УРЛАГ

"Art Week": Б.Дөлгөөний зөөлөн, нууцлаг дуу хоолой "Нарны гэрэл"-д тэмүүлсэн нь

Дүрслэх урлагийн долоо хоног буюу "Art Week" эдгээр өдрүүдэд гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Соёлын яам, Монголын Урчуудын эвлэл хамтран зохион байгуулдаг энэ удаагийн "Дүрслэх урлагийн долоо хоног"-т 42 уран бүтээлч бүтээлээ дэлгээд байгаа юм.

Харин куратораар энэ жил Б.Бат-Эрдэнэ, Б.Баатарзориг нар ажиллажээ.

ХХААХҮЯ-ны Судалгаа шинжилгээний төвийн байранд дэлгэгдсэн "Art Week" концепцын хувьд хүчтэй, дэглэлтийн хувьд залуу болоод туршлагатай уран бүтээлчдээ зааглан үзүүлсэн онцлогтой байна. Олон сонирхолтой бүтээл буй. Жишээ татвал, Монголын контемпорари дүрслэх урлагийн анхдагчдын нэг Ё.Далх-Очир, урлаг судлаач М.Батзориг болон бусад нэр хүндтэй, бүтээл нь хүлээлт үүсгэхүйц уран бүтээлчид оролцжээ.

Тэдний дунд ноднин Францын нийслэл Парис хотноо гурван сарын турш “Cité internationale des arts” хөтөлбөрт хамрагдсан Б.Дөлгөөний шинэ бүтээл дэглэгдсэн байгааг онцолж байна.

Б.Дөлгөөний хувьд загвар зохион бүтээгч мэргэжилтэй ч контемпорари урлагт хүчтэй бүтээлүүдээр өнгө нэмж буй уран бүтээлч. Тэр зөөлөн баримал, оёдол хийхээс гадна зурдаг. Өөрийн гэсэн дотоод хуу хоолойгоо барьж авсан, элементээ олсон, илэрхийлэмж нь нэгэнт "Энэ Б.Дөлгөөнийх байна" хэмээн танигдахуйц хэмжээнд төлөвшсөн нэгэн юм.

Францын “Cité internationale des arts” хөтөлбөрт оролцсоноос нь хойш харж буй хамгийн шинэлэг өнгө төрх энэ удаагийн "Art Week" дэх "Мөр" бүтээлээс ажиглагдлаа.

Нэгдүгээрт, Б.Дөлгөөн өмнө нь хүнд өнгө сонгодог байсан. "Мөр"-ийг бүтээхдээ тааран гэмээр материалыг ашиглахдаа, зөөлөн, хуучирсан, эмзэг, нэвт харагдам өнгийг сонгосон байна.

Хоёрдугаарт, түүний оёмол бүтээлүүд нэг бол хувцас загварын хэлбэртэй, эсвэл жижиг хэлбэртэй, зураг мэт деталь элементүүдийг агуулдаг. Харин "Мөр"-ийг том хэмжээтэй бүтээж, таазнаас өлгөн унжуулсан бөгөөд, энгийн цөөн элемент шигтгэснээрээ онцлог болж байна.

Бүтээлийг гэрэл нэвт тусахуйц нимгэн хананы наана байрлуулсан. Ингэснээр өөрийн үндсэн материал нь гэрэлтэх хэрээр нарны гэмээр алтан шаргал өнгийг бий болгож байна. Нарны өөдөөс ширтэж буй ч юм шиг дулаан бөгөөд эрмүүн, тэмүүлэлт мэдрэмжийг өгчилгөнө.

Харин суурь материал хоёр хэсэг. Түүн дээр эртний уламжлалт зургийн элемент бүхий усан давлагаан дүрслэлийг оёжээ. Давлагаа бүрийн оёдлоос утас нь нааш гарч ирэн, зориудаар унжсан. Унжсанаар өлгөөтэй инстолляцын хэлбэр, илэрхийлэмжийг дэмжиж буй. Түүнчлэн, унжсан утас бүрийг хөөн мөшгөвөөс аль нэг давлагаан дүрслэл, түүний оёдол хамтгамлын нэг хэсэгт хүрч буй. Наран нэвт гэрэлтсэн эерэг, өөдрөг фон дээрх намуухан давлагаан дүрслэл аливаа хувь тавилан, түүх, зам мөрийн нэгэн гэрчлээс мэт. Тэр бүгд нарны гэрэлд уясан задрахдаа хэсэг гогцоо бүрээ үзэгчдэд интерактив байдлаар унжуулсан гэлтэй.

Б.Дөлгөөний хувьд дээрх хоёр онцлогоороо шинэ бүтээл туурвисан ч түүний тийм гэхийн тэмдэггүй бүгт чимээгүй, нууцлаг бөгөөд асар зөөлөн дуу хоолой давтагджээ. Харин ихэвчлэн бараан атмосферийг "дууддаг" Б.Дөлгөөн өөрийн зөөлөн, нууцлаг хэлэмжийг ийн өөрчилсөн нь ихээхэн хүчтэй мэдрэмж төрүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button