Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

Миймний хэрэг: Төр иргэнд хүч хэрэглэж, үзэл бодлыг хаасан нь юу өгүүлэв

Ерөнхийлөгчөөр мийм хийсэн хоёр дахь тохиолдлыг хэрэг бүртгэл нээн, шалгаж эхэллээ. Ингэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг цаг үеийн нөхцөл байдалтай холбосон миймний гол дүр болгож, цахим орчинд тараасан байдаг. Улмаар эл асуудал газар авч дээрх хоёр тохиолдлын дараагаар Ерөнхийлөгч гэлтгүй Ерөнхий сайд, хотын дарга болон зарим сайдуудтай эвлүүлсэн мийм эрчийг авсаар. Нэг талаасаа хуулийн дагуу шийдвэр гаргаж буй бол нөгөө талаас иргэд ч эсэргүүцэл үзүүлэв. Борооны дараагаар цахим орчинд түгсэн хоёр дахь том сэдэв энэ байлаа.

Ямар тохиолдлууд бий болсон бэ?

Кейс1: Төрийн ордны ногоон хашаа ба буутай эвлүүлэг

Нүүрсний хулгайн жагсаалын үеэр Төрийн ордны зүүн хашаа нурсан билээ. Улмаар Польшийн Ерөнхийлөгчийн айлчлал давхацсан цагт хашааг гурван ширхэг нарийн цонх бүхий хана болгон өөрчилж, монгол гэрийн хэлбэр бүхий хаалгатай болгож ногоон пасадаар өнгөлсөн юм. Иймд олон нийт цахим орчинд хувийн байр сууриа илэрхийлж шүүмжилж эхэлсэн. Үүний нэг хэлбэр бол "мийм" буюу зурган эвлүүлэг бүхий элэглэл байв.

Иргэд тус хашааны цонхоор улсын их хурлын зарим гишүүдийг болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг харж байгаа байдлаар эвлүүлсэн нь цахим орчинд хурдацтай тархаж, давлагаа үүсгэсэн юм. Энэ бол цаад утгаараа төрийн ордон иргэдэд хаалттай бөгөөд ордныг тойрсон төмөр хашаа байх шаардлагагүй гэдэг нэг талын санаа, шүүмжлэлийн хэлбэр байв.

Гэтэл энэхүү мийм эвлүүлгийг хийсэн иргэнийг 450 мянгаар торгох шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ. Ингэхдээ түүнийг өөрийн цахим хаягаасаа 2023 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гэрэл зургуудыг ашиглан төрийн ордны хашааны завсраар харж байгаа болон буутай зургийг эвлүүлэн түгээсэн. Энэ үйлдлийг хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг гэж үзнэ хэмээжээ. 

Кейс2: Үерийн устай Ерөнхийлөгчийн эвлүүлэг

Тэгвэл Ерөнхийлөгчийн миймтэй холбоотой эрүүгийн хэрэг нэгээр тогтсонгүй.

"Содном гуайн миймдэлт" Фэйсбүүк хуудаст Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Улаанбаатар хотыг үерт сэлж яваа мэтээр дүрсэлсэн эвлүүлэг хийж, сошиал орчинд тавьсан.

Харин ЕТГ-аас түүнд гомдол гаргажээ. Улмаар ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс "Содном гуайн миймдэлт" Фэйсбүүк хуудсын админ болох М.Содномдаржаатай холбогджээ.

Тэрбээр энэ сарын 4-5-нд шилжих шөнийн 22.00 цагаас хойш цагдаад мэдүүлэг өгсөн байна.

19 настай М.Содномдаржаагаас зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр "Улаанбаатар хотод үерийн асуудал үүслээ. Үүнд эрх баригчид тодорхой хэмжээнд буруутай. Энэ утгаар л ёжилж, мийм хийсэн. Сошиал орчинд иргэд улстөрчдийг ингэж ёжлох нь нийтлэг.

