ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

WEDF2023: Монголын ЖДҮ-ийг 20 хувьд хүргэх, санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай

Эгүүр мэдээллийн агентлаг Дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулга уулзалтаас онцлох мэдээ мэдээлэл болон, оролцогчдын төлөөллийн байр суурийг хүргэхээр ажиллаж байна.

Энэ сарын 26-29-ний өдрүүдэд үргэлжлэх уг чуулга уулзалтад дэлхийн 100 гаруй орны 400 орчим зочид төлөөлөгчид оролцож байгаа юм.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлснээр албан ёсоор нээлтээ хийсэн юм. Эл үйл ажиллагаанд цар тахлын дараа болон Орос-Украины мөргөлдөөнтэй энэ цаг үед дэлхийн улс орнууд хэрхэн бараа бүтээгдэхүүнээ экспортлох, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, бизнесийн яриа хэлэлцээрүүд хийгээд дэлхийн дараагийн хөгжлийн чиг хандлага болох ногоон бизнес, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гол анхаарлаа чиглүүлж буй.

Оролцогч улс орнуудын хувьд ч энэ талаар санал бодлоо солилцож, гарц шийдлүүдийг эрэлхийлж байна.

Бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дижитал бизнестэй холбоотой хэлэлцүүлгийн үеэрх зарим шийдэл, байр сууриудыг доор хүргэе.

Б.Даваадалай /Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх/: Монгол Улсын хувьд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага бий. Ингэснээр эдийн засгийн төрөлжүүлж, нөгөө талд эмэгтэй болон шинэ гарааны бизнесүүдийг дэмжих боломжтой юм. ЖДҮ-ийг багадаа эдийн засгийн 20 хувийг бүрдүүлдэг байгаасай гэж хүсдэг. Чуулга уулзалтын үр дүнд ч энэ нь бий болох боломжтой. Мөн бизнес эрхлэгчид экспорт хийхэд тулгардаг хамгийн том асуудал нь Худалдааны хууль эрх зүйн орчинтой холбоотой. Үүнийг сайжруулах шаардлага бий. Бид бараа бүтээгдэхүүнээ экспортлохыг зорьж л байгаа бол энэ чиглэлийн хууль, эрх зүйн орчинг зайлшгүй шийдвэрлэх хэрэгтэй. Зарим улсад худалдаа, үйлдвэрийг хариуцсан яам тусдаа байдаг. Манай улсын хувьд Эдийн засаг, хөгжлийн яамыг бий болгосон. Тиймээс тус яаманд хүлээлт ихтэй байгаа.

Д.Шагдарсүрэн /Monpellets-ийн үйл ажиллагаа хариуцсан дарга/: Малчдад туслах олон санаа бий. Манай улс хөдөө аж ахуйн зориулалттай. Энэ салбараа ч хөгжүүлэх хэрэгтэй. Хамгийн энгийн жишээ бол хоньтой улс бүр бордоотой байх боломжтой юм. Ингэснээр цар тахлын дараагаар хүн бүр эрүүл мэндээ бодож, эрүүл хүнсийг эрхэмлэж байгаа энэ үед органик хүнсний бүтээгдэхүүнийг бий болгох боломжтой.

Ч.Анар /ONDO үүсгэн байгуулагч/: Манай улс хүний нөөцөө алдсаар байгаа. Гэвч дижиталын эрин үед манай улсын хүний нөөц чадварлаг, бүтээмжтэй. Бусад улс орны хувьд манай улсыг морьтой, Чингисийн монгол гэдгээс илүүтэй технолгижсон Монгол Улс хэмээн хараасай гэж хүсдэг. Бизнес, экспортын талаасаа ч бид илүү төрөлжиж чадна. Тийм чадвар ч бий. Бид дэлхийтэй зэрэгцэн технологижиж, дижитал салбараа сайн хөгжүүлж байгаа. Цаашид ч энэ байдлаа алдахгүй.

Ириэ Сатоши /Marubeni АСЕАН-ы Санхүү, Лизингийн Бизнесийн Ерөнхий менежер/: Дараагийн хурал хүртэл бизнесийн орчин дахь хүмүүсийн тоо нэмэгдээсэй гэж хүсэж байна. Монгол Улсын хувьд жижиг бизнесүүд рүү чиглэсэн бодлого, арга хэмжээг их авч байгаа талаар мэдсэн. Жижиг бизнесүүдийн хувьд санхүүжилт олоход хамгийн их хүндрэл байдаг. Монголын Засгийн газар үүнд анхаарч ажиллаж байгаа гэж бодож байна. Ямар ч Засгийн газар ЖДҮ эрхлэгчдийн санхүүжилтэд анхаарах нь чухал байдаг. Энэ удаагийн уулзалтаар гарц гаргалгааг нь илүү сайн олох боломжтой гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button