Унгарын хөлбөмбөгийн холбооны "BLSZ II" лигийн "Швабхэдьж" клубт манай улсын тамирчин Ж.Эрдэнэзолбоо тоглож буй. Тэгвэл тэрбээр өнгөрсөн ням гарагт тус лигийн тоглолт дахь анхны гоолоо оруулжээ.
Тодруулбал, өдгөө 21 настай тэрбээр Монголын хөлбөмбөгийн холбооны шугамаар 2018-2019 онд Унгарын домогт хөлбөмбөгч Ференц Пушкагийн нэрэмжит академид суралцсан юм. Тэрбээр клубийнхаа нэгдүгээр багийн төлөөх анхны гоолоо "Сэнт Паал Академиа"-гийн эсрэг хийсэн тоглолтын 87 дахь минутад оруулж, эцсийн дүнд баг нь 7:1 харьцаатайгаар хожжээ.
Тоглолтын эхэнд зүүн жигүүрийн хамгаалагчийн үүрэгтэй тоглож байсан тэрбээр хоёрдугаар үеийн дундуур зүүн жигүүрийн довтлогч болж, сүүлийн 10 минутад төвийн довтлогчоор тоглосон юм.
Түүнд Унгарын хөлбөмбөгийн холбооноос 2023 оны нэгдүгээр сарын 19-нд албан ёсны зөвшөөрөл ирснээр "Швабхэдьж"-ийн хоёрдугаар багийн төлөө "BLSZ III" лигийн нэгдүгээр хэсгийн таван тоглолтод нэг гоол хийж байв. Харин нэгдүгээр багийн төлөө "BLSZ II" лигийн нэгдүгээр хэсгийн гурван тоглолтод ийнхүү нэг гоол оруулсан юм.
"Швабхэдьж" баг "BLSZ II" лигийн 19 тоглолтод 16 хожиж, нэг тэнцэж, хоёр хожигдсон амжилттай байгаа. Улмаар хүснэгтийн хоёрдугаар байрт жагсаж буй. Үлдсэн долоон тойргийн тоглолтоос шалтгаалан түрүүлэх, эсвэл хоёрдугаар байх эзлээд плей-оффын тоглолтод ялалт байгуулбал "BLSZ I" лиг рүү дэвших боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.