Top StoriesТойм, анализУЛС ТӨР

Намууд 2028 ондоо бэлдэх цаг

Сайд нарыг олонхыг парламентаас сонгож, гишүүдийн тоог 126 хүргэх нэг цул утга хоёр он дамнаж, хоёр салж, Үндсэн хуулинд суув

Даажинтай нь, У.Хүрэлсүхийн үед парламентаас ердөө 4 сайд л сонгох агуулгыг бичин найруулж, олонхиор баталсан МАН Л.Оюун-Эрдэнийн үед үүнийгээ эвдэж буй. Харин эл хоёр дүрийн яг гол дунд Г.Занданшатар зогсож, "У.Хүрэлсүхийн ч зөв, Л.Оюун-Эрдэнийн ч зөв" гэж үзээд, хоёр удаагийн нэгнээ үгүйсгэсэн өөрчлөлтийг хоёуланг нь баталчхаж байгаа юм.

Гэвч яахав, эрх баригчдын энэ үе солигдох процесс дунд, олон нийтэд ирээдүйд өгөөжтэй байдлаар 2024 оноос 78 гишүүнийг тойргоос сонгож, 48 нь жагсаалтаас орж ирэх хувилбар хэрэгжихээр боллоо. Мэтгэлцээнд суурилсан парламентын жишээ ярьж, ардчилсан ёсоор амьсгалдаг хуучин цагийнхан ачир дээрээ үүнд баахан дургүй хандсан ч алив юмс хөгжлийн замаараа урагшлах ёстойг харуулсан кэйс болов.

Одоо ингээд 2024 оны сонгуульд жагсаалтаар хэн хэнийг хэрхэн дэслэж нэрлэж, тойрог руу ямар хүмүүс явуулахаа намын дарга нар бодож эхлэх нь ээ. Эхнээсээ АН дээр жагсаалт руу орох эмэгтэйчүүдийн цуваа үүсч, ХҮН сонгуульд хэрхэн оролцохоо судалж, МАН-ын дэргэдэх залуус ба эмэгтэйчүүдийн ТББ нь үйл ажиллагаагаа жигтэйхэн идэвхжүүлцгээв. Гэвч үнэндээ монголд үүн дээр толгойгоо ажиллуулах нам олон байх биш дээ.

Гол нь улс төрийн намын тухай хуулийн төслөө л илүү чамбайруулан батлах шаардлага үүсэв. Тэгж байж, 2024 оны сонгуульд санал авсан тоон үзүүлэлтээрээ одоогийнхоос "илүү олон" нам 2028 ондоо бэлдэх сайн тал үүсэх юм.

Энэ өдрүүдэд парламент улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг батлахаар хүлээгдэж байна. Ингэснээр Монгол Улс хоёр дахь удаагаа Холимог тогтолцоогоор, намууд 18 жилийн шинэчлэгдсэн хуулиар зохицуулагдаж сонгуульд өрсөлдөнө гэсэн үг юм.

18 жилийн дараах өөрчлөлт

Дээд шүүхэд бүртгэлтэй 37 улс төрийн нам бий. Гэвч эдгээрийн ихэнх сонгуульд аль нэг нам, нэр дэвшигчийн санал хуваалцах тохиролцооны хэлбэрээр оролцсоор ирсэн. Намуудыг 1998 онд батлаж, 2005 онд шинэчилсэн Улс төрийн намуудын тухай хуулиар зохицуулж буй. Эдүгээх шинэчилсэн найруулга нь 18 жилийн дараах өөрчлөлтийн алхам юм.

Одоогийн хүчин төгөлдөр хуулиар нам байгуулах нь хэцүүвтэр, байгуулагдсан хойноо тодорхой шаардлагуудад нийцнэ гэхгүй "сулдаа ганхаж" буйг эсрэг урсгалд оруулахаар тооцсон. Өөрөөр хэлбэл, нам байгуулах нь тийм ч хэцүү биш. Дараа нь намаа татан буулгуулахгүй авч явах нь хэцүү хэлбэрийн шатлалд оруулж буй.

Товчхондоо улс төрийн намууд төсвөөс санхүүжиж, зарцуулалтаа шилэн болгож, түүндээ аудит оруулдаг хэлбэр лүү орно гэсэн үг. Хоёр удаагийн улс төрийн сонгууль өнжвөл, тайлангаа хоёр жил дараалан гаргаагүй бол, намын төв байгууллагаа таван жил тутамд хуралдуулаагүй бол татан буугдана.

Авсан саналын тоог хувьчилсан тооцоололд оруулж, ирэх сонгууль хүртэлх төсвөөс авах татаасыг нь батлах бөгөөд, үүний биелэлтийг төр хянана. Сонгуулийн циклийн хугацаанд намууд,

  • Үзэл санаагаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тодорхой давтамжтай таниулах үүрэг хүлээнэ.
  • Олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжээс хандив авахгүй.
  • Үйлдвэрчний эвлэл, шашны болон бусад ТББ, мэргэжлийн холбооноос хандив авахгүй.
  • Төрөөс санхүүжилтийн 20-оос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлгүүдийн улс төрийн оролцоог дэмжих, сурган бэлтгэх.
  • Төрийн санхүүжилтийн 15-аас доошгүй хувийг намын хөтөлбөр, бодлого боловсруулахад чиглэсэн судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, намын дотоод ардчиллыг хөгжүүлэх зэргээр дотооддоо ажиллах үүрэг хүлээх юм.

Үндсэндээ улс төрийн намын тухай хууль шинэчлэгдэж, төсвөөс санхүүждэг болсноор ирэх сонгуулиар тэд ямар санал авахаас шалтгаалан сонгуулийн бус жилүүдэд хүртэх үүцээ нөөцөлнө гэсэн үг. Ингэж сонгуулийн бус жилүүдэд улс төрийн намууд төсвийн хяналтад нийтэд ил тод үйл ажиллагаа явуулснаар 2028 оны сонгуулийн сайн хөрс үүснэ гэж тооцоолж буй. Тэгэхээр 2024 оны сонгууль аль ч улс төрийн намын хувьд 2028 оны сонгуулийн дүр төрхөө хэрхэн бэлдэх, төсвөөс ямар татаас авах, дүрүүдээ хэрхэн хоногшуулахыг шийдэх чухал алхам нь болж байна. Ерөнхийлөгчийн дэргэд боогдсон эл хуулийн төсөлд намуудын саналыг харьцангуй сайн авсан гэж буй ч бүхний хүслийг бүрэн дүүрэн тусгах боломжгүй юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button