Газрын тос: Оросын хоригийг чангалж, АНУ-д хар салхины гамшиг болбол үнэ өснө

ОХУ-ын Украиныг эзлэн түрэмгийлсэнтэй холбоотойгоор Өрнөдийн орнуудын хориг арга хэмжээг авсан нь рублийн ханш энэ онд огцом унах гол шалтгаан болсон билээ. "Их долоогийн бүлэг" Оросын түүхий нефтийн экспортын үнийн дээд хязгаарыг 60 ам.доллароор буулгах ёстой гэж үзэж байгаа билээ. Нэг ёсондоо энэ нь В.Путиныг эдийн засгийн тогтвортой байдлаа авч үлдэх, эсвэл цэргийн зардлыг сонгох шахалтад оруулж буй явдал.
Тэгвэл ОХУ-ын Төв банкны шинжээч асан Александр Прокопенко хориг арга хэмжээ үр дүнгээ өгч, Москвагийн хатуу валютын гол эх үүсвэр болох газрын тосны үнийг бууруулах нь В.Путины эдийн засгийг хүнд байдалд оруулна гэдгийг мэдэгдсэн билээ.
Гэсэн хэдий ч "Их долоогийн бүлэг" үнийн дээд хязгаарыг бууруулвал дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд асуудал үүснэ. Энэ нь дэлхий даяар асуудлыг хурцатгаж, түүхий нефтийн үнийг өсгөж, улс орнуудад сөргөөр нөлөөлөх юм. Харин эсрэгээрээ Оросын орлогод төдийлөн нөлөө үзүүлэхгүй байх магадлал өндөр билээ.
Орос бол Саудын Арабын дараагаар жагсах дэлхийн хоёр дахь том газрын тос экспортлогч орон юм. Тиймээс Орос экспортоо бууруулж, дэлхийн хэмжээнд эдийн засгийг сүйрүүлэх магадлалтай тул үнийн дээд хязгаарыг 30-40 ам.долларт хүргэх уриалгыг "Их долоогийн бүлэг" дэмжээгүй билээ.
Өнгөрсөн сард Оросын түүхий нефтийн үнэ дунджаар 64.31 ам.долларт хүрч, үнийн дээд хязгаарыг давж, газрын тосны экспортын орлого сүүлийн найман сарын дээд хэмжээнд хүрсэн гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлэв. Энэ нь брент маркийн газрын тосноос хямд хэвээр байгаа ч хямдрал нь 35 ам.доллараас 10 ам.доллар болж буурсан нь барууны хориг арга хэмжээ хүчээ алдаж буйг харуулж илтгэнэ.
Харин АНУ-ын хувьд нефтийн үнэ харьцангуй тогтвортой байна. Тодруулбал, брент маркийн нефтийн үэ хоёр центээр буурч, баррель нь 84.40 ам.доллар болжээ. Гэсэн хэдий ч АНУ-ын булангийн эрэг орчмын мужууд хар салхинд өртөж буй нь газрын тосны нийлүүлэлтэд нөлөөлнө хэмээн болгоомжилж байгаа ажээ.
Айдалия хар салхи Кубын баруун хэсгийг дайрч, Флорида руу чиглэж буй нь цахилгааны тасалдал үүсэж, Персийн булангийн эргийн зүүн хэсгийн түүхий нефтэд нөлөөлж болзошгүй юм. Энэ нь тогтвортой байгаа нефтийн үнэд нөлөөлөх магадлал өндөр байна.
Түүнчлэн хөрөнгө оруулагчид Хятадын эдийн засаг саарч буй явдлаас болгоомжилж байгаа билээ. Дэлхийн хоёр дахь том нефтийн хэрэглэгчийн эрэлт буурах хандлагатай байна. Гэсэн хэдий ч газрын тосны үнэ тогтвортой байгаа бөгөөд "Их долоогийн бүлэг" ямарваа нэгэн хориг арга хэмжээ авахгүй бол энэ байдлаа дунд хугацаанд хадгалж, улс орнуудын ургацаа хурааж авах үеэр нефтийн үнэ өсөхгүй байх боломжийг хангах билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.