ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн тойм, анализ

Төсвийн зардлаа нөхөх зураглал буюу орлогыг "хүчээр" бүрдүүлсэн нь

Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд, нийт зарлагыг 20 их наяд төгрөг хэмээн баталсан. Энэ бол түүхэнд байгаагүй өндөр төсөв бөгөөд нэг их наяд төгрөгийн алдагдалтайгаар баталсан байдаг.

Тэгвэл энэ оны эхний улирлын байдлаар нэгдсэн төсвийн орлого 5.07 их наяд төгрөгт хүрчээ. Угтаа бол 4.87 их наяд төгрөгийн нэгдсэн төсвийн орлогыг бүрдүүлэн хэмээн тооцоолж байсан ч 193 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн байна.

Харин нэгдсэн төсвийн зардлыг энэ оны эхний улирлын байдлаар 5.3 их наяд байна хэмээн тооцоолж байсан ч 4.1 их наяд төгрөгийг зарцуулжээ. Товчхондоо бол 1.2 их наяд төгрөгийг анхны тооцооллоос хэмнэсэн гэсэн үг.

Тиймээс ч анх тооцоолсон дүнгээсээ бага хэмжээний мөнгө зарцуулж, орлого өссөн дүн нь эрх баригч намын хувьд олон нийтэд мэдээлж буй эерэг мэдээлэл мөн. Тэр дундаа үүнийг нүүрс тээврийг биржид шилжүүлж, амны үнийг хасаж, тонн тутмаас олж буй ам.доллар нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж буй. Тодруулбал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэхэд л эхний улирлын байдлаар 23.7 тэрбум байхаар тооцоолсон ч даруй 91 хувиар өсөж, 278 тэрбум төгрөгийг төсөвт орлого болгон төвлөрүүлжээ.

Тоон мэдээллээс харвал энэ нь сайн үзүүлэлт. Гэвч нөгөө талаараа анхнаасаа хэт тэлсэн, үрэлгэн төсөв баталсан тул тодотгол хийхээс зайлсхийж, зардалдаа тохирсон орлогыг хүчээр бүрдүүлж буй зураглалтай. Учир нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад төсвийн орлого хэдэн арав, зуун тэрбум төгрөгөөр өссөн тооцоололтой байгаа юм. Тухайлбал, татварын орлого 1.2 их наяд төгрөгөөр өссөн байна.

Үүнд,

  • ХХОАТ 100
  • Нийгмийн даатгалын орлого 200
  • Хөрөнгийн албан татвар 11
  • НӨАТ 158
  • Гадаад үйл ажиллагааны орлого 69
  • Бусад татвар, төлбөр хураамж 220 тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.

Татварын орлого эхний улирлын нэгдсэн орлогын 89 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар өссөн үзүүлэлт юм. Дээрх мэдээллүүдээс харвал төсвийн орлого нэмэгдсэн ч нөгөө талдаа зарлага буурах төсөөлөлгүй байна. Төв банкны гуравдугаар сарын тайланд дурдсан мэдээллээс харвал энэ онд улсын төсвийн зардал 2.3 их наяд буюу 13 хувиар тэлэх төсөөлөлтэй байгаа юм.

Эрх баригч намын зүгээс төсвийн орлого нэмэгдэх үед төсөвт тодотгол хийдэг хууль эрх зүйн орчин байхгүй бөгөөд орлого буурах үед л танах зориулалттай гэдгээ мэдээлсэн. Тэгэхээр орлого их олсон ч зарлага хэвээр байна гэсэн үг.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2010 онд баталснаас хойш нийт 20-30 гаруй удаа төсөвт тодотгол хийж өөрчилсөн талаар Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэвлэлд мэдээлж байв. Тэгэхээр сүүлийн 13 жилийн хугацаанд жилд дунджаар 1-2 удаа төсөвт тодотгол хийж байсан гэсэн үг. Анхнаасаа төсвөө батлахдаа алдагдалтай баталж, улмаар жил бүр тодотгол хийдэг байсан зураглалтай байгаа хэрэг. Улмаар төсвийн алдагдлаа өрөөр санхүүжүүлдэг жишиг тогтоод буй.

Энэ мэтээр асуудал бүрээс буруутанг хайсаар эцэстээ хуулийн буруу болон үлддэг. Тухайн асуудлыг шийдвэрлэхийн тулд хууль гаргаж, өөрчилж, шинэчилж, боловсруулдаг болов. Жишээ нь, УИХ-ын 30 гаруй гишүүн төсвийг тогтвортой байлгахын тулд Төсвийн тухай хууль болон Төсвийин тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, төсөвтэй холбоотой 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан юм. Хуулийн төслийн гол агуулга нь иргэн, аудитын байгууллага болон төрийн гурвалсан холбооны үр дүнд төсвийн хяналтыг бий болгоно хэмээж буй.

Хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэж баталсан ч дэлхийн эдийн засаг уналтад орвол хуулийн төсөл манатай үлдэнэ. Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулаад буй. Дэлхийн улс орнуудын эдийн засаг эрсдэлтэй нөхцөлд хэвээр байгаа энэ үед бид төсвийн орлогоо эхний улирлын жишгээр өөдрөгөөр харж, төсөөлөх боломжгүй. Орлого өссөөр байвч нөгөө талдаа зарлага буурахгүй бол энэ жилийн 4-6 хувийн эдийн засгийн өсөлттэй байх тооцоо хэр бодит байх вэ, бодох л асуудал юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button