Ерөнхий сайдын орон нутагт хийсэн уулзалтуудаас онцлох өнцгүүд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баруун бүсийн аймгуудаар бодлого, шийдвэрээ танилцуулж яваа. Энэ далимаараа сонгуулийн кампанит ажлаа албан бусаар эхлүүллээ гэж шүүмжлэх хэсэг байна. Товчоор тоймлон хүргэе.
Ховд аймагт: Таван мандатын нэгийг Төрийн ордныхонд биш хөгжлийн бэрхшээлтэй иргэнд өгөхөөр ам гарав

Бүтээн байгуулалтын хэд хэдэн төслүүдтэй танилцаж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаатай танилцах зуураа намын “пи-ар”-аа хийгээд амжив. Тэрбээр, “МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаана” хэмээн ам гарсан юм. Энэ бол МАН болон Л.Оюун-Эрдэнийн хувьд сонгуулийн том сурталчилгаа. Ямартай ч жагсаалтын эхний тавд Төрийн ордонд суугаа өнөөгийн улстөрчдөөс багтаахгүй гэсэн санаа тодорхой илэрхийлэв.
Мөн Ховдын иргэдтэй уулзах үеэр сахал Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий газрын ховор элементийн "Халзан бүргэдэй" ордыг ашиглах эсэх маргаан үүссэн. Заалны маргаанд "Халзан бүргэдийн ордыг ашиглах эсэхийг орон нутгийн иргэдээр шийдүүлнэ" гэж дуугарсан юм. Маргааш нь хотод ирээд Засгийн газрын хуралдаанаараа Халзан бүрэгтэйн ордод хамаарах тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж, шийдвэрлэхийг Ж.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ зэрэг сайдуудад даалгаад байна.
Говь-Алтай аймагт: Эрчим хүчний хараат байдлын тухай зоримог дуугарав

Есөнбулаг суманд “Сэрвэн” 10МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын нээлтэд оролцож, Тайширын усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэрээ Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарах, эдийн засгаа тэлэх тухай онцлон хөндсөн билээ. Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Эг, Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн цахилгаан станц зэрэг эрчим хүчний томоохон төслийг хэрэгжүүлж буй. Эдгээр төслийг бүрэн хэрэгжүүлснээр эрчим хүч хөгжлийн тэргүүлэх нэг чиглэл болох цаг удахгүй гэдэг зүйлс хөндөн ярив.
Говьсүмбэр аймагт: Улсын төсвийн ихэнхийг бүрдүүлдэг аймагт авлига, нүүрсний ил тод байдлыг онцлов

Улсын төсөвт Говьсүмбэр аймгаас оруулж байгаа нийт төсвийн орлогын 83 хувийг “Шивээ-Овоо” ХК бүрдүүлдэг. Эдийн засгийн хувьд том нөлөөтэй аймаг. Тиймээс эл аймагт очоод эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулж, Засгийн газар авлигатай тэмцэж буй “5 Ш” ажиллагаа, нүүрсний худалдааны ил тод байдлыг онцлон ярьсан нь өөрөө онцлогтой.
Ерөнхий сайд орон нутгуудаар тойрч яваа нэг гол асуудал бол ирэх оны төсөв. Ирэх он бол сонгуулийн жил. 2024 оны төсөвт асуудалд нухацтай хандахгүй бол гишүүдийн тойргийн амлалт руу явах эрсдэлтэй. Тиймээс төсөвөө боохоос өмнө орон нутгийн иргэдийн саналыг сонсохыг чухалчилсан гэж харагдаж байна. Тухайлахад Говьсүмбэр аймгийн иргэдийн өөрсдийнх нь эрэмбэлсэн асуудлаар бүтээн байгуулалтын зардлыг тусгана гэж амлаж байгаа юм.
Мөн “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг түшиглэн 200 МВт-ийн цахилгаан станц барихыг судалж үзэхийг Ерөнхий сайд даалгалаа.
Дорноговь аймагт: Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4-р багцын ажлыг эхлүүлэх шийдвэрийг ЗГ-ын хуралдаанаар гаргана

Дорноговь аймагт ажиллахдаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт болон “Алтан ширээт” үйлдвэрлэл технологийн паркийн ажлын явцтай танилцав.
Энэтхэг улсын Экзим банкны ихээхэн зээлээр хэрэгжиж буй эл төсөл Монгол талын хөрөнгө оруулалтаас үүдэж багагүй гацах болсон. Тэгвэл Засгийн газар бүтээн байгуулалтыг бүхий л талаар дэмжихээр болж, Засгийн газрын хуралдаанаар үйлдвэрийн 4-р багцын ажлыг эхлүүлэх шийдвэр гаргана гэж ам гарав.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ха ха энэ тэнд тэнгэрийн юм ярьж хулхидаж попрохоос өөр юу байна