хүртэж буй нь энэ юм. Тодруулбал, Б.Эрхэмбаяр жүдоч өнгөрсөн хоёрдугаар сард Парист үзүүрлэж байв. Түүний хувьд өчигдөр үдээс өмнө дэлхийн чансааг тэргүүлэгч, Молдавын Денис Виеру, дэлхийн дэд аварга Казахстаны Гусман Киргизбаев, ДАШТ-ий хүрэл медальт Израилийн Тал Фликкер тэргүүтэй шилдгүүдийг илүүрхэв. Харин финалын шатанд Францын Максим Гобертэй илт илүүрхэж барилдсан ч хансөкү макэгээр ялагдал хүлээсэн юм. Гэсэн ч энэ амжилт нь түүнийг дэлхийн аваргын дэвжээ рүү хөтлөхөөр боллоо.
Тус тэмцээнд манай улсын 20 шилдэг жүдоч зодоглох бөгөөд ДАШТ-ний өмнөх сүүлийн том сорилго гэдгээрээ онцлог болж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.