Тэд бидний тухай: ФИФА-гийн санхүүжилтээр монголчууд түүх бүтээж байна
ФИФА-гийн албан ёсны сайтад манай улсын хөлбөмбөгийн холбоо болон "Air Dome"-ийн нийтэлсэн мэдээг орчуулан хүргэж байна.
Өнгөрсөн пүрэв гарагт Монголын 17 хүртэлх насны эмэгтэйчүүдийн шигшээ баг Хонконгийн шигшээг хүлээн авч, нөхөрсөг олон улсын тэмцээнд оролцсон. Энэ нь тус улсын хөлбөмбөгийн түүхэнд мөнхөрсөн тоглолт юм. Учир нь тэдний шинээр "Air Dome"-д зохион байгуулсан анхны олон улсын тэмцээн байв.
Багийн ахлагч Д.Биндэръяа ФИФА-д өгсөн ярилцлагадаа ""Air Dome"-д нөхөрсөг тоглолт хийсэн нь гайхалтай байлаа. Гадаа цастай байхад бид санаа зоволгүй хөлбөмбөг тоглосон. Энэ байгууламж бидний цаашдын амжилтыг хөтлөх тавцан байх болно гэж найдаж байна" гэв.
Хонконгийн шигшээ багийн дасгалжуулагч Пак Лин Люсиа "Хонконгод цас ордоггүй тул би анх удаагаа цас харсан. Гэтэл ийм үед том хэмжээтэй агаарын бөмбөлөг мэт барилгад өрсөлдсөн нь сонирхолтой туршлага байлаа. Энд тоглох үнэхээр гайхалтай, өвөрмөц санагдсан" хэмээлээ.
ФИФА-гийн дэмжлэгээр Монголын хөлбөмбөгийн холбоо сүүлийн жилүүдэд хөлбөмбөгийн хөгжилд томоохон ахиц дэвшил гаргасан. Дэд бүтцийн хувьд 2018 онд Үндэсний шигшээ багийн бэлтгэлийн төвийн гэрэлтүүлэг бүхий шинэ талбайг ФИФА Форвард компани санхүүжүүлсэн юм. 2018-2021 онд Шинэ Яармагт өөр нэг хиймэл талбай, олон талт байгууламж барьжээ. Монголын хөлбөмбөгийн холбооны байранд байрлах хөлбөмбөгийн төвд байгальд ээлтэй талбайн засварын ажлыг хийсэн.
Тэмцээний хувьд авч үзвэл эрэгтэйчүүдийн шигшээ баг нь 2022 онд Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тэмцээний үеэр Брунейг хоёр үе ялж, анх удаа дараагийн шатанд шалгарсан түүхэн явдал болсон. Катар 2022 кампанит ажлын үеэр Монголын хөлбөмбөгийн холбооны төвд дэлхийн анхны сонгон шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан юм.
МХБХ тэднийг дараагийн шатанд гаргахыг зорьж байгаа ч өвөл байнгын сорилтуудыг дагуулсан. Арван нэгээс гуравдугаар сар хртэлх 15-30 хэмийн хүйтэн жавартай үед жилийн таван сарын турш хөлбөмбөгийн бүхий л үйл ажиллагаа зогсдог. Энэ салбарыг тогтвортой хөгжүүлэхийн тулд МХБХ-ноос Үндэсний шигшээ багийн бэлтгэлийн төвд одоо байгаа хиймэл зүлгэн дээр Агаарын бөмбөгөрийг босгох төлөвлөгөөг ФИФА-д хүргүүлсэн.
ФИФА болон МХБХ-ны хамтарсан хүчин чармайлтын үр дүнд энэ онд 114м x 82м x 29м хэмжээтэй Агаарын бөмбөгөр баригдаж дууслаа. Гадна 1мм зузаантай, дотор нь 0.5мм мембрантай, зэврэлтэнд тэсвэртэй, -45С-70С хүртэл температурыг тэсвэрлэх чадвартай юм. Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон ФИФА цаашдын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.