НИЙГЭМНийгэм ярилцлага

У.Дэлгэрхишиг: Хар тамхи хэрэглэгчдийн тоо 2030 онд 43 хувиар өсөх эрсдэлтэй байна

Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилсан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад У.Дэлгэрхишигийн 28-ны өдөр өгсөн ярилцлагыг сэргээн нийтэлж байна.

-Ярилцлагынхаа эхэнд хар тамхи гэдэгт юуг хамааруулдаг, хэрхэн тодорхойлдог талаар тайлбарлаж өгөхгүй юү?

-Манай улсын хуульд хар тамхи гэдгийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэмээн тодорхойлсон байдаг.

Мөн НҮБ-ын 1961 оны Мансуурах эмийн тухай, 1971 оны Сэтгэцэд нөлөөт эмийн конвенцод манай улс нэгдэн орсон. Уг конвенцын жагсаалтад заасан зүйлсийг хар тамхи хэмээн нэрлэж байгаа юм.

-Хамгийн сүүлд аялагч Амайгийн хэрэг олон нийтийн дунд төөрөгдөл, талцлыг үүсгэсэн. Тодруулбал, өвсийг хар тамхи хэмээн тооцох эсэх дээр олон нийт хоёр хуваагдсан шүү дээ?

-Манай байгууллагаас олон нийтэд хандаж мэдээлэл гаргасан. Уг мэдээлэлд НҮБ-ын Хар тамхитай тэмцэх хороо, ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийг 2020 онд арванхоёрдугаар сарын 20-ны хуралдаанаар хэлэлцэж, 1961 оны Мансууруулах эмийн тухай конвенцын дөрөвдүгээр жагсаалтад багтсан каннабис болон түүний давирхай зэргийг хассан боловч тус конвенцын нэгдүгээр жагсаалт буюу олон улсын хяналтад байлгах бодисын жагсаалтаас хасаагүй.

Тэгэхээр энэ бодисын хэрэглээг олон улсад зөвшөөрөөгүй гэсэн үг юм. Тиймээс Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хууль болон тухайн бодистой холбоотой аливаа үйлдэл нь хууль бус үйлдэл гэдгийг ойлгох хэрэгтэй.

Мөн Амайгийн хэргийг одоо мөрдөн шалгаж байгаа. Тиймээс хэргийн явцтай холбоотой мэдээлэл дурдах боломжгүй.

-Хар тамхитай холбоотой гэмт хэргийн 92 хувийг 18-35 насныхан эзэлж байна-

-Манай улсыг дамжин өнгөрүүлэх бус хэрэглэгч орон болсон гэдэг. Сүүлийн үеийн тоон мэдээллүүдээс дурдвал?

-НҮБ-ын Хар тамхитай тэмцэх албанаас гаргасан тайланд Монгол Улсыг 2010 онд хар тамхийг дамжин өнгөрүүлэх орон хэмээн тэмдэглэсэн байдаг. Харин 2014 онд хэрэглэгч орон болгож бүртгэсэн. Тэдний 2021 онд гаргасан судалгаагаар дэлхийн бага болон дунд орлоготой хөгжиж буй орнууд хар тамхитай тэмцэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэйг онцолсон.

Хэрэв сэргийлж чадахгүй бол бага орлоготой улс орны хэрэглэгчид 43, дундаж орлоготойнх 10 хувиар тус тус нэмэгдэх тооцоог гаргасан. Манай улс бага орлоготой улсад хамаардаг тул 2030 он гэхэд хар тамхи хэрэглэгчдийн тоо 43 хувиар нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсаар байна.

-Хар тамхитай холбоотой хэрэгт хэчнээн хүнийг шалгав?

-Сүүлийн зургаан жилийн хугацаанд хар тамхитай холбоотой хэрэгт 1500 орчим хүнийг шалгасан байна.

-Хэд орчим насных нь зонхилж байх юм?

-Хар тамхитай холбоотой хэрэгт 18-35 насных нь зонхилж байгаа бөгөөд нийт гэмт хэргийн 92.3 хувийг эзэлж байна. 13-25 насных нь гэмт хэргийн 54.8 хувийг эзэлж байгаа статистик мэдээллийг гаргасан.

-Судалгаанд оролцогчдын 41.5 хувь нь найз нөхдийн хүрээллээс хар тамхины мэдээллийг авч байна-

-Хар тамхи хэрэглэгчид залуу байна. Тэр дундаа өсвөр насныхан холбогдож байгаа юм байна. Үүнтэй холбоотой судалгаа бий юү?

-Өсвөр насныхны дунд хар тамхины хэрэглээ, ойлголт, мэдлэгийн талаарх судалгаа явуулсан. Судалгаанд оролцогчдын 51 хувь нь цахим орчин, 41.5 хувь нь найз нөхдийн хүрээллээс хар тамхины талаарх мэдээллийг авч байна.

Уг судалгаа нь юуг харуулж байна вэ гэвэл хүүхдүүд хар тамхины талаарх үнэн бодит мэдээллийг эцэг эх, нийгмийн ажилтнаасаа авахгүй байна гэсэн үг. Энэ нь хүүхдүүд мэдээ мэдээллийн төөрөгдөлд буйг харуулж байгаа юм.