Өчигдөр цагдаагаас орой утастахад нь маргааш мэдүүлэг өгч болох уу гэж асуусан. Ингэхэд "Хаанаас ч олно шүү, даварсан бацаан минь" гэх мэтээр дарамталсан. Шөнө очиж, 4-5 цагийн турш мэдүүлэг өгсөн.

Надад Зөрчлийн хэрэг нээсэн гэж хэлсэн. Ямар шийтгэл оноохыг прокурор шийднэ гэсэн. Өнөөдөр цагдаагаас яриагүй байна" гэлээ.

ЦЕГ: Эрүүгийн хуулийн дагуу Хүний нэр төрд халдсан хэргээр хэрэг бүртгэл үүсгэсэн

Эхний кейсийн асуудал хэдийн шийдэгдсэн. Мийм хийсэн иргэнийг 450 мянган төгрөгөөр торгосон байдаг.

Харин хоёр дахь тохиолдолд хэрэг бүртгэл нээн шалгаж буй ажээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлд мөрдөгч гэмт хэргийн шинжийг өөрөө шууд илрүүлсэн тохиолдолд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах талаар заасан.

Эрүүгийн цагдаагийн албанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргийн дагуу иргэн "Б" нарын олон нийтийн цахим сүлжээнд нийтэлсэн мэдээллийн агуулга нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр гомдол, мэдээллийн бүртгэлд аван хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна.

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах 1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэдэг" хэмээлээ.

Хоёр дахь тохиолдлын тухайд мөрдөгч гэмт хэргийн шинжийг өөрөө шууд илрүүлсэн учраас л хэрэг нээн шалгажээ. Цахим орчинд явж буй миймнүүдийг хараад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн гэсэн үг.

Эхний кейсийн хохирогч нь Ерөнхийлөгч биш иргэн Б.Э

Эхний тохиолдолд нэр хүнд нь унасан гэгдэх хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Гэтэл Шүүхийн шийдвэрт хохирогч нь иргэн Б.Э гэжээ. Тодруулбал,

“… У.Х-ийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал), хохирогч Б.Э мэдүүлэг…” хэмээн цохон тэмдэглэсэн байна. /Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу/

Ерөнхийлөгчийн эргэн тойронд ажиллах хүмүүсийн дундаас Б.Э хэмээн нэрлэгдэх, хохирогч болсон гэх иргэн нь Ерөнхийлөгчийн тамгын газрын ахлах реферант Б.Эрдэнэтулга гэгдэх.

Хуульч, өмгөөлөгчид эл асуудалд тайлбар өгөхөөс татгалзав

Тэгвэл хууль хэр тэгш үйлчилж буй хийгээд мийм хийх явдлыг худал мэдээлэл түгээсэн гэж үзэх үндэслэл болох эсэх талаар Эрүүгийн хуулиар дагнасан хуульч, өмгөөлөгч найман хүнтэй холбогдов.

Тэдний зүгээс эл асуудалд байр суурь илэрхийлсэн татгалзсан билээ. Шалтгаан нь миймний асуудалд хэдийн хэрэг бүртгэл нээсэн явдал юм. Хэрэг бүртгэл нээн, шалгаж буй тохиолдолд хуульчид уг асуудалтай холбоотойгоор тайлбар өгснөөр хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэмээн үзэж, хууль зөрчсөн үйлдэл болдог ажээ.

Тэгвэл олон нийт уг асуудалд хэрхэн хандаж буй

Харин иргэдийн зүгээс 19 настай хүүгийн хоёр дахь тохиолдлыг эсэргүүцэн олон зуун миймийг өдөр бүр цахим орчиндоо байрлуулж байна. Гурван үеийн төлөөллүүдэс уг асуудалтай холбоотой байр суурийг нь авсан юм.

25 настай Б.Ган-Очир: “Энэ бол нэг төрлийн егөөдөл. Үүнийг Эрүүгийн хэрэг болгон шийдвэрлүүлэх нь утгагүй. Товчоор бол ардчилсан нийгэмд иргэдийн дуу хоолойг боомилж буйтай ижил. Хоёр ч тохиолдол болж байна. Егөөдлийг худал мэдээлэл гэж үзэх нь хэр оновчтой вэ” гэлээ.

