Нийгмийн

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” энэ жил 100 мянган тонн бүтээгдэхүүн экспортод гаргахаар төлөвлөжээ

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд өнөөдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Монгол Улсын Засгийн газар “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн концессын гэрээг цуцалж удирдлагын болон өмчлөлийн эрхийг төрд шилжүүлж авах шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан. 

Үйлдвэрийг “Кью Эс Си” компаниас хүлээж авахад 664 тэрбум төгрөгийн өртэй, 370 тэрбум төгрөгийн авлагатай байсан бөгөөд 2021 онд 40 тэрбум, 2022 онд 30 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэх боловч 122 тэрбум төгрөгийн татварын өр төлбөртэй байсан. Санхүүгийн хувьд маш их алдагдалтай компанийг хүлээн авсан хэмээн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Худалдаа хөрөнгө оруулалтын газрын дарга С.Энхзориг ярив.

Мөн тэрбээр, “Энэ жил 100 мянга гаруй тонн бүтээгдэхүүн экспортод гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Бид арматурын дотоодын хэрэгцээний 50 хүртэлх хувийг дангаараа хангаж байсан түүхтэй. Харин өнөөдрийн байдлаар 5-10 хувийг л хангаж байна. Учир нь түүхий эд буюу хаягдал төмрийн нөөц муудсан. Үүнээс үүдээд үйлдвэрлэлийн хүчин чадал муудсан” хэмээв.  

Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин тэргүүтэй ажлын хэсэг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн нойтон баяжмалын үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцав. Уг үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл  2011 онд хийгдэж, 2014 онд үйл ажиллагаагаа эхлүүлж нэг сар туршилтаар ажиллаад зогссон байна. Туршилтын хугацаанд ажиллуулахад бүтээгдэхүүний чанар стандартад нийцэхгүй, зорилтод үр дүн, хүчин чадалдаа хүрч ажиллаж чадаагүй аж. 2019 онд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгээд 2021 он хүртэл гурван жилийн хугацаанд ажиллахад 380 мянган тонн хүдэр баяжуулжээ. Үүнээс хойш тэг зогсолт хийгээд нэг жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. 

"Өөр өөр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нэг үйлдвэр болгоод угсарсан. Технологийн уялдаа холбоо байхгүй, эвдрэл ихтэй нь өнөөдөр үйлдвэр зогсох шалтгаан болоод байна. Үүнийг засаж янзлахад маш их хөрөнгө оруулалт шаардлагатай. Цаашид энэ үйлдвэр ажиллах боломжтой эсэх тал дээр мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулахаар хүсэлтээ өгсөн" гэж “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирал А.Ариунболд хэллээ.

“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК "Монгол Ган цогцолбор I” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэ нь тус  төмөрлөгийн үйлдвэрийн дэргэд жилд 350 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, аргалж, хорголж, коксын үйлдвэрүүд, бусад дэд бүтцийг багтаасан, ган үйлдвэрлэх иж бүрэн үйлдвэрүүдээс бүрдсэн цогцолбор үйлдвэржилтийн төсөл юм. Үйлдвэр ашиглалтад орсноор гол нэр төрлийн ган бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээний 30-50 хувийг хангаж 325.7 мянган тонн төмрийн хүдрийн хорголж экспортод гаргах юм. 

Түүнчлэн шинээр 1900 гаруй тогтвортой ажлын байр бий болохоос гадна дагалдах жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих зэрэг нийгэм эдийн засагт өндөр ач холбогдолтой гэдгийг үйлдвэрийн удирдлагууд тодотгоод үйлдвэр барих газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан тухайгаа Байнгын хорооны дарга, гишүүдэд мэдэгдлээ.

Дараа нь Ажлын хэсгийнхэн “Ган бөмбөлөг ундрага” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа. Тус компани нь 2012 онд анх байгуулагдсан. Нойтон баяжмал үйлдвэрлэж экспортод гаргадаг бөгөөд  2017 онд Хөгжлийн банкнаас таван тэрбум төгрөгийн зээл авч үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр хорголжин баяжмал үйлдвэрлэж эхэлжээ. Хоногт 450-500 тонн хорголжин баяжмал үйлдвэрлэдэг уг үйлдвэр 300 гаруй хүнийг тогтмол ажлын байраар ханган ажилладаг байна. 

“Ган бөмбөлөг ундрага” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ж.Ням-Очир, “Монголд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цөөхөн үйлдвэр бий. Бүгд адил тээвэр логистик болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр  зэрэг тулгамдсан асуудалтай.  Манай компани гэхэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 8 тэрбум төгрөгийн өртэй. Төр, дотоодын үйлдвэрлэгчдээ тэр тусмаа экспортод бүтээгдэхүүнээ гаргадаг компаниудаа татварын уян хатан нөхцөлөөр дэмжих шаардлагатай байна" гэж байлаа. 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “Энэ компанийн бүтээгдэхүүний боловсруулалт Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс нэг шат түрүүлэн, нойтон баяжмалаа дахин боловсруулж нэмүү өртөг шингэсэн хорголжин баяжмал үйлдвэрлэдэг юм байна. Манай Байнгын хороо энэ асуудлаар холбогдох яам, байгууллагуудын мэдээллийг сонсож, бүс нутагт төмрийн буюу металлургийн үйлдвэрлэлийг төрөөс дэмжих чиглэлээр баримтлах бодлогоо тодорхойлж, бодитой дэмжлэг үзүүлэх, тээвэр логистикийн асуудлыг зөв шийдэх тал дээр онцгой анхаарч ажиллана" гэв.

Эх сурвалж: УИХТГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button