УРЛАГ

"Art Week": Б.Маналжавын "Хадаг" концепц хүчирхэгжсээр байна

Дүрслэх урлагийн долоо хоног буюу "Art Week" эдгээр өдрүүдэд гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Соёлын яам, Монголын Урчуудын эвлэл хамтран зохион байгуулдаг энэ удаагийн "Дүрслэх урлагийн долоо хоног"-т 42 уран бүтээлч бүтээлээ дэлгээд байгаа юм.

Харин куратораар энэ жил Б.Бат-Эрдэнэ, Б.Баатарзориг нар ажиллажээ.

ХХААХҮЯ-ны Судалгаа шинжилгээний төвийн байранд дэлгэгдсэн "Art Week" концепцын хувьд хүчтэй, дэглэлтийн хувьд залуу болоод туршлагатай уран бүтээлчдээ зааглан үзүүлсэн онцлогтой байна. Олон сонирхолтой бүтээл буй. Жишээ татвал, Монголын контемпорари дүрслэх урлагийн анхдагчдын нэг Ё.Далх-Очир, урлаг судлаач М.Батзориг болон бусад нэр хүндтэй, бүтээл нь хүлээлт үүсгэхүйц уран бүтээлчид оролцжээ.

Харин үзэсгэлэнд концепц нь улам бүр хүчирхэгжиж, биелэл зохирлоо олсоор буй нэгэн уран бүтээлч бол Б.Маналжав.

Тэр өмнө нь Богд ууланд интерактив бүтээл хийж, тарвасыг хүмүүсийн алив нэг эд зүйлээр солин авч байлаа. Тарвасаар сольж авсан тэр эд зүйлсээ Б.Маналжав эвлүүлэн, бүтээл дэлгэсэн удаатай.

Түүний энэ экологич концепц дараа нь хадаг гэдэг элементэд шилжсэн.

Б.Маналжав хөдөө орон нутаг дахь, модонд уяж орхисон хуучин хадгуудыг түүн цуглуулах их ажилд ханцуй шамласан юм. Үүгээрээ хэд хэдэн инстолляц хийсэн байдаг.

Харин энэ удаа Б.Маналжав хуучин хадгуудаа усны саванд хийжээ. Тэдгээрийгээ цонхон дээр сонирхолтой байдлаар дэглэж, инстолляц болгосон байгаа юм. Үүгээрээ улам бүр үнэ цэн нь өсөн нэмэгдэж буй чандмань эрдэнэ усыг дахин нэг сануулсан.

Эсрэгээрээ, пластик хог хаягдалтай уяснаараа экологич үзэл санаагаа ч илэрхийлсэн байна. Хананд тулсан хэсэг илүү их хадагтай. Цэнхэр хадаг нь усыг илэрхийлэх мэт. Дээрээс ус гоожин, цонх даган дуслах мэт энэ дүрслэл яв явсаар эмх цэгцтэй өрсөн, усны сав бүхий хадгуудад тулж очиж байгаа юм. Ингэснээрээ давхар, орчин үед усыг худалдаж авдаг болсон эмгэнэлт дүр дургийг ч үзүүлэхийг зорьсон мэт.

Мэдээж нөгөө талдаа, байгалиас түүсэн хуучин хадаг гэдэг мухар сүсэгт автан, байгаль дэлхийгээ үл огоорч буй бидний ухвар мөчид хандлагыг ч хөндөж байна.

Уран бүтээлч тодорхой концепц, өөрийн гэсэн элемент, илэрхийллээ барьж аван, дуу хоолойгоо олохоор тууштай ажиллахын мөн чанарыг Б.Маналжаваас харж болохоор байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-31 00:39

Хадгииг монголчууд мухар сусгээр амьд мод, баиг�##�ииг боимолж, хаа саигуи хог мэт болгож баиг�##�ииг бохирдуулж баина

Холбоотой мэдээ

Back to top button