Путин Пригожиныг оршуулах ёслолд оролцохгүй

Вагнер хувийн цэргийн компанийн дарга Евгений Пригожин өнгөрсөн лхагва гарагт (2023.08.23) онгоцны ослоор нас барсан. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүнийг оршуулах ёслолд оролцох төлөвлөгөө байхгүй гэж Кремль мягмар гарагт (2023.08.29) мэдээлсэн байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос сэтгүүлчид Путин Пригожины оршуулах ёслолд оролцох эсэхийг асуухад “Ерөнхийлөгч тэнд очно гэж бодохгүй байна” гэж хариулжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ Кремль одоогийн байдлаар оршуулгын ёслолын талаар мэдээлэлгүй байгаа, хэрхэн зохион байгуулах нь түүний гэр бүлийн гишүүдийн шийдэх зүйл гэсэн юм.
Мөрдөн байцаагчид Пригожины сууж явсан “Embraer Legacy 600” загварын онгоц ямар учраас осолдсоныг илрүүлээгүй байгаа. Олон хүн Путин түүний үхэлтэй холбоотой гэсэн таамаглал дэвшүүлж буй. Ямартай ч онгоц гаднын нөлөөтэй осолдсон байх магадлал өндөр байгаа юм. Учир нь Пентагон онгоцыг дотор нь үүссэн дэлбэрэлтийн улмаас сүйрсэн байх магадлал маш өндөр гэж мэдэгдэл хийсэн.
Осол гарсны дараагийн өдөр Путин онгоцонд сууж явсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн билээ. Мөн тэрбээр Пригожны талаар өнгөрсөн баасан гарагт (2023.08.25) ярихдаа “Хэцүүхэн хувь тавилантай учирч ирсэн хүн, амьдралдаа хэд хэдэн ноцтой алдаа гаргаж байсан” гэж хэлсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.