Намрын сэдвүүдУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос | Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэргийг шүүхэд шилжүүлж, энэ сарын 28-нд товлолоо

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг гурав дахь удаагаа Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Мэдээлийг нэг дороос хүргэж байна.


Шууд дамжуулалт:

Өмнөх дамжуулалт:


НЭМЭЛТ: 18.30 цаг

Өнөөдөр /2023.09.20/ өглөө 10.00 цагт эхэлсэн Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох “нүүрсний” гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг есөн цаг гаруй үргэлжилсний эцэст 18.30 цагт дууслаа.

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Дагвадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагч нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцэн яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 14.00 цагт товлолоо.


НЭМЭЛТ: 17.15 цаг

-Б.Ганхуяг: Над дээр "Чингис хаан" банкны асуудал л үлдэж. Нүүрсний тээвэр, 40 их наядын ямар ч асуудал байхгүй юм байна-

Прокурорыг эсэргүүцлээ хэлж дууссаны дараа Б.Ганхуяг: Нэг зүйл дээр ямар ч тайлбар хэлсэнгүй. Угаасаа жагсаал, цуглааны нөхцөл байдал хүндрээд ирэхэд иргэдийг тайвшруулах шаардлага үүссэн. Албан тушаал нь ганхаад эхэлсэн. Амь бхөтэй үлдэхийн тулд ямар нэгэн золиос хэрэгтэй болсон. Энэ нь би юм байна. Анд нөхдүүд нь юм байна. Жагсаал ч байгаагүй, санхүүжүүлсэн зүйл ч байгаагүй юм байна. Хуулийн байгууллага Ерөнхий сайдыг худал мэдээллээр хангасан юм байна. Одоо ч ийм зүйл байхгүй учир над дээр ирэхгүй гэж ойлголоо. Ямар нэгэн хэрэг байхгүй.

Хоёрдугаар, "нүүрсний" гэх хэрэгт ер нь би байхгүй юм байна. Түрүүнээс хойш ярьж байгаа зүйл нь "Чингис хаан" банкны 40.3 тэрбум төгрөгний тухай л. "Чингис хаан" банканд мөнгө байршуулаад Монголбанкны Ерөнхийлөгчөөс тушаал ирэхэд буцааж татсан. Үлдсэн мөнгөө хөөцөлдөж, шүүхээр шийдвэр гаргуулсан. "Чингис хаан банкны хохирогчоор тогтоогдсон. Бид хохирлоо барагдуулж байгаа л асуудал. Аль хэдийнэ гурван шатны шүүхээр миний талд буюу ЭТТ ХК-ийн талд гарсан.

Нүүрстэй холбоотой 40 их наяд гээд байсан одоо хамгийн сүүлд ганц хашаа л үлдлээ л дээ. Иргэдэд 120 сая төгрөг тарааж өгнө гээд байсан хамгийн сүүлд хашааных нь модыг тарааж өгөх юм байна гэж ойлголоо. Нүүрсний хэргээ хаах гэж оролдсон боловч, үнэндээ нүүрсний хэрэг яриглсангүй. Ганцхан "Чингис хаан" банк яригдсаар байгаад дууслаа. Би асуух ёстой. Оффтейк гэрээ, нүүрсний тендерийн ямар зөрчил байхгүй юм байна. 60, 70 хэрэг үүсгэсэн. Прокурорууд өөрсдөө хэрэгсэхгүй болгочихсон. Нүүрсний гэрээ, тендер, санхүүгийн асуудлыг. ЭТТ ХК буюу надтай холбоотой ганцхан "Чингис хаан" банкны асуудал л үлдэж. Нүүрсний тээвэр, 40 их наядын ямар ч асуудал байхгүй юм байна. Над дээр эргэж ирэхгүй юм байна. УИХ-ын ажлын хэсэг дээр ч миний тухай яригдахгүй юм байна.

Дээрээс нь прокурор надад амьд явах баталгаа өгөхгүй юм байна. Энэ хүн мэдэж байгаа асуудал, зөрчлөө яриад хэрэггүй гэж үзэж байна шүү дээ. Өгөхгүй учраас тэрбумтны гэр лүү төрийн мөнгөөр төмөр зам татсан асуудлыг ярихгүй юм байна. Үүнийг улаан балаар тэмдэглээд орхичихъё. Тэр хотын ойр овоолсон шороог ярихгүй юм байна. Үүнийг нь цензургүй яриад орхичихъё.

60 тэрбумын хэрэгжээгүй схемийг хэрэгжүүлснийхээ төлөө ам нээгээд л орхичихъё. Хүмүүс өөрсдөө хайгаад олог.

