Монгол Улсын эдийн засаг 2023 оны сүүлийн улирал, 2024 онд сайн өсөлт үзүүлнэ

Дэлхийн томоохон банкнууд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн талаар мэдээлэл хийжээ. Тодруулбал Европын сэргээн босголт хөгжлийн банк (EBRD) болон Азийн хөгжлийн банк (ADB) Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөвийн талаар нийтлэл гаргасан байна.
“EBRD” Төв Азийн бүсийг бүхэлд нь авч үзсэн байгаа юм. Тус банкны нийтлэлийг эхлээд харцгаая.
Төв Азийн орнуудын эдийн засаг 2023 оны эхний хагаст хүчтэй өсөлт үзүүлсэн. Олон улсын худалдаа болон аялал жуулчлал сэргэж, ОХУ-аас шилжин ирэх иргэдийн тоо, мөнгөний урсгал ихэссэн, БНХАУ эдийн засгаа нээсэн нь өсөлтөд нөлөөлсөн гэж “EBRD” үзжээ.

Европын сэргээн босголт хөгжлийн банк Бүс нутгийн эдийн засгийн хэтийн төлөвийн тайлангаа өнгөрсөн лхагва гарагт /2023.09.27/ нийтэлсэн. Тэрхүү тайлангаас харвал Төв Азийн бүсийн ДНБ 2023 онд 5.7 хувь, 2024 онд 5.9 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Тус бүс нутгийн өсөлт үргэлжлэх төлөвтэй байна.
Гэхдээ тус тайланд зээлийн хүү өндөр байгаа нь тухайн бүс нутагт орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээнд нөлөөлж магадгүй гэдгийг онцолжээ. Одоо Төв Азийн орнуудын эдийн засгийн хэтийн төлвийг улс улсаар нь авч үзэцгээе.
Монгол Улс

Монголын эдийн засаг 2023 онд 7.2 хувь, 2024 онд 7.5 хувиар өсөх хандлагатай байна. Энэ нь БНХАУ-д Монголоос авдаг түүхий эдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, Тавантолгойн нүүрсний ордуудыг Хятадтай холбосон төмөр замууд ашиглалтад орж, гүний уурхай ажиллаж эхэлсэнтэй холбоотой.
Аялал жуулчлалын салбар бүрэн сэргэсэн нь ноос ноолууран бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарын ажиллагааг сайжруулахад түлхэц болжээ. Экспорт, уул уурхай, аялал жуулчлалын салбар өссөөр байвал хэтийн төлөвийг бэхжүүлж магадгүй юм. Гэхдээ дэлхий даяар бодлогын хүү нэмэгдэж, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь хэтийн төлөвийн гол эрсдэл болно.
Казахстан

Казахстаны эдийн засаг 2023, 2024 онд 5 хувиар өсөх хандлагатай, гэхдээ нефтийн үнэтэй холбоотой тодорхойгүй байдал бий. Тус улсын жижиглэн болон бөөний худалдаа, барилга байгууламжийн салбарт мэдэгдэхүйц өсөлт ажиглагдаж байна.
Түүнчлэн дэд бүтэц, тээвэр агуулахын салбарт төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгджээ. Энэ нь Төв Азийн зах зээлд үйлчилгээ түгээлтийн төв болох Казахстаны зорилгыг харуулж байгаа юм.
Гэсэн хэдий ч Украины дайн нь Хар тэнгис дэх Каспийн хоолойн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа нь Казахстаны газрын тосны экспортыг саатуулж, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэл бий.
Киргизстан