38 настай У.Билгүүн: “Хуулиараа Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан гэж үздэг юм билээ. Гэхдээ бусад нь тоодоггүй, егөөдөл хэмээн үзэж байхад үүнийг асуудал болгон иргэдийн үзэл бодолд халдаж байна гэж харж байгаа. Нийгэмд шийдвэрлэх асуудал олон байхад өөрийн нэр хүндээ л бодож байна. Ийм нийгэмд амьдарч байгаа иргэд ч нэр хүнд, эрүүл мэндийнхээ төлөө шүүхдэлцэх хэрэгтэй бололтой. Хоёр дахь хүн нь Эрүүгийн хэрэг хийсэн хэмээн шийтгэгдвэл иргэд зүгээр өнгөрөөхгүй байх” гэлээ.

46 настай А.Бат-Эрдэнэ: “Мэдээж хэрэг Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдах нь буруу. Гэвч ямар ч нийгэмд егөөдөл бий. Нийгэм сул дорой, хөгжил муутай байхын хэрээр егөөдөл, хошин шог нэмэгддэг. Тиймээс ч манай улсад гар бичвэр байсан егөөдөл хошин урлаг болж, улмаар стэнд-ап комеди болон эцэстээ мийм болж хөгжсөөр байна. Хүний өөрийгөө илэрхийлж, үзэл бодлоо хүргэж буй зүйлс гэсэн үг. Хөгжлийн үе шат гь хурдацтай байна гэдэг тэр хэрээр асуудал их байна гэж харж байгаа. Гэвч Ерөнхийлөгч ийм асуудалд оролцох шаардлага байсан уу. Нэр төрөө хамгаалах гэж иргэнээ яллана гэдэг улстөрчдийн түүхэн дэх хамгийн бүдүүлэг, муу жишээнүүдийн нэг” хэмээлээ.

Өмнөх Ерөнхийлөгчид егөөдлийг хэрхэн хүлээж авч байв

Өмнөх түүхэн баримт, олон янзын эх сурвалжийг аживал эхний хоёр Ерөнхийлөгчтэй холбогдох зүйлс төдийлөн их байсангүй. Гэвч тухайн үед улс төрийн шог бичвэрүүд нийгэмд байсан ч эл асуудлаар шүүхдэлцэж явсан тохиолдлыг олсонгүй.

Н.Энхбаярын үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжилж, егөөдөх тохиолдлууд байв. Энэ бүрийд хэвлэл мэдээллийн хэрэгслийг цензурдах гэж оролдох тохиолдлууд байсан ч шүүхийх хаалга татаж байгаагүй ажээ.

Ц.Элбэгдоржийн үед цахим орчны хөгжлийн сэргэн мандалтын үе байсан гэж болно. Тэр бол нэр төрд нь халдсан хэмээн тодорхойлуулах, товчоор бол одоогийн жишээтэй харьцуулахад хамгийн ихээр хохирсон Ерөнхийлөгч биз ээ. Гэвч нэр төр нь халдашгүй гээд тэр бүгдийг дуудаад, торгоод явсангүй.

Х.Баттулгын үед мэр сэр цагдаагийн хаалга татсан, дуудагдсан тохиолдлууд бий. Гэвч цаг хугацааны хувьд ойр ойрхон байсангүй. Мөн Эрүүгийн хэргээр шийдсэн тохиолдол үгүй.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Одоогийн Төрийн тэргүүн иргэндээ Эрүүгийн хариуцлага ногдуулсан хоёр дахь тохиолдол бий болох нээ. Ерөнхийлөгч эл асуудлыг хөндөв үү, тойрон хүрээлэгчид нь гаргаж ирсэн үү, таамаглашгүй. Юутай ч цахим орчин дахь иргэдийн үзэл бодлыг Төрийн тэргүүн хяналт тавих гэж оролдоно гэдэг ардчиллын хувьд нэг алхмын ухралт. Хоёр ч иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэсэн сонин тохиолдлын жишээ болно.

