Нийгмийн

Сувилагчдын өдөр: 2-3 хүний ажлыг зэрэг гүйцэтгэж 790-1.1 саяын цалин авдаг

“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг жил бүрийн тавдугаар сарын 12-нд дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж байна.

Манай улсын эрүүл мэндийн салбар сувилагчийн хүний нөөцийн хомстолтой яваа. Тийм ч учраас өнөөдөр нэг сувилагчид ногдох өвчтөний тоо 2-3 дахин нэмэгдэж, тэд хоёр гурван хүний хийх ажлыг ганцаараа гүйцэтгэж байна.

Тэд ямар нөхцөлд ажиллаж, хэдэн төгрөгийн цалин авч, хэрхэн амьдарч буйг цухасхан хөндлөө.

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг ахлах сувилагч Ж. Долгормаа: Бид 2-3 хүний ажлыг дангаараа гүйцэтгэдэг

Миний хувьд сувилагч мэргэжлээр 22 дахь жилдээ ажиллаж байна. Цалин бага, ажлын ачаалал маш их. Бид 2-3 хүний ажлыг дангаараа хийж гүйцэтгэдэг. Учир нь сувилагчийн мэргэжил  хомсдолтой байгаатай холбоотой.  Миний үндсэн цалин 959,000 төгрөг. Нэмэлт урамшуулал бас бий.  Мэдээж цалин хангалттай хүрэлцээтэй биш.

Нийслэлийн түргэн тусламжийн төв сувилагч Б. Энхбаатар: Үндсэн цалин нэг сая төгрөг

Би 8 дахь жилдээ ажиллаж байна. Манайх онцлогтой  24 цаг ажиллаж, 48 цаг  амардаг. Үндсэн цалин 1,000,000 төгрөг байгаа. Цалингаа зээлэндээ өгөөд, цалингаас цалингийн хооронд л амьдарч байна.

Улсын хоёрдугаар төв эмнэлэг  Сувилагч А. Мөнхцэцэг: 33 дахь жилдээ сувилагчаар ажиллаж, 830 мянгын цалин авдаг

Би 33 дахь жилдээ сувилагчаар ажиллаж байна. Миний цалин 830,000 төгрөг, хангалтгүй шүүдээ. 500 гаруй мянгаа зээлэндээ өгчихнө. Цалин хаандаа ч хүрэхгүй. Тийм ч болохоор сувилагчийн хомсдолд манай улс өртөөд байгаа болов уу. Сувилагч нарын нийгмийн асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй.

Улсын 3-р төв эмнэлэг Сувилагч Д. Долгор-Өлзий:

Би мэдээгүйжүүлэлт эрчимт эмчилгээний сувилагч. Ажлын нөхцөл хүнд байдаг ч сувилагч мэргэжил сайхан. Миний сарын цалин 790,000 төгрөг. Хортой нөхцөлд ажиллаж байгаа гэдгээрээ нэмэгдэл орж, нэг сая жаахан гаргаж авч байна. Илүү цагаар ажиллана, энэ нь мэс засал хэр хугацаанд үргэлжлэхээс хамаарна.

Улсын хоёрдугаар төв эмнэлэг Ахлах сувилагч Б. Санчирмаа: Өрнөөс өрний хооронд амьдарч, хувцсаа зээлээр авдаг

Мэс заслын сувилахуйгаар 28 дахь ажилдээ ажиллаж байна. Өнгөрсөн жил хүртэл 800,000 төгрөгийн цалинтай байсан. Сүүлд манай эмнэлгээс 30 хувь нэмсэн ингээд 1,100,000 төгрөгийн цалинтай болсон. Өрийн систем гэдэг шиг өрнөөс  өрний хооронд л явж байна. Сарын сүүлийн цалингаа зээлэндээ өгнө. Үлдсэн бага мөнгө нь хоол унаандаа зарцуулаад дуусна. Харин хувцас бусад зүйлээ зээлээр л авдаг даа.

Н.СУМЪЯАСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button