Д.Тогтохсүрэн: Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгохыг дэмжлээ

Өнөөдөр /2023.06.12/ УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хоёр асуудал хэлэлцсэн талаараа мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Сонгуулийн тухай хуульд заасан аль нэг хүйсийн төлөөллийг 30 хувиас бууруулахгүй байх саналыг дэмжсэн байна.
Өнгөрсөн баасан гарагт хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр аль нэг хүйсийн төлөөллийг 40 хувиас бууруулахгүй байх санал дэмжигдсэн ч МАН-ын бүлэг дахин хэлэлцээд 30 хувь болгох дээр санал нэгдсэн байна.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх үед нэг хүйсийн байх хэмжээ 40-өөс доошгүй байна гэдэг санал дэмжигдсэн. Энэтэй холбоотой асуудлыг бүлэг өнөөдөр дахин хэлэлцсэн. Ер нь МАН хүйсийн тэгш байдлыг дэмжиж байгаа. Одоо мөрдөж байгаа хуульд 20 хувь байгаа.
Өргөн барьсан хуулийн төсөлд 30 хувиар явж байгаа. УИХ-д манай эмэгтэй гишүүд квотыг 40 байлгана гэдэг санал гаргасан. Энэ санал байнгын хороон дээр дэмжлэг аваагүй, чуулганы хуралдаанд дэмжлэг авсан.
Уг асуудлыг бүлэг дахин хэлэлцээд эмэгтэйчүүдийн квот 30-аас доошгүй байна гэж анх өргөн барьсан төслөө дэмжих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Харин нам эвслийн нэрийн жагсаалтад орохдоо 1:1 зарчмыг хэвээр нь хадгалъя гэж тогтсон” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.