Гуравдугаарт, прокурор миний өөдөөс хараад сууж байгаад худлаа ярихыг анх удаа харлаа. Надаас мэдүүлэг аваагүй шүү дээ. Хаана байгаа юм. Хавтаст хэрэг дотроосоо хэлээд өгөөч тэгэх үү. Би хайгаад олоогүй. "Би мэдүүлэг өгье" гэсэн аваагүй шүү дээ. Намайг сая зохион байгуулагч гэлээ шүү дээ. Надад бүр албан тушаал оноочихсон байна.

Илжигний уруул моринд зохидоггүй гэдэг. Одоо бидэн дээр ямар ч эвэр, хөшөө, танк тавиад зохихгүй. энэ 40 тэрбумын хэргээрээ л дуусгачих. Ядаж үүн дээрээ мэдүүлгээ өгье.

Гүйцэтгэх засаглалаас шүүх засаглалд хамгийн их нөлөөлж байна. Миний эцсийн найдвар шүүх танхимд байна. ХҮЭК рүү илгээсэн бичиг арван минутын дараа сошиал дээр гараад ирж байна. Болохгүй биз дээ. Тэгсэн мөртлөө нэг шанага ч нүүрсний асуудал энд яригдахгүй байна. Хамаагүй намайг яллаж болно. Бусад нь энхийн цагаан тагтаа шиг гэмгүй үлдэж болохгүй. Энэ хэрэг чинь өөрөө цагаан морь. Угаасаа цагаадна. Яагаад гэвэл хийсэн хэрэг, авсан зүйл байхгүй учраас тэр. Тиймээс цагаадах шинж чанартай нотлох баримт бүрдүүлэх боломжийг олгооч. Ядаж тэр 20.4 гэмт бүлэглэл үүсгэх зүйл мэдэх ч үгүй, оролцохгүй" гэлээ.


НЭМЭЛТ: 16.40 цаг

-Прокурор: "Хэргийн зохион байгуулагчийг хамтран ажиллах этгээдээр тогтоох үндэслэл байхгүй" хэмээж Б.Ганхуягийг батлан даалтад гаргах хүсэлтийг эсэргүүцэв-

"Эрдэнэс Тавантолгой ХК"-ийн захирал асан Б.Ганхуяг "нүүрсний" гэх хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэх, мэдээлэл өгөх, чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй бaйгаагаа илэрхийлж, өөртөө болон ар гэр, хамаатан садандаа хамгаалалт хүссэн билээ.

Мөн түүний өмгөөлөгчийн зүгээс Б.Ганхуягийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах хүсэлт тавьсан юм. 

Тэгвэл прокурор "Нэгэнт шүүх рүү шилжсэн этгээд хамтран ажиллагчаар тогтоогдох хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн тухайн хэргийн зохион байгуулагчийг хамтран ажиллах этгээдээр тогтоох үндэслэл байхгүй. Тиймээс Б.Ганхуягийн “Мэдээлэл өгье“ хамтран ажиллагч этгээдээр тогтоож өгөөч гэх хүсэлтийг хүлээж авах боломжгүй". Урьдчилсан хэлэлцүүлэгт яригдах боломжгүй асуудал гэж үзэж байна" хэмээлээ.

Мөн Б.Ганхуягийг батлан даалтад гаргах хүсэлтийг эсэргүүцэв. Өмгөөлөгч нарын нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлтийг хүлээж авах шаардлагагүй гэж үзлээ.


НЭМЭЛТ: 14.30 цаг

-Т.Аюурсайхан: Шударгаар шийдэж өгөөч гэж хүсч байна-

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан "Айхтар хэлмэгдүүлэлт явж байна. Олон нийтийн аюулгүй байдлын эсрэг гэдгээр ял тулгаад сууж байгаа юм байна. Зохион байгуулалттай гэмт бүлэг гэдгийг маш дутуу шалгасан. Отгонжаргал гэдэг хүн өөрийн сонирхлоор л очиж ажилласан. Гэтэл захирлаар томилогдсонд би оролцсон нь тогтоогдоогүй.

Нүүрсний хэргийг илрүүлье. Чин сэтгэлээсээ хүсч байна. Оффтейк гэрээ гэж юу юм, 733 нүүрсний гэрээ гэдэг нь юу юм, 576 бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээний цаана ямар сайд, дарга, гишүүд нь байгаа юм. Магадгүй үүний цаана хууль, хяналтын, хил гаалийн хүмүүс байна гээд л яриад байдаг. Хамт илрүүлэлцээд өгье.

УИХ дээр ч ярья. Хил дамнасан наймаа, тэр их их наядын хэрэг нь хаана байгаа юм. Үндэслэлгүй гүтгэснийх нь төлөө сайдын суудлаа өгөөд гишүүнээсээ түдгэлзээд сууж байна. Үүний цаана жинхэнэ гэмт бүлэглэл байгаа бол ялаас битгий мултраасай. Шударгаар шийдэж өгөөч гэж хүсч байна" гэлээ.


