НИЙГЭМНийгэм мэдээНийгэм ярилцлага

"Цус багадалттай хүн ч цусны донор болох боломжтой"

Сар бүрийн 3-ны өдрийг Цусны донорын үндэсний өдөр болгосон билээ. Учир нь зуны улиралд цусны нөөц багасаж, түүний эрэлт, хэрэгцээ нэмэгддэг билээ. Энэ талаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн мэргэжилтэнтэй ярилцлаа. 

-Зуны улиралд цусны нөөц багасдаг гэсэн энэ үнэн үү. Цусны нөөц хангалттай байгаа юу? 

-Монгол Улс төдийгүй дэлхий нийтэд зуны улиралд цусны нөөц түр хугацаанд багасдаг нь тогтоогдсон. Зуны амралт, аялал эхэлснээр донор хомсоддог төдийгүй цусны эрэлт эрс нэмэгддэг. Ялангуяа хоёрдугаар бүлгийн цусны нөөц хомсоддог юм. 

Энэ жил болзошгүй нөхцөл байдлаас сэргийлж, дөрөвдүгээр сараас хойш цусны нөөцийг тогтвортой хангах, нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх төлөвлөгөө гаргаж ажилласан. Одоогоор нөөц хэвийн хэмжээнд хангагдсан гэж хэлж болохоор байна. 

-Цуглуулсан цусыг хэдий хэр хугацаанд хадгалах боломжтой вэ? 

-Цусаар 34 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тус бүрийн хадгалах хугацаа өөр өөр. Жишээлбэл 3-5 хоног хадгалдаг цусны бүлгэнэлтэд оролцдог бүтээгдэхүүн байхад, зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг таван жил хүртэл хадгалдаг.  

Бид тогтмол цус цуглуулж байж л богино хугацаатай,  хадгалах боломжгүй бүтээгдэхүүнийхээ нөөцийг хангаж чаддаг юм. 

-Ямар бүлгийн цус эрэлттэй байна? 

-Хүн амын ихэнх хувь нь нэг, гуравдугаар бүлгийн цустай. Иймээс хоёр, дөрөвдүгээр бүлгийн цус хомсдолтой байдаг юм. Мөн хүн амын нэг хувь нь сөрөг бүлгийн цустай байдгаас тухайн бүлгийн цусны эрэлт их байдаг. 

-Ямар тохиолдолд цусны донор болох боломжгүй вэ. Хүмүүс цус багадалттай тохиолдолд цусны донор болох боломжгүй гэж боддог? 

-Донор гэдэг тусгай хүмүүс биш. Бүх эд эрхтэн нь эрүүл 17-60 настай хүн донор болох боломжтой. Үүнд цус багадалттай хүн ч хамаарна.  

Харин цусаа өгөхийг түр болон бүрмөсөн хориглосон хэд, хэдэн шалтгаан бий. Тухайлбал, ямар нэгэн халдварт өвчин, элэгний B, C вирус, мөн шарласан бол цусаа өгөх боломжгүй юм.  

Хэрвээ жирэмсэн, хөхүүл, мэс заслын жижиг ажилбар хийлгэсэн, сүүлийн зургаан сар шивээс хийлгэсэн, шүдээ авхуулсан бол түр хугацаагаар донор болох боломжгүй.

-Цусны донор болсноор биед гарах өөрчлөлтөөс дурдвал? 

-Цус бол тодорхой хугацаанд нөхөн төлжөөд хэвийн хэмжээндээ очих боломжтой шингэн эрхтэн гэж үздэг.  

Нэг удаа цус өгснөөр гурван хүний амь нас аврах боломжтой. Нөгөө талаараа байнга эмчийн хяналтад байдаг, шаардлагатай үзлэг эмчилгээнд байнга хамрагддаг. 

Цусаа өгснөөр зүрх судасны өвчин, мөн сүүлийн үед ихээр яригдаад байгаа хавдрын өвчлөлөөс сэргийлдэг гэх зэрэг олон төрлийн давуу тал байдаг.  

-Нэг удаадаа хэчнээн хэмжээний цус өгөх боломжтой вэ. Хэчнээн хугацаанд нөхөн сэргээгдэх боломжтой гэж үздэг вэ? 

-Донорын биеийн жингээс хамаараад 350-400 мл цусыг нэг удаадаа өгөх боломжтой. Энэ нь 24 цагийн дотор нөхөн төлжиж хэвийн байдалд шилждэг.  

-Цус өгөх хоорондын хугацааны хувьд? 

-Эрэгтэй хүн хоёр сард нэг, эмэгтэй хүн гурван сар тутамд нэг удаа цусаа өгөх боломжтой. 

-Цусаа өгсөн хүмүүс юунд анхаарах вэ? 

-Цус өгсний дараа анхаарах хэд хэдэн зүйл бий. Үүнд, зүү хатгасан боолтыг дөрвөн цагийн дотор авахгүй байх. Ууланд авирах, алсыг харагч дээр гарах, биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийхээс татгалзах зэрэг багтана.  

Мөн цус өгсний дараа 15 минутаас доошгүй хугацаанд амрах, саунд орохгүй, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, тамхи татахгүй байхыг зөвлөдөг.  

-Монгол Улсад тогтмол цусаа хандивладаг хэчнээн хүн байдаг вэ. Тухайн донорууд хангалттай нөөц бүрдүүлж чаддаг уу? 

-Байнга цусаа хандивладаг хүндэт донорууд 2700 гаруй байдаг.  

Нийт хүн амын 1.5 хувь буюу 10 мянган хүн тутмын 15 нь цусаа хандивладаг бол цусны нөөц хангагдана гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөдөг. Улаанбаатар хотын хувьд 10 мянган хүнд 18-20, хөдөө орон нутагт 10 орчим байдаг. Хөдөө орон нутагт цусны хэрэглээ харьцангуй бага байдаг тул донорын тоо хангалттай байна гэж үздэг. Хэрэглээтэйгээ уялдуулж цусаа цуглуулахгүй бол илүүдэл, ашиглагдахгүй цус гарах, эдийн засгийн хувьд ч үр ашиггүй зардал гарах зэрэг нөхцөл байдал үүсдэг.  

Цусны нөөцийг хүн амын тоо, өвчлөлийн байдал болон хэрэглээтэйгээ уялдуулж цуглуулдаг билээ.

-Ярилцсанд баярлалаа.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ахмад эмч
Ахмад эмч
2023-06-03 13:30

Гарчиг буруу бн

Холбоотой мэдээ

Back to top button