Top StoriesНИЙГЭМНийгэм ярилцлагаЯрилцлага

“Шантрахгүй даваад гарчихвал багш мэргэжил сайхан"

“Оюуны оньс” бүрэн дунд сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлт дуутай хууртай, хүүхдийн цангинасан хоолойгоор өнгө нэмэн эхэллээ.

Энэ жил нэгдүгээр ангид элсэн орж буй зургаан настнууд цэцэрлэгийн ширээнээс сурагч болон дэвшиж буй. Тэд аавдаа үнсүүлж, ээжийгээ тэвэрчхээд баяр хөөртэй багшийнхаа гараас хөтлөн сургуулийн босго давж байгаа нь өхөөрдөм.

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 307 сургуульд 384,676 хүүхэд суралцана. Үүнд нийт 23372 багш, ажилтнууд ажиллах юм. Энэ жил нэгдүгээр ангид 38 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлжээ.

“Бага анги гэхээр хүмүүс чимээ ихтэй гэж боддог. Миний хувьд өөрөөрөө үлгэрлэх арга барилаар ажилладаг. Жишээ нь хүүхдүүд шуугивал би өөрөө эхлээд чимээгүй болдог. Тэгэх үед хүүхдүүд аяндаа багшийгаа дуурайгаад чимээгүй болж, хичээлдээ анхаардаг. Энэ арга зүйг дадлага хийж байхдаа багшаасаа сурч авсан. Мэдээж бага насны хүүхэд нэг юманд удаан төвлөрөхгүй, нэг газраа удаан суухгүй онцлогтой. Тиймээс түүнд нь тохируулж заах арга зүйгээ боловсруулна” хэмээн ярьж буй түүнийг “Оюуны оньс” бүрэн дунд сургуулийн 1а ангийн багш М.Чимэдцэеэ гэдэг.

Тэрээр энэ жил анх удаа нэгдүгээр анги дааж авч байгаа бөгөөд зургаан настнуудтай ажиллахаар болсон сэтгэгдлийг  нь хуваалцлаа.

-Та аль сургуулийг төгссөн бэ ?

-МУБИС-ийн 2018 оны төгсөгч. Багш болох гэж буй оюутнууд маш олон дадлага хийдэг. Миний хувьд зургаан удаа дадлагад гарсан. Хамгийн сүүлийнх “түвшин заах” дадлага байсан. Түүн дээр нэгдүгээр ангитай ажилласан. Одоо “Оюуны оньс” сургуульд анх удаа нэгдүгээр анги дааж авч, ажиллаж байна.

-Нэгдүгээр анги дааж авч буй сэтгэгдлээ хуваалцаач. Сэтгэл зүйн бэлтгэл хэр сайн хийв?

-Дөнгөж сая хүүхдүүдээ хүлээн авч, хичээл эхэлж байна. Бэлтгэл сайн хийсэн учир сандрал гайгүй байна. Миний хувьд хүүхдүүдийг хорьж цагддаггүй, хөдөлгөөнтэй байх тал дээр нь анхаардаг.

-Нэгдүгээр ангийнхан хичээлдээ орохдоо уйлсан уу?

-Уйлах нь гайгүй байлаа. Манай анги “А” бүлэг учир нээлтэд хамгийн түрүүнд дуудагдсан. 1А ангийн багш гээд өөрийгөө танилцуулж байхад ангийнхан маань дээшээ тэнгэр лүү хараад байсан. Тэнд нь шувуу нисэж байсан юм билээ /инээв/.

Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн онцлогтой учир зарим хүүхэд их сандарч байгаа нь мэдэгдсэн. Хүүхэдтэй ажиллах гэгээлэг, маш хөөрхөн байдаг.

-Сурагчдаа хүлээж авах бэлтгэл хэр хийв?

-Бэлтгэлийг наймдугаар сарын 21-нээс эхэлж хангасан. Анги танхим болон хувийн бэлтгэлээ базаасан. Үзүүлэн болон тараах материал дээр анхаарч ажилласан. Хүүхдүүд нүдэнд дассан зүйлээ шинээр хүлээж авахдаа муу. Тиймээс анги танхимын үзүүлэнг тогтмол шинэчлэх тал дээр түлхүү анхаардаг.

-Багшлаад хоёр жил болж байна гэсэн. Нэгдүгээр ангийнхны онцлогийг юу гэж боддог вэ?

-Бага насны хүүхэд нэг зүйл дээр хэдхэн секунд л төвлөрдөг. Тухайн хугацаанд нь тааруулж өөрийгөө ойлгуулах хэрэгтэй. Зургаан настнууд цэцэрлэг шигээ санаад байх тохиолдол бий. Тухайлбал, газар суух, ширээнийхээ доор орох зэрэг хөгжилтэй зүйлс их болно. Тэд хоорондоо "багш хоол өгсний дараа унтана" гэж ярьж байсан. /инээв/. Манай сургууль өдөрт хоёр хоол өгдөг.

-Танай анги хэдэн хүүхэдтэй вэ?

-Анги дүүргэлт хорин тав. Манай анги 22 хүүхэдтэй.

-ЗГ-аас МУБИС-д элсэн суралцах оюутнуудын төлбөрийг чөлөөлөхөөр болсон. Энэ тал дээр залуу багшийн хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ шийдвэрийг би хувьдаа дэмжихгүй байна. Төлбөрөөс чөлөөлөх биш багш нарын цалинг нэмсэн нь дээр. Учир нь төгсөж гараад багшаараа ажиллахгүй бол хэцүү. Ажиллаж байх үедээ шантраад гарах тохиолдолд ч их байдаг юм билээ. Тэр ч бүү хэл дадлага хийж байхдаа ч шантрах оюутнууд их. Би энэ бүгдийг даваад гарсан. Шантралгүйгээр даваад гарчих юм бол багш мэргэжил хамгийн сайхан.

-Багш хэмээх мэргэжлийн” үнэ цэнэ”-ийг юу гэж хардаг вэ?

-Хүүхдээ бүрэн таньж мэдээд засаж залруулах юм байвал засаад хамтдаа хөгжөөд явах юм болов уу. Зарим хүүхэд уншиж, бичээд сурчихсан орж ирдэг. Энэ нь нэг талаар сайн ч нөгөө талаар бичих, сонсох, унших, бодох дөрвөн чадвараа бүрэн эзэмшээгүй боловч дутуу ороод ирчихвэл түүнийг нь баллуурдаад дахин шинээр заах шаардлага гардаг. Мөн эцэг эхчүүд сайн багш хайж олон дахин сургууль сольсноор хүүхдийнхээ мэдлэгийг цэгцгүй болгодог тал анзаарагдсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-02 09:31

Багшдаа ажлын амжилт хүсье

Зочин
Зочин
2023-09-04 04:14

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ГЭДЭГ МЭДЛЭГ ӨГӨХӨӨС ИЛҮҮ СЭТГЭЛ ӨГДӨГ , ТИЙМ ХҮНИЙ ХИЙХ НАНДИН МЭРГЭЖИЛ гэж боддог ...

Холбоотой мэдээ

Back to top button