НЭМЭЛТ: 13.50 цаг

-Б.Ганхуяг: Өөртөө болон ар гэр, хамаатан садан бүх зүйлдээ хамгаалалт хүсэж байна-

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Нүүрсний" хэргийг илрүүлэхэд хамтран ажиллах хүсэлт тавьж, хамгаалалт хүсэв.

Тодруулбал тэрбээр, "Нөгөө нүүрсний хэрэг хаана байна. 40, 50 их наяд хаана байна. Том оффтейк гэрээ, хил гааль, тээвэр хаана байна. 1 тонныг 40 ам.доллароор гаргаж байсан чинь 400 ам.доллар болгосон гэсэн. Зүгээр л хашаа ярилаа, тендерт урьсан хэрүүл ярилаа. 68 хүнийг авч ирж хийсэн. Одоо ганцхан намайг байлгаж байгаа. Үнэхээр нүүрсний хэрэг илрүүлэх гээд байгаа бол би гомдолгүй ээ. Хамаагүй. Шалгаад бай. Гэхдээ үүн дунд том асуудлууд байна. Намайг анх жагсаал цуглаан зохион байгуулсан, турхирсан, санхүүжүүлсэн гэж баривчилсан. Өнөөдөр 9 сар 13 хоног болж байхад жагсаалын тухай нэг үг асуугаагүй. Мэдүүлэг аваагүй, хэрэг үүсгээгүй. Жагсаалын хэрэг хаана байна вэ гэж асуухаар цагдаагийн байгууллагад байж магадгүй гэдэг.

Энд зогсож байгаагийнх надад хамаатай хэргүүдээ шийдвэрлүүлж болох байх тийм үү. Тийм учраас би жагсаалын хэргээ нэхээд байгаа юм. Яагаад одоо болтол намайг хорьсон тогтоол дотор жагсаалын асуудал байхгүй байгаа юм бэ. Үүнийгээ мухарлаад надаас байцаалт аваач.

"Нүүрсний" хэргээр би маш их мэдүүлэг өгсөн. Нүүрсний тендер гээд 300 гаруй, нүүрсний гэрээ гээд 400 гаруй бүгд хэрэг биш болчихсон юм уу. Тэгвэл УИХ дахь ажлын хэсэг яг юу хийгээд байгаа юм бэ. Яагаад надаас юу ч асуухгүй байгаа юм бэ.

АТГ надаас асууж байгаад дутуу орхисон 4, 5 мэдүүлэг байна. Тэд нар хаана байгаа юм бэ. Жорлонгийн хэрэг надад үүрүүлж явуулангуутаа араас нь жагсаалын, нүүрсний, оффтейкийн хэрэг гэж орж ирэх гэж байгаа бол би 100 жилийн ял авах гэж байна.

Маш муу найруулсан жүжиг яваад байна. Энд байгаа 11 хүний хэрэг дандаа зохиомол, хилс. Хэлмэгдүүлэлт явж байна. Яагаад Аюурсайханыг оруулж ирж байна вэ гэдэг, над дээр байгаа хэрэг жижигдээд байгаа байхгүй юу. Зохион байгуулалттай гэмт бүлэглэл гээд том зүйл авч ирээд тавьчихсан. Тийм гэмт бүлэглэл энд байхгүй. Манай өмгөөлөгч нар сүртэй зүйл яриад байна. Тийм зүйл огт байхгүй.

Би ЭТТ ХК-нд 2007 оноос хойш ажиллаж байна. Аюурыг би таньдаггүй байсан шүү дээ. Бид хоёр 2013 онд танилцсан. Юун Аюурын зохион байгуулалттай гэмт бүлэглэлд орох. Аюур "Эрдэнэс Тавантолгой", нүүрс мэдэхгүй. Очиж ч үзээгүй энэ нөхөр. Тэгээд би яахаараа энэ бүлэгт элсчихдэг, гишүүн нь болчихдог юм.

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой маш ноцтой асуудал яригдаж байна, шүүгч ээ. МАН-ын асуудал яригдаад байна шүү дээ түрүүнээс хойш. Хар л даа. МАН-ын гэрчилгээ надад байна. МАН гээд биччихсэн. 220 мянган гишүүнтэй МАН. 2016 оноос хойш 100 хувь эрх барьж байгаа байгууллага. Энэ намын тулгын дөрвөн байгууллага бий. Энэ тулгын дөрвөн чулууны нэгийг ярьж байна. 220 мянган гишүүнийг авч ирээд энд шүүж байна шүү дээ. Намын дарга, намын төлөөлөл хаана байна. Удирдах зөвлөлийн төлөөлөл энд сууж байна. /Т.Аюурсайхан руу заав.сурв/" гэлээ.

