138 яллагдагч, 22 шүүгдэгч, ганц хоригдолтой “Нүүрсний” хэрэг

Энэ долоо хоногийн гол сэдэв яалт ч үгүй Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох “нүүрсний” гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг байв. Өглөө 09.00 цагт эхэлсэн ч Б.Ганхуяг Ерөнхий шүүгч Б.Халиунаас татгалзсан. Ерөнхий шүүгчээс татгалзсан татгалзлыг хүлээж авалгүй 14.30 цагт эхэлсэн ч тэрбээр дахин нийт шүүгчдээс татгалзах хүсэлт гаргаснаар тодорхойгүй хугацаагаар хойшлоод өндөрлөв.
Одоо шүүгч хувь байдлаар АТГ-гээс лавлагаа авч, түүнийгээ нийт шүүгчээр хэлэлцүүлсний дараа хурлын товоо зарлана гэгдэж буй юм.
Өчигдрийн шүүх хуралдааны дараа ажиглагчаар оролцсон О.Баасанхүү гарч ирээд 1.8 их наяд төгрөгийн хохиролтой хэрэг хэмээн тодотгосон. Мөн яллагдагчаар татагдсан УИХ-ын 13 гишүүн ирэхгүй бол хэрэг шийдвэрлэгдэхгүй хэмээсэн.
Ингэхээр хэргийг нэхэн санах хэрэгтэй болж байгаа юм.
-Анхны 17-гоос нэг нь шүүгдэж, бусад нь сугарав-

Хамгийн анх 2022 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр АТГ-аас нүүрсний "хулгай" гэгдэх хэрэгт шууд болон шууд бусаар оролцсон гэх үндэслэлтэй 17 хүний нэрийг зарласан.
- Ерөнхийлөгч асан Х.Баттулга
- ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир
- ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
- УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
- УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
- ЕТГ-ын дарга асан З.Энхболд
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
- УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
- УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
- Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
- Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
- Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан А.Ариунболд
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
- "Эрхэт Монгол" группийн захирал Х.Мандахбаяр
Эдгээр 17 нэрийг Б.Ганхуягийн мэдүүлэг дээр үндэслэж зарласан гэгдэж байв.
Энэ 17-гийн ихэнх нь улстөрчид болоод “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн жижиг “Тавантолгой”-н бүлэглэл багтсан байдаг.
Тэргүүн эгнээнийхэн: Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат гурав. Өдгөө Т.Аюурсайханых шүүх рүү шилжсэн нь энэ. “Ажнай” Д.Бат-Эрдэнийг АТГ биш ЭЦА шалгаж байгаа гэгдэж бүр сураг алдарсан.
Хэргээ шалгуулагсад: Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд, А.Адъяасүрэн нар багтна. Тэд хуулийн байгууллагад шалгуулж байгаа ч одоо ч таг чиг.
Сугарагсад: УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Н.Наранбаатар нар нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, хуулийн байгууллагад мэдүүлэг тайлбар өгч байв. Харин Н.Наранбаатарын хэрэг прокурорын байгууллагад шилжиж, бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шатанд гишүүд нь аваад үлдчихсэн. Шалгуулсан хэвээр ч нам гүм.
Одоо сүржин даржин зарласан 17-гоос ганцхан Б.Ганхуяг ганцаараа шүүгдэх гээд байж байна. Нүүрсний хэргээр нэрлэсэн 17-гоо бүгдийг нь өршөөгөөд өнгөрөх юм биш үү гэсэн ойлголт нийгэмд үүсчхээд байгаа нь үнэн. Ядаж байхад сонгуулиас өмнө шүүхээр нүүрсний хэргээ оруулах, ядаж л АТГ-аас нэрлэж байсан 17 эрхмийнхээ хэдийг яллаж байж, МАН сонгуульд орох нүүртэй болох логик тэднийг хүлээж буй.
Танилц: АТГ-аас зарласан нүүрсний "хулгайч" гэх 17 албан тушаалтан нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
-17-г нэрлэсний дараа Б.Ганхуягийг танхимын сайд нарын тал нь хамгаалж, Т.Аюурсайхан хэрхэн хуулийнхны гарт оров-

