УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Даатгалын тухай хуулийн шинэчлэлтээр малчид нөхөн төлбөр авах боломжгүй болсон"

УИХ-ын гишүүн Н.Ганибал Сүхбаатар аймагт ажиллаад ирсэн билээ. Тэгвэл энэ үеэр ҮХӨ-ийг хэлэлцэхээс илүүтэй тус аймагт болсон гамшгийн асуудлаар ажиллаж яваад ирсэн талаараа дурдсан юм.

Тэрбээр "Манай Сүхбаатар аймагт байгалийн давагдашгүй хүчин зүйлээс улбаатай гамшиг болсон. Аймгийн засаг дарга, удирдлагуудрай газар дээр нь ажиллаж байгаад ирлээ. ҮХӨ-ийг ярихаас илүүтэй иргэдийн амьдралд шууд хохирол учирсан цаг үе байсан тул үүнд анхаарсан.

Сүхбаатар аймгийн хувьд 500 гаруй мянган мал хорогдсон. Энэ асуудалд манай бүлгийн зүгээс УОК-т тодорхой саналуудыг тавих зайлшгүй шаардлага тулгарлаа. Малчид малын даатгалд сайн хамрагдсан ч хуулийн төсөлд тодорхой хэмжээний өөрчлөлт орсон байна. Үүнд, тухайн гамшиг таван сумыг хамарсан, нийт хорогдсон малын зургаан хувь нь даатгалд хамрагдсан бол нөхөн олговрыг 100 хувь олгодог байсан. Банкны зээл авсан малчин бүр даатгалд хамрагдсан юм байна.

Гэвч даатгалын хэлбэр өөрчлөгджээ. Тодруулбал, төрөл төрөл дээр зургаан хувь хэмээн зааж өгсөн байна. Энэ нь бараг л луйврын шинжтэй болсон байгаа юм. Энэ асуудлыг Засгийн газартай тодорхой ярихгүй бол малчид төөрөгдөлд орохоос гадна даатгалтай гэх утгаараа сэтгэл амар байсан. Харамсалтай нь даатгал авах боломжгүй нөхцөл байдал үүслээ" гэсэн юм.

Мөн даатгалтай холбоотой асуултад дараах тайлбарыг өглөө.

-Даатгалын зургаан хувиа тодруулахгүй юу?

-Малын индексжүүлсэн даатгал гэдэг нь энэ юм. Тодорхой хувь тавиад малаа даатгуулсан хүмүүс тодорхой хувь авдаг. Энэ хууль 10 гаруй жил болж байна. Малчид энэ хугацаанд даатгуулсан байна шүү дээ. Гэтэл өнөөдрийн ийм том хэмжээний гамшиг болсон байхад малчид даатгалаас нөхөн төлбөр авч чадахгүй байна гэдэг нь даатгалын хууль үйлчлэхгүй байна гэсэн үг.

Монголын нөхцөл байдалд таараагүй систем байна шүү дээ. Төрөл төрлөөр гэдэг нь тухайн сумын нийт үхрийн зургаан хувь нь гамшигт үхсэн байвал нөхөн төлбөр авна гэсэн үг. Хонь, ямаа, адуу гэх мэтээр ингэж төрөлжүүлж байгаа хэрэг. Бид ч буруу ойлголттойгоор өнөөдрийг хүртэл явсан байна. Даатгалаасаа мөнгө авч чадахгүй бол даатгал байгаад яах юм.

-Сүхбаатар аймгийн хохирлын хэмжээ хэд орчим байна?

-100 гаруй гэр хийсэж, алга болсон. 50 гаруй байшингийн дээвэр хийссэн байна. Мөн тодорхой хэмжээний холбооны цамхаг бүтнээрээ нурж унах, төлтэйгөө нийлээд 500 орчим мянган мал хорогдсон. Энэ нь аймгийн хэмжээн дэх нийт малын 10 орчим хувь нь юм.

-Индексжүүлсэн даатгалд ямар компаниуд ордог вэ. Малчид жилд хэд орчим төгрөгийг даатгалд төлдөг бол?

-Монгол Улсын ихэнх даатгалын компаниуд орж байгаа. Үүнд орон нутагт даатгалын салбартай бүхий л даатгалын компаниуд малын индексжүүлсэн даатгалд хамруулдаг юм. Индексжүүлсэн даатгал давхар даатгалтай. Даатгалын компани нөхөн олговор олгох боломжгүй бол давхар даатгалаас нөхнө олговор өгч, малчдын хохирлыг барагдуулдаг.

Малчид малынхаа эрэлд явж байна. Хорогдсонг нь баталж, гаргаж ирэхгүй л бол даатгалаас нөхөн төлбөрөө авах боломжгүй. Мөн хорогдсон малын тоо ч нэмэгдэх эрсдэлтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button