Прокурор: "Халиад яриад байна, шүүгчээ. Танаас шүүгч өмгөөлөгчдийнхөө санал дээр нэмэх зүйл байна уу гэж тодорхой асуусан. Өмгөөлөгч нарынхаа гаргасан санал хүсэлттэй холбоотойгоор нэмж ярих зүйл байгаа эсэхийг ярь. Хэргийн үйл баримт яриад байна" хэмээн сануулав.

Үргэлжлүүлэн тэрбээр "Хүсэлт гаргах гэж байгаа тул хүсэлттэй холбоотой зүйлсээ ярьж байна. Өөрийн болон ар гэр, хамаатан садан, бүх зүйлдээ хамгаалалт хүсэж байна.

МАН-ын шинэчлэлийн хорооны гишүүд шүүгдэж байгаа учраас энэ байгууллагаас анхаарч, төлөөлөл ирэх ёстой. Ингэж байж над дээр ахиж хэрэг үүсэхгүй, эрх зүйн байдал маань дордохгүй байх ёстой.

"Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор 300 гаруй гэрээ, 200 гаруй тендерийг шалгаж маш их хэмжээний баримт бүрдүүлсэн. Тээвэр, хил гаальтай холбоотой маш их мэдээлэл авсан. Логикийн хувьд "Эрдэнэс Тавантолгой" ХК дээр ямар ч гэрээ, тендерийн асуудал байхгүй, хэрэгсэхгүй болох нь тодорхой болсон.

Үндэсний аудитын газраас дөрвөн жил дараалан "Эрдэнэс Тавантолгой" ХК-д шалгалт орсон. Сангийн яамнаас байнга шалгалт орж байгаа. Дээрээс нь Төрийн худалдан авах ажиллагааны газар, Тагнуулын ерөнхий газар, АТГ, ЦЕГ-ын ажлын хэсгүүдийн шалгалт ордог. УИХ-ын ажлын хэсгүүдийн шалгалт ч орж байгаа. Эдгээр шалгалтуудаар бүгд зөвтгөгдчихсөн учраас надад тендертэй холбоотой асуудал байхгүй. "Хишиг арвин индустриал" ХХК зэрэг маш олон компанитай холбоотой ч тендерийг шалгасан. Асуудал байхгүй, учраас энэ хүнтэй хамааралгүй болсон. /"Хишиг арвин индустриал" ХХК-ийн үүсгэн байгуулагч Хишигдоржийн хүү Батхишиг рүү заав.сурв/

Тиймээс би АТГ болон прокурорын байгууллагад санал тавих гэж байгаа юм. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж байна. "Нүүрсний" гэх хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэх, мэдээлэл өгөх, чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Иймд хамтран ажиллах хүнээр намайг тогтоож, намайг болон миний ар гэр, хамаатан садны хамгаалалтад авч өгнө үү" гэсэн ийм хүсэлт өгч байна.

Энэ хүртэл яваад Даваадорж, Дагвадорж, Отгонжаргал, МАН-ын шинэчлэлийн хороо, дээрээс нь сая ярьдаг Чингис хаан банк. Би Чингис хаан банканд давуу эрх олгоогүй. Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гараад угаасаа тэр банкийг байхгүй болгочихсон. Тэрэнтэй холбоотой маш их баримтыг би нэхсэн. Одоо миний мэдүүлэг дотор байж байгаа. "Бүх банк руу хийсэн миний гүйлгээг олоод өгөөч ээ" гэж. Авч ирээгүй. Ганцхан Чингис хаан банкийг сугалж аваад ирсэн. Зөвхөн намайг яллахад зориулагдсан зүйлсийг сугалж авч хэрэг үүсгэчхээд 40 хүрэхгүй тэрбум төгрөгний тухай, яллах яллахгүйн тухай яригдаад байж байна. Үлдсэн 40 их наяд хаана байна.

Бид 11-ээр Монгол Улсад шударга ёс тогтоох гэж байгаа бол зөвшөөрье. МАН-ын асуудлаа ч ярья, нүүрсний хэргээ ч ярья. Залуучууддаа боломж олгоод асуудлуудаа ярьж. Тийм учраас надад баталгаа хэрэгтэй байна. Намайг 9 сар энд байлгалаа. 100 гаруй хавтасны бараг 60 хувь нь хэрэггүй болчихсон. Та бараг уншаад хэрэггүй. Яагаад гэвэл надтай хамт баригдсан 60 гаруй хүнийг шалгагдаж, бүгдийг нь хэрэгсэхгүй болгочихсон. Хэрэгсэхгүй болгож буцааж өгөөд, прокурорт дахиад хэрэг хэрэгтэй байсан учраас "Чингис хаан" банкийг оруулж ирсэн.