Эхний 17 нэрлэгдсэний дараа ямар үйл явдлууд өрнөв гэдгийг тайлбарлая. Түүнийг "нүүрсний" хэргийн гол автороор нэрлэгдсэний дараа улс төрийн хүрээнд эхлээд их өмөөрөл өрнөсөн.
Бас Б.Ганхуягтай хамт одоо шүүгдэх гээд сууж байгаа Т.Аюурсайханы нэр тухайн үед бүр дурсагдах ч үгүй, тойргийн бүр гадаа үлдээд байсан.
Засгийн газрын хуралдаанаар Б.Ганхуягийн суудлыг хамгаалж үг хэлээд, өөрөө УИХ-ын дэд дарга гэх нэр төдий суудалд суучихсан Т.Аюурсайханыг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар танхим руугаа татангуутаа түүн рүү чиглүүлсэн акциа эхлүүлсэн билээ. Ингэж Т.Аюурсайханы хэмээх бүлэглэлийнхэн орж ирсэн гэж хэлж болно.
Танхимын зарчмаар ажиллах гортигт Т.Аюурсайханыг оруулж байгаад, Б.Ганхуяг руу цөмрөх акциа эхлүүлсэн гэж харагддаг.
Энэ тухай өмнө нь хүргэж байсан Хөшигний ард: Б.Ганхуягийг ЗГ, УИХ-ын гишүүдийн тал хувь нь ӨМӨӨРЧЭЭ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
-17 нэр ингэж өөрчлөгдөв-

