Энэтхэг: "Чандраян-3" аппаратаа ирэх сард сар руу хөөргөнө

Дэлхийн улс орнууд сарыг судлахаар өрсөлдөж буй. Тэгвэл энэ үеэр Энэтхэг улс ч мөн адил сарыг судлахаар илгээх гурав дахь аппарат болох "Чандраян-3"-ыг долоодугаар сард хөөргөхөөр болсон талаар Шиньхуа агентлаг мэдээллээ.
Энэ талаар тус улсын Сансар судлалын байгууллага буюу ISRO-ын дарга С.Соманат мэдэгдсэн байна.
Тэрбээр Энэтхэгийн өмнөд хэсгийн Андхра Прадеш мужийн Бенгалийн булангийн Шрихарикота арлын сансрын буудлаас хоёр дахь үеийн навигацын хиймэл дагуул болох "NSV-01"-ийг амжилттай хөөргөсний дээрх мэдэгдлийг хийсэн юм.
Тэгвэл энэ удаагийн сар руу нисгэх "Чандраян-3" аппарат хоёрдугаар сард гол туршилтаа амжилттай давсан тул ирэх сард хөөргөхөөр болж буй. Харин түүний өмнөх загвар болох "Чандраян-2" аппаратыг 2019 оны долоодугаар сарын 22-нд Шрихарикота арлаас хөөргөж байв. Гэвч тус оны есдүгээр сарын 7-нд саран дээр зөөлөн газардах оролдлого хийхийн өмнөхөн холбоо нь тасарсан билээ. Хожим НАСА тус аппаратын үлдэгдлийг олсон тухай мэдээлж байсан юм.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.