Тиймээс намайг дахин нэг өдөр хорих шаардлага байгаа юм уу. Миний эрх зүйн байдал дордож байна. Бид энд зүгээр л хоног өдрийг хороож байна. Миний амь насыг хэн хамгаалах юм бэ. Миний гэр бүл л хамгаална. Намайг 2017 оноос л хойш шалгалаа шүү дээ. Би угаасаа шалгуулахын одонд төрсөн" гэлээ.


НЭМЭЛТ: 12.30 цаг

-О.Дагвадоржийн өмгөөлөгч хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргав-

Т.Түвшинбаатарын өмгөөлөгч С.Саруултөгөлдөр урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан үндэслэлээ тайлбарласны дараа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн өмгөөлөгч Б.Мөнхбат үг хэлж байна.

Тэрбээр, "Б.Ганхуягийн үйлдсэн гээд байгаа үйлдлүүдэд Т.Аюурсайхан, Отгонжаргал нартай холбоо, хамааралтай нэг ч үйлдэл тогтоогдож, нотлогдоогүй. Хөгжил шинэчлэлийн хороо гэдгээр нь хамаатуулан оруулж ирсэн бололтой" гэлээ.

"МД трейвэл" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Дагвадоржийн өмгөөлөгч н.Батжаргал: Манай үйлчлүүлэгчийг 2022.12.08 яллагдагчаар татсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10, 18.6 гэсэн зүйл заалтуудаар яллагдагчаар татаж, гэм буруутайг шалгаж байгаа. Ямар төрлийн гэмт хэрэг үйлдээд яллагдагчаар татагдаж энд сууж байгаа гэдэг нь ойлгомжгүй байна. Б.Ганхуяг гэдэг хүнийг таван сарын өмнө таньдаг болсоноороо яллагдагчаар татагдсан. Тэр хүнээр дамжуулж хоёр гурван хөрөнгө оруулагчтай уулзсан байдаг.

4га газрыг ямар эх үүсвэрээр авсаныг ухаж төнхөж шалгасан. Шалгаад байгаа хочр зүйл анги нь ямар ч үндэслэлгүй. Хувийн компанийн захирлын албыг сайн хашсаных нь төлөө нийтийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэдэг зүйл ангиар буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Тиймээс мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргаж байна" гэлээ.


НЭМЭЛТ: 11.30 цаг

-Д.Нямдорж: Т.Аюурсайхан эрэгтэй костюм оруулж ирж худалдаалаад 50 мянган ам.доллар хураасан-

Т.Аюурсайханы өмгөөлөгч Д.Нямдорж: "Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр зүйл ангиар яллагдагчаар татаад байгаа. Өнөөдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж ирүүлээгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10.2 зүйлд заасан гэмт хэрэг, үүнд холбогдуулан шалгаж байгаа үйл баримттай холбоотой асуудлаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргасан.

Эд хөрөнгийн үнэлгээг хэд хэдэн удаа гаргасан. Ингэхдээ зохих журмыг ноцтой зөрчсөн асуудлаар өмгөөлөгч П.Баасанжав тодорхой хэллээ.

Мөрдөн шалгах ажиллагаа зөвхөн яллах талыг барьж явагдсан. Хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй. Хуулиар эргэлзээгүй тогтоох ёстой. Субьект нт нийтийн албан тушаалтан байх, хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн байх. Энэ хоёр шинж эргэлзээгүй. Үндэслэл бүхий тайлбар хийж чадаж байна уу. үгүй юу гэдгийг зайлшгүй тогтоох шаардлага байгаа. 5-22 хуудас бүхий бичгийн тайлбарыг холбогдох байгууллагуудад баримтуудын хамт гаргаж өгсөн. Холбогдох шалгалтуудыг хийлгэх хүсэлтээ өмгөөлөгч нараараа удаа дараа гаргаж байсан.

Шалгах ёстой байсан үйл баримтуудыг дурдъя.

Нэгт, миний үйлчлүүлэгч 2007 оноос 2015 оны хооронд нийт 30 удаа гадаад улс руу зорчсон. Хил хамгаалах газрын лавлагаагаар энэ нь тогтоогддог. Хувиараа брэндийн хувцас буюу эрэгтэй костюм оруулж ирж худалдаалдаг байсан. Энэхүү бизнесээсээ 50 орчим мянган ам.долларын хадгаламж өөртөө бий болгосон.

Мөн ааваас нь өвлөгдөн ирсэн, өөрөө ч нэмсэн өндөр үнэ бүхий маркны цуглуулгатай. Үүнийгээ дагасан бизнес эрхэлж багагүй хэмжээний орлого олж байсан. Анхнаасаа мэдүүлэгтээ дурдсан. ХОМ-тээ ч мэдүүлсэн. 2017-2021 оны хооронд 44 мянган ам.доллар, 34.5 мянган еврогийн орлого олсон талаар хэлж мэдүүлсэн. Үүнийг шалгах боломжтой. Эх сурвалжуудаас ч зааж өгсөн. Харамсалтай нь шалгах ажиллагаа хийгдээгүй. 2022 онд 40 сая төгрөгийн маркаа худалдаалсан. Худалдаж авсан хүмүүсийг тодорхой хэлж өгсөн. Хууль ёсны хөрөнгийн эх үүсвэрүүд юм.