Бүгд Найрамдах Киргиз улсын ДНБ 2023 онд 4.6 хувь, 2024 онд 7 хувиар өсөх төлөвтэй. Тус улсын эдийн засгийн өсөлт металлын үйлдвэрлэл, ХАА-ын салбарын бууралтын улмаас энэ оны эхний долоон сарын хувьд өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар буурсан юм.
Үүнтэй зэрэгцээ гадаадын орнуудын эрэлтийн ачаар дотоодын нэхмэлийн салбар эрчимтэй хөгжжээ. Мөн аялал жуулчлалын салбар мэдэгдэхүйц өргөжиж, хүнсний үйлдвэрлэл, жижиглэнгийн болон бөөний худалдааны өсөлт ажиглагдсан.
“EBRD”-ийн тайланд эрчим хүч, усны хомсдол мөн ОХУ-тай худалдаа хийж буйгаас тус улсад тавигдсан хоёрдогч хоригийн улмаас Киргизийн эдийн засгийн хэтийн төлөвийг дордуулж болзошгүйг анхааруулжээ.
Тажикстан

Тажикстаны эдийн засаг 2023, 2024 онд 7.5 хувиар өсөлт төлөвтэй байгаа юм. Бүс нутгийн хамтын ажиллагаа эрчимжиж, улсын хөрөнгө оруулалт, ОХУ-аас орж ирж буй мөнгөн гуйвуулга, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хөгжил сайн байгаа нь ийм өндөр өсөлт үзүүлэхэд нөлөөлөх гол хүчин зүйлс.
Гэвч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, хил дамнасан усны нөөцтэй холбоо бүхий зөрчилдөөн нь хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж магадгүй юм.
Узбекистан

Узбекистаны ДНБ 2023 болон 2024 онд 6.5 хувь хүрэх хандлагатай. Энэ өсөлтөд нөлөөлсөн хамгийн том зүйлс бол дотоодын эрэлт хэрэгцээ, цалингийн өсөлт, зээлийн өсөлт.
Тэр тусмаа жижиглэн худалдаа, барилга, үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбаруудад өсөлт сайн ажиглагджээ. Цаашид мөнгөн гуйвуулга, ялангуяа ОХУ-аас ирж буй мөнгөний урсгал буурч, дэд бүтцийн хуучрал, усан хангамжийн асуудал зэрэг нь өсөлтөд саад учруулж магадгүй байна.
Европын сэргээн босголт, хөгжлийн банк тайландаа ингэж бичжээ. Тэгвэл Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв дээр юу хэлснийг харцгаая.
Азийн хөгжлийн банк Монголын эдийн засгийн сэргэлт, өсөлт 2023 оны сүүлийн улирал мөн түүнээс цааш ч гэсэн үргэлжилнэ гэж үзжээ. Тус банк “Азийн Хөгжлийн банкны хэтийн төлөв” нэртэй тайлан гаргахдаа Монгол Улсын эдийн засгийг 2023 онд 5.7 хувиар өснө гэж тооцоолсон байна.
Тус банк өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан тайландаа 5.4 хувиар өснө гэж мэдээлж байсан билээ. Гэхдээ 2024 оны өсөлтийн графикийг 6.1 хувиас 5.9 хувь болгон бууруулсан байв.

Ирэх жил Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг уул уурхайн салбар авч явна гэж тайланд бичжээ. Азийн хөгжлийн банкнаас Монголд суудаг ахлах эдийн засагч Эдвард Фабер “Эргэн сэргэлтэд салбар салбаруудын оруулсан нөлөө өөр байгаа ч эдийн засгийн өсөлтийн ойрын төлөв тогтвортой байна. Өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй болгохын тулд үнийн тогтвортой байдлыг хангаж, ажил эрхлэлтийг сайжруулан, эдийн засгийн уян хатан байдлыг бэхжүүлэх шаардлагатай” гэж хэлсэн юм.
Энэ хоёр банкны тайлангаас харвал Монгол Улсын эдийн засаг 2023 оны сүүлийн улирал, мөн 2024 онд ДНБ-ий өсөлт сайн ажиглагдах төлөвтэй байна.
Эх сурвалж: Xinhua, European Bank for Reconstruction and Development
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hudla soliorod