Өдгөө энэ 17 хүн хуулийн байгууллага дээр хэрхэн өөрчлөгдөв.
Нийслэлийн прокурорын газраас хамгийн сүүлд өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр 69 хүнд холбогдох найман хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Хамгийн эхэнд, мэдээж УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын 11 хүний хэрэг.
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, түүний дүү Т.Түвшинбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга асан И.Даваадорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Худалдан авалтын албаны дарга бөгөөд ерөнхий аудитор Б.Отгонжаргал, "Лаки лайф" ХХК-ийн удирдах албан тушаалтан Г.Гантөмөр нар.
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр П.Бадамханд, “Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү Х.Батхишиг, "МД трейвэл" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Дагвадорж, "Эрдэнэс Тавантолгой"-н Санхүүгийн албаны дарга асан Б.Эрдэнэбаяр, иргэн О.Угтахбаяр нар.
Мөн “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Мөнхбаяр болон Б.Ж нарын 6 хүн, Гашуун сухайт дахь гаалийн газрын улсын байцаагч болон Хил хамгаалах байгууллагын албан тушаалтнууд холбогдсон 22 хүнд холбогдох хэргүүд шүүхийн шатанд байна.
Энэ тухай Эхлээд шүүгдэх 11: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёр ба эхнэр, дүү, найз, туслах нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 138 иргэн, албан тушаалтан, хуулийн хоёр этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг нийтлэлч Оргилмаа дараах байдлаар ангилжээ.
Улс төрд нөлөө бүхий этгээдэд: УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Б.Энх-Амгалан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нар байгаа юм.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам тээврийн хөгжлийн сайд асан А.Гансүх, төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, Өмнөговь аймгийн ИТХ-ийн дарга Ц.Бадраа, гурван аймгийн Засаг дарга, үүнд Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал, С.Гансэлэм нар, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы зөвлөх И.Даваадорж, гаалийн улсын байцаагч 27, ХХЕГ-ын харьяа байгууллагын 13 албан тушаалтан яллагдагчаар татагджээ.
Мөн “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 8 албан тушаалтан, үүнд Г.Доржпалам, С.Давааням, Б.Оргилболд, Э.Шарав-Арилдий, Х.Баярхүү, У.Золбоо, Б.Адъяа, Б.Бат-Оргил нар,
Нийгмийн даатгалын ерөнхий газрын байцаагч Т.Түвшинбаатар, Өмнөговь аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалт газарт газрын даамал М.Оюун-Эрдэнэ, М.Баярсайхан нар,
Боомтын захиргааныхан: Б.Мөнхбат, М.Дөлгөөн нар, “Эрдэнэс таван толгой ХК-ийн 10 албан тушаалтан, үүнд Д.Ариунболд, Б.Ганхуяг, Х.Нурлат, М.Энхтөр, Д.Миеэсүрэн, Б.Отгонжаргал, С.Мөнхбаяр, Г.Адъяа, Б.Булган, Б.Эрдэнэбаяр нар,
"Тавантолгой” ХК-ийн албан тушаалтнууд: Р.Сэддорж, Г.Шүрэнхишиг, “Тавантолгой түлш” ХХК-ийн 6 албан тушаалтан болох Д.Баяржаргал, М.Болдбаяр, Э.Амгалан, Х.Галымбек, Ө.Ононбаяр, Ч.Төрбат нар,
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн албан тушаалтан Н.Удаанжаргал, Э.Эрдэнэбат Ц.Хүрэлсүх, мөн хуулийн этгээдийн 19 албан тушаалтан, 30 иргэн, 2 хуулийн этгээд тус тус байна.
Дээрх 138 иргэний 44 албан тушаалтан нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан давуу байдал олгож хохирол учруулсан, 31 албан тушаалтныг хахууль авсан, 38 иргэн, албан тушаалтан, хоёр хуулийн этгээдийг хахууль өгсөн, 23 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүй хөрөнгөжсөн, хоёр албан тушаалтныг худал мэдүүлэх гэмт хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.
Гэхдээ ийм олон хүн яллагдагчаар татагдсан нүүрсний гэх тодотголтой хэрэг ганцхан хоригдолтой байгаа нь нийгмийн итгэл үнэмшлийг унтрааж буй.
Энэ зун гэхэд л төрийн тэргүүний амралтын хугацаанд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан түүнтэй нэгдэж, 10 орчим хоног хамт амарсан. Ингэхдээ МАН доторх голлох фракциудын толгойлогч нарыг дуудаж уулзсан гэх мэдээлэл бий. Тэд гол төлөв УИХ-ын ирэх намрын чуулганы хугацаанд нүүрсний сонсголыг зохион байгуулахгүй байх арга зам хэлэлцсэн гэх. Зуны уулзалтууд нүүрсний сонсголыг УИХ дээр явуулахгүй байхад чиглэсэн байх боломжтой гэгдэж буй.
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн талаарх агуулга:

Нэг дороос | Нийт шүүгчдээс татгалзсан Б.Ганхуягийн хүсэлтийг шийдвэрлэхээр тодорхойгүй хугацаагаар завсарлалаа агуулгыг ЭНД дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЕӨК -СӨӨ АВХУУЛААД ЭНЭ ХУЛГАЙД БҮГД Л ХОЛБООТОЙ ЮМ ЧИНЬ ЭНЭ ХЭРЭГ ШИЙДЭГДЭХГҮЙ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ ШД ИРЭХ СОНГУУЛИАР ИХ-Д СУУГАА ХУЛГАЙЧУУДЫГ БҮГДИЙГ НЬ АРЧИЖ ХАЯАД ОДООНЫ ЭНЭ БУЗРУУДТАЙ ХАМААРАЛГҮЙ ШУДРАГА ЭХ ОРОН АРД ТҮМЭНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ШИНЭ ХҮМҮҮСИЙГ СОНГОЖ ГЭМЭЭН ЭНЭ ДИЙЛДЭШГҮЙ БИРДҮҮДИЙГ ТОЛГОЙ ДАРААЛАН ЯАЛЛАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
Харах царайны хулгайч харагдаж байна даа.
Хөгжлийн банкны хэрэг шиг л шоу болоод дуусна. Монголын шүүхийг орвонгоор нь шинэчлээгүй цагт а лбан туша�##�тнуудын хэрэг хнзээ ч шийдвэрлэгдэхгүй ээ