2017 онд зарим УИХ-ын гишүүдийн хамт Чили болон Перу улсад зорчихдоо тодорхой үнээр худалдаж авсан хоёр ширхэг номин чулууг Монгол Улсын хилээр оруулж ирсэн байдаг. Бага хэмжээтэй чулуугаар нь өөртөө хөөрөг хийлгэсэн. Гэрт нь үзлэг нэгжлэг хийх үеэр гарч ирсэн. Хэргийн материалд гэрэл зураг нь бий. Том хэмжээтэй номин чулууг н.Даваажав гэх хүнээр дамжуулан БНХАУ-ын иргэнд 30 мянган ам.доллароор худалдаалсан.

УИХ-ын сонгуулийн үеэр зарим нэр бүхий хүмүүсээс өндөр хэмжээтэй хандив өгсөн гэдэг асуудал яригддаг. 80 орчим тэрбумын асуудал. Энэ талаар тодорхой гэрчүүд мэдүүлсэн. Үүний эх үүсвэрийг юу гэж үзсэн нь тодорхойгүй.

2017 онд Батхүүгээс орон сууц худалдан авахын тулд 300 сая төгрөгийн зээл авсан байдаг юм. Гэрт нь нэгжлэг хийх үеэр зээлийн гэрээний баримт олдсон. 300 сая төгрөг бас нотлогдож тогтоогдсон үйл баримт байхгүй. Хан-Уул дүүрэгт амьдардаг 720 сая төгрөгийн орон сууцыг нь мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн.

Турк улсын иргэн ... миний үйлчлүүлэгчтэй хуурай ах, дүүгийн харилцаатай. Оюутан байх үеэс нарийн сайн харилцаатай байсан. Тус иргэн Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа эрхлэх зорилготой байсан. 5-10 хүний бүрэлдэхүүнтэй ирж байсан удаатай. Монгол Улсад байнга байрлах орон сууцны асуудал яригддаг. Ингээд Т.Аюурсайхан өөрт байгаа Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт байрлах байруудаа түрээслэх санал тавьсан. Улмаар зөвшөөрч 33 мянган ам.доллар төлсөн байдаг. 2012 онд зочлон очиход 50 мянган ам.доллар өгсөн асуудал байгаа. Нийт 100 мянган ам.долларыг гар тээшинд хийгээд Монгол Улсын хилээр оруулж ирсэн. Үүнд бас зохих шалгалтыг хийгээгүй" гэлээ.

Шүүгч: "Мөрдөн байцаалтад буцаалгах гол үндэслэлээ ярь" хэмээлээ.


НЭМЭЛТ: 11.00 цаг:

-П.Баасанжав: 2023.07.28-нд 338 сая төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйл баримтыг нэмэгдүүлж, яллагдагчаар татсан-

Т.Аюурсайханы өмгөөлөгч П.Баасандорж: "Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд хэргийн оролцогчийг хязгаарласан тухай гомдлыг би эхлээд ярья. Миний бие 2023.07.28-нд 338 сая төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйл баримтыг нэмэгдүүлж, яллагдагчаар татсан тогтоол гаргасан. Энэ тогтоолд өглөө 10.00 цагт гомдол гаргасан. Хариу нь үдээс хойш 14.00 цагт гарч ирсэн. Нийслэлийн прокурорын орлогч А.Энхжаргал хариу өгсөн. Уг хариуд 3 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэсэн. Ингээд УЕП-т гомдол гаргасан. Үүнтэй зэрэгцээд "Хэргийг шүүхэд шилжүүлчихлээ, хүнээ авч ир" гэсэн.

Т.Аюурсайханы хэргийг шилжүүлж байвал болоо гэсэн шиг УЕП, Нийслэлийн прокурор нүдээ аньсан. Т.Аюурсайханы гаргасан гомдлыг огт хянаж, хэлэлцдэггүй" хэмээн ярилаа.


НЭМЭЛТ: 10.40 цаг

-Б.Гэрэл-Очир: Жүчээнд 338 гаруй сая төгрөг зарцуулж, бариулсан-

Т.Аюурсайханы өмгөөлөгч Б.Гэрэл-Очир: Морины жүчээ биш малын хашаа саравч. Бидний хэлдэгээр өвөлжөө. Үүнийг 74.7 сая төгрөг хэмээн зохиомлоор үнэлсэн. Тал палкыг нь бүтэн, халаалттай байр хэмээн үнэлсэн. Ийм байдлаар хүнийг яллах боломжгүй. Хөрөнгийн шинж чанарыг тодорхойлох ажил хийгдээгүй. Энд байгаа зураг тодорхойлж чадахгүй.