Мөн хүүхдүүд, хар тамхи хэрэглэж мансуурсан хүмүүсийн дунд анх удаа хэрэглэж үзэх нөхцөл нь юу байсан талаар судалгаа явуулсан. Судалгаанд оролцогчдын 80 орчим хувь нь найз нөхдөө даган дуурайсан, эх сурвалжгүй мэдээлэлд итгэсэн тооцоо гарсан. Тэгэхээр хар тамхи өсвөр насныхны найз нөхдийн хүрээлэл дунд тархсан, нөлөөт зүйл болоод байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ танил, найз нөхдийн хүрээллийг нь анзаарах хэрэгтэй.

-Тэдэнд чиглэсэн ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд "Анзаар" нэртэй аяныг зохион байгуулсан. Үүний хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн холбогдох салбар зөвлөлүүдтэй хамтран аяны хүрээнд 45 мянган хүнд сургалт орлоо. Ахуйн хэрэглээний зүйл үнэрлэн мансуурсан хүүхдүүдийг олж тогтоон тэдэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгч, Сэтгэцийн эрүүл мэнд төвд холбон ажилласан.

Энэ онд манай байгууллагаас Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон Боловсролын ерөнхий газартай хамтарч улсын хэмжээнд "Анзаар" аянаа зохион байгуулж байна. Хүүхдүүдэд хараа хяналт тавих эцэг эх, багш, нийгмийн ажилтанд хар тамхины талаарх ойлголт мэдээлэл байхгүй байна. Хар тамхи хэрэглэсэн тохиолдолд хэрхэн илрүүлэх, таних, асуудал гарвал хаана хандахаа мэдэхгүй байгаа тохиолдол их байгаа тул эрх зүйн талаар, шинж тэмдгээр таних, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа.

Энэ сарын байдлаар 11 аймгийн хэмжээнд 25 мянган хүнд урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.

-Ямар ч насны иргэн сайн дураар мансууруулах бодисын шинжилгээ өгөхөд нь баривчилж, ял оноодоггүй-

-Хэрэв хар тамхи хэрэглэсэн, зөөвөрлөсөн, тарьж ургуулсан, нуусан байвал хуулийн дагуу ямар ял оноох вэ?

-Эрүүгийн хуулийн 20.7.1-д зааснаар Мансууруулах эм, бодис болон түүний түүхий эдийг худалдах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан, бэлтгэсэн бол 1-5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэдэг.

Мөн тус хуулийн 20.7.2-т зааснаар мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилготой олж авсан, бэлтгэж, боловсруулж, хадгалан, тээвэрлэсэн бол 2-8 хүртэлх жилийн хугацаатай хорих ялаар шийтгэнэ.

-Насанд хүрээгүй хүүхэд хэрэглэвэл?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан насны ангиллаараа хэрэг хүлээнэ.

-Эцэг эхчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Ямар ч асуудал тулгарсан мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөдөг. Эцэг эхчүүд асуудал үүсвэл өөрсдөө шийдвэрлэхийг эрмэлздэг юм. Олон нийтийн дунд буруу ойлголт бий. Энэ нь хүүхдээ сайн дураар цагдаагийн байгууллагад мансууруулах бодисын шинжилгээ өгүүлбэл насаар нь хар тамхичин гэж нэрлэж, хорих байх гэж боддог.

Огтхон ч тийм биш. Хуульд зааснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бол ялаас чөлөөлдөг. Тэгэхээр та асуудал гарсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандвал эрт үед нь илрүүлж, донтогч хэрэглэгч болохоос нь өмнө хамтдаа тэмцэх, урьдчилан сэргийлэхэд чиглэж ажиллаж байгаа. Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдэдээ мансууруулах бодисын шинжилгээ хийлгэхээр ирэх нь өссөн. Энэ бол нэг талаараа бидний аяны үр дүн хэмээн харж байгаа.

Тэр ч утгаараа шаардлагтай хүнийг наркологи болон сэтгэцийн байгууллагуудад холбон зуучилж өгч байна. Хамгийн чухал зүйл нь иргэн та сайн дураар мансууруулах бодисын шинжилгээг өгснөөр барьж, хоригдох эсвэл ял авна гэж эмээх шаардлага байхгүй гэдгийг ойлгоорой.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
HEND HAMATAI YUM
HEND HAMATAI YUM
4 сар 28, 2023 18:57

Та нар нам дарах арга хэмжээ авахгүй зарим тагнуулын ч билүү ТҮ гээр гараад байсан өөрсдөө татдаг гээ биз дээ? Бараг амьжиргаа болчихсон юм биш үү? 30% гээд байх юмгүй. Одоо дарж ав. ИРЭЭДҮЙД ҮР ХҮҮХЭД АЧ НАР ЧИНЬ ХЭРЭГЛЭГЧ БОЛЧИХСОН ТУУЖ ЯВХЫГ ҮГЙҮСГЭХГҮЙ. ӨНӨӨДРИЙН УУШИГНААС МАРГААШИЙН ӨӨХ ГЭЖ АЛСАА ХАР ТА НАР!!

Холбоотой мэдээ

Back to top button