Улс төр гэдэг бол аль ч орны, аль ч нийгэмд иргэдийн шүүмжлэл, анхаарлын төвд байдаг онцлог бүхий салбар. Тиймээс хамгийн их егөөдөл энэ орчинд бий. Иргэдэд хууль шуурхай үйлчилсэн шиг улстөрчдөд ч үйлчлэх учиртай. Нүүрсний, С.Зоригийн, Долоодугаар сарын 1-ний гэх мэт шийдэгдэхгүй хэргүүд олноор бий болсоор. Хууль хэн бүрэнд шударга үйлчилдэггүйг ч Ерөнхийлөгчийн миймний хэргүүд харууллаа.

Эцэстээ Монголын хамгийн сүүлчийн коммунист удирдагч Ж.Батмөнх “Монголын төр ард түмнийхээ эсрэг хүч хэрэгдэж хэрхэв ч болохгүй” хэмээн хэлснийг нэхэн сануулъя. Түүнтий эл алдарт эшлэл нь манай улсын ардчилсан нийгэм бий болох үр нь байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 6, 2023 08:41

zass z##laa eronhiilogchoo hat emzeg huuhen

zochin
zochin
7 сар 6, 2023 10:59

Найзуудаа мөнгөтэй биш мэргэжлийн хүмүүсийн үг, сан�##�, зөвлөмжийг авч байхыг байг�##�ь дэлхий сануулж байх шиг. Бид монголоороо л байцгаамаар байна Гадны соёл, дэг жаяг ёс зүй, хүмүүжил хэрэггүй гадныхан манайхыг маш ихээр доромжилж байна хөрөнгө оруулагчид хамгийн муу боловсон хүчнээ манайд ирүүлж тэд нар газрын наймааг манайхантай хува�##�цдаг ийм л юм болж байна. Газар олголтыг Хөгжлийн банк шиг үзэх нь зүйтэй юм бишүү найзуудаа. Манайх баян биш тэгж хошгоруулахаа боль. Аливаа юм хязгаартай бид газар шороогоо л бүрэн бүтэн байлгаж авилга гэдэг юмыг мартаж, шудрага бизнес, хууль дүрмээ мөрдөж ажилладаг нийгэмд шилжиж байж з�##�уус минь л хэрэгжүүлэх ёстой. Одоо з�##�уусын тушлага тутмагийг ашиглаж баялагийг нь хуга сорох дайн явж байгаа мэт сэтгэгдэл төрөөд байна. Олон юмыг зэрэг ухахаа болъёо байг�##� дэлхий ээж уйлж байна шүү дээ. З�##�уус эх орныхоо төлөө ухаантай байх шийдвэр шийдэл бүхэн дээр ухаарч амьдрах хорвоо болж байна. Битгий хоорондоо өрсөлд зүгээр л ажилсаг эх орон ч байх, хөгжлийн төлөө байх л чух�##� байна. Мөнгөөр ур�##�дах биш.

Зочин
Зочин
7 сар 6, 2023 16:31

энэ хүрэлсүх гүлэг юун сүртэй гүлэг вэ

Бид цөөврүүд болжээ
Бид цөөврүүд болжээ
7 сар 6, 2023 20:36

Шүүмжлэл дааж чадахгүй бол зүгээр л �######�ах хэрэгтэй. Монгол улсын өрхийн тэргүүн 1 хүүхдээ ингэж шийтгэж болохгүй. Айл гэрт болох болохгүй хүүхдүүд байж л байдаг ийм л хорвоо. Энэ үнэнийг ойлгох чадваргүй бол зүгээр л �##�бан туша�##�аа орхиххэрэг эй

Зочин
Зочин
7 сар 7, 2023 08:45

…. ард түмнийхээ эсрэг хүч хэрэглэж хэрхэвч болохгүй гэж

Холбоотой мэдээ

Back to top button