Дараагийн нэг асуудал 2023.07.06-ны өдрийн прокурорын тогтоолд өөрчлөлт орсон. Ингэхдээ Т.Аюурсайханыг нэмж яллагдагчаар татсан хэрнээ энэ үйлдлээ өөрсдөө шалгаагүй.

Жүчээнд 338 гаруй сая төгрөг зарцуулж, бариулсан. Энэ хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай тул прокурорын байгууллагад буцааж өгнө үү гэж хүсч байна" гэлээ.


НЭМЭЛТ: 10.30 цаг

-Т.Аюурсайханы өмгөөлөгчөөс хэргийг прокурорт буцаах хүсэлт гаргалаа-

Урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх өмгөөлөгч нарын санал хүсэлтийг сонсож эхэллээ. Т.Аюурсайханы өмгөөлөгчид дөрвүүлээ ажиллаж байгаа бөгөөд Н.Цэцэгмаа, П.Баасанжав, Б.Гэрэл-Очир, Д.Нямдорж гэсэн дарааллаар үг хэлнэ.

Т.Аюурсайханы өмгөөлөгч Н.Цэцэгмаагийн зүгээс хэрэгт авагдсан үйл баримтыг прокурорын яллах дүгнэлтэд үндэслэн нарийн нотолж тодруулах шаардлагатай тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах саналыг гаргалаа.


НЭМЭЛТ: 10.00 цаг

-Нийт шүүгчдээс татгалзах Б.Ганхуягийн хүсэлтийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж, шүүх хурал эхэллээ-

Урьдчилсан хэлэлцүүлэг 09.00 цагт товлогдсон ч, 10.00 цагт эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан дараах зүйлсийг хэллээ.

Тэрбээр “Нүүрсний” гэх нэр томъёо ашиглан тодотгож зарлаад байгаа нь хуульд нийцэж байгаа юм уу. Яагаад нүүрсний гэж тодотгоод байгаа юм бэ. Хил, гааль, оффтейк гэдэг зүйлийг мэдэхгүй. Би хуулийн байгууллагынхныг нүүрсний гэх хэргийг бодитойгоор илрүүлэхээр ажиллаж байгаа гэж ойлгож байна. Оффтейк гэрээг иргэд зөвхөн төмөр замны төслүүд гэж ойлгоод байгаа. Гэхдээ үүний цаана нүүрс ачиж буулгах терминал, зөөх тээвэрлэх зэрэг бүх зүйл багтдаг.

Олон нийт үнэ бодит мэдээлийг шаардаж байна. Өнгөрсөн хугацаанд үндэслэлгүй мэдээллүүд цацагдсан. Үүнд ашиг сонирхлууд явагдаж байна гэж ойлгосон. Бид хилсээр хэлмэгдмээргүй байна. Тиймээс энэ шүүх хурлыг явуулахдаа нэр уснаас нь эхлээд анхаараад өгөөч гэж хүсч байна.

Шүүгч “Нийт шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээн авахгүй.Татгалзсан хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Өмнөх шүүх хуралдаанаас “Нэр томъёоны асуудалд анхаараарай” гэдэг шаардлагыг тавьсан. Түүнээс хойш ийм алдаа гарсан гэж үзэхгүй. Тиймээс энэ хүсэлт хангагдсан гэж үзэж байна" гэлээ.

Иймд хурлыг Б.Халиун шүүгч үргэлжлүүлэн явуулахаар боллоо.

Урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх өмгөөлөгч нарын санал хүсэлтийг сонсож эхэлж байна.


ЭХЛЭЛ: 08.00 цаг

-Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 09.00 цагт эхэлнэ-

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг гурав дахь удаагаа болох гэж байна. Өнөөдөр /2023.09.20/ 09.00 цагт эхлэхээр товлогдсон аж. Өмнө нь,

Наймдугаар сарын 30-нд болох байсан ч уг хэрэгт холбогдсон Т.Түвшинбаатарын өмгөөлөгч “Шүүх хурал давхацсан” гэх хүсэлт гаргаснаар хойшилсон.

Есдүгээр сарын 12-н болсон ч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар дахин хойшилсон.

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нартай тэдний хамаарал бүхий есөн хүн шүүгдэх билээ. Тодруулбал, 

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, түүний дүү Т.Түвшинбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга асан И.Даваадорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Худалдан авалтын албаны дарга бөгөөд ерөнхий аудитор Б.Отгонжаргал, "Лаки лайф" ХХК-ийн удирдах албан тушаалтан Г.Гантөмөр нар.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр П.Бадамханд, “Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү Х.Батхишиг, "МД трейвэл" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Дагвадорж, "Эрдэнэс Тавантолгой"-н Санхүүгийн албаны дарга асан Б.Эрдэнэбаяр, иргэн О.Угтахбаяр нар.


Өмнөх шүүх хурлаас хүргэсэн Нэг дороос | Нийт шүүгчдээс татгалзсан Б.Ганхуягийн хүсэлтийг шийдвэрлэхээр тодорхойгүй хугацаагаар завсарлалаа нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-20 13:07

нэг муу гоонжний наймаачинг бид бүүр гишүүн болгоод дэд болгоод дээш нь з�##�сан байна ш дээ

Зочин
Зочин
2023-09-20 13:31

ЯАЖ ХУДАЛ ЧАЛЧААД ЯЛ ЗАВШИХГҮЙ

Зочин
Зочин
2023-09-20 14:12

Өүр даапаа лчихсан энтр

Иргэн
Иргэн
2023-09-20 14:28

Үнэхээр пээдгэр байнаа, тохироогоо хийчихсэн юм байхдаа

Зочин
Зочин
2023-09-20 14:31

Алдах юм ихтэй хүн аймхай байдаг гэгчээр өлөн аюурсайхан гэгч новш хичнээн өмгөөлөгч авч вэ . Үнэнхүү айж байна дөө

Зочин
Зочин
2023-09-20 14:48

АРД ИРГЭД ЧИНЬ ҮНИЙН ШУУРГАНД СӨХӨРЧ ОЛСОН ХЭД НЬ ХААНАА Ч ХҮРЭХГҮЙ ӨР ЗЭЭЛЭНД БАРИГДАЖ ДЭЭШЭЭ ТЭНГЭР ХОЛ ДООШОО ГАЗАР ХАТУУ ЯВАХАД ГИШҮҮН САЙД ДАРГА НАР НЬ ЯААХААРАА ТОРГОНД ХӨЛБӨРЧ ТОСОНД УМБАЖ ЯАВДАГИЙМ МОНГОЛ ШИГ ЗАХ ЗЭЭЛ БАГА УЛСАД ХЭДЭН ГООНЖ ОРУУЛЖ ИРЭЭД ГАНЦ НЭГ ЧУЛУУ ЗАРААД ЛУСЫН ХААН ШИИГ БАЯН БОЛЧИХДОГ ЮМУУ ХОЛ ОЧИЖ ХУЦААСАЙ УЛС ОРНОО ИРГЭДЭЭ ГЭСЭН СЭТГЭЛГҮЙ ХУВИА ХИЧЭЭСЭН ИЙМ Л БУЗРУУДЫГ БИД ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ЗАЛЖ ИРЖ ШҮҮДЭЭ

Зочин
Зочин
2023-09-20 15:54

Bi nacaaraa gonjom zaraad eruucuu uudluugvi,nvvrciig gonjoom gej yriad baigaamyy,yuch oilgoddoggvi kk

Ард
Ард
2023-09-20 17:58

Наад нам дагасан өлөн хулгаачуудын гай их юм даа хужаа шиг цааз өгөөд хамаатан садан суганы үснүүд хүүхдүүд гээд нууц амрагууд бүгдиинхэн хөрөнгиин хурааа хужаа шиг тэгүүл монгол хөгжинө хуулиааааа хатуу болгооооо л�##�руудааа ул ш�##� чацага нэртэй шахуу болсон гуйлгачдааа

Зочин
Зочин
2023-09-21 09:59

Одоо хорьж бгаа нь хамга�##�т биш үү.

иргэн
иргэн
2023-09-21 10:12

Жүчээнд 338 гаруй сая төгрөг зарцуулж, бариулсан хүнийг ш�##�гаад хэрэггүй шууд бууд...

Стар
Стар
2023-09-21 11:08

Цаад чинь шарандаа бусад хулгайч нараа илчлээд б�##�айг нь авах хэрэгтэйм биш үү

ыбө
ыбө
2023-09-21 11:16

Цаад чинь нүхээ м�##�таад эхэллээ. Одоо нөгөө хулгайч нар нь өөрсдийгөө илчлэхгүй гээд энэ 2оо аварна

Bold
Bold
2023-09-21 13:25

Huzuugui hun miye 2 n tuluunii humuus tur huviin hevshliin buh udirdah ajild bna ylanguya hil gaaliar shuuh prokuror tsagdaa hynaltad mash bat buh suuj bna MAN hurelsuh oyunerdene zandanshatar nart uuniig halah solij saijruulah eruugiin bolon busd huuli hongliin shuuhiig solij shinchlej sonirhol yagaad baihgui bnaa uund l neg no bna nuguu 300000 tn nuurs shaadag huvidaa buh l uul uurhai atgaj baidag ajnai baterdene tuunii saltaanii us seddorj batchuluun tumen bayr badraanuud yasan be ted nuursnii hulgaichuud bish uu

Холбоотой мэдээ

Back to top button