УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | БШУ-ны сайд эцэг эхчүүдийг буруутгаж, БНСУ-д амиа хорлосон багш нарын кейс дурдав

УИХ-ын баасан гарагийн /2023.10.06/ чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэллээ.

НЭМЭЛТ: 12.00 цаг

Хүүхэд хамгааллын асуудлаарх мэдээлэл сонсох, хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Бага насны хүүхдийг хүчиндсэн этгээдэд өршөөл уучлал үзүүлэхгүй, магадлангаар суллахгүй гэх хуулийн төслийг өргөн барьчихсан. Шууд баталъя. Хүүхдийн хүчирхийллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргахгүй байх хэрэгтэй. Үнэхээр тэр хүүхдийг хайрлаж байгаа бол та болих учиртай. Худлаа хайртай гэсэн дүр эсгэхгүй байя. Үнэн хайр чимээгүй байдаг” гэв.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Загасны ой санамжтай баймааргүй байна. Сургуулийн орчинд хүүхдийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа асуудал бий. Үүнийг нуухгүй. гэхдээ бүх бурууг сургууль руу, багш нар руу чихдэг. Багш сурган хүмүүжүүлэгч хүчирхийлэгч, хүүхдийн эрхийн мэдрэмжгүй хүмүүс болчихсон мэт бодлыг нийгэмд төрүүлж болохгүй. Хатуу хэлж анхааруулмаар байна.

Х.Булгантуяа сайдын мэдээлэлд сая дурдагдлаа. Хүүхдийн хүчирхийллийн 70 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж байна гэж. 70 хувь шүү дээ. Тэгэхээр гэр бүлийн орчинд уу, сургуулийн орчинд уу гэдгийг зөв үнэлж цэгнэмээр байгаа юм. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Бүгдийг сургууль, багш нар руу чихэж болохгүй.

Энд ХҮЭК-ийн Ж.Хунан дарга сууж байна. Ж.Хунан дарга аа, багш нарын эрх зөрчигдөж байна уу, ер нь. Яаж байна. Эцэг эх, асран хамгаалагчдын дарамтаас болж яаж зөрчигдөж байна гэдгийг авч үзэх бодитой нөхцөл байдал Монгол Улсад үүсчихсэн байна шүү. БНСУ-д хэд хэдэн багш амиа хорлосон асуудлаас болж том жагсаал цуглаан болж, эрхийг нь хамгаалах хуультай болж байна шүү дээ. Багш нар маш их ачаалалтай, дээрээс нь эцэг эхчүүд сэтгэл санааны дарамт үзүүлдэг, доромжилдог нөхцөл байдал үүсчихсэн. Үүнээс болж багш нар сэтгэлзүйн дарамтанд орж, бухимдаж байна" гэлээ.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: ХНХЯ яг үнэндээ хэзээ ч хүүхэд хамгааллын асуудалд анхаарал тавьж байгаагүй шүү. Энэ ажлыг ХЗДХ-ийн яам л хийсэн. ХНХ-ын яамныхан ХЗДХ-ийн яамтайгаа хамтарч ажилла. Нэг агентлагийн төсөв нэмлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй.


НЭМЭЛТ: 11.00 цаг

-Х.Булгантуяа: Дотуур байранд хүүхдийн эрх ашиг зөрчигдөж, амиа хорлох нөхцөл үүссээр байна-

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

УИХ-ын даргыг Г.Занданшатарыг үг хэлж дууссаны дараа ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл уншиж танилцууллаа.

Мэдээлэлд, "Монгол Улсын хүн ам 3.5 сая болж өмнөх оноос 1.4 хувиар өсч, нийт хүн амд 18 хүртэлх насны хүүхдийн эзлэх хувь 36.2 хувь буюу 1.3 сая хүүхэд байна. 

Монгол Улсад 2022 оны байдлаар 941.5 мянган өрх бүртгэгдэж, өмнөх оныхтой харьцуулахад 2.3 хувиар өсчээ. Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 65 мянга 90 эх амаржиж, 67874 хүүхэд төрүүлсэн.

Энэ хичээлийн жилд 1,413 цэцэрлэгт 266,024 хүүхэд, төрийн болон хувийн өмчийн 859 ерөнхий боловсролын сургуульд 746,405 хүүхэд суралцаж байна. 

Бүтэн өнчин 2,911, хагас өнчин 36,363, үрчлэгдсэн хүүхэд 1,478 байна. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд амьдарч байгаа 460,344 хүүхэд буюу нийт хүүхдийн 35.4 хувь байна. Хүнсний эрхийн бичигт 76,063 хүүхэд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдэд олгож байна. 

Хүүхэд хамгааллын зардлыг үе шаттайгаар нэмэгдүүлсэн. 2016 онд хууль дөнгөж батлагдаж, хүүхдийн эрхийг хамгаалах агентлагтай болсоны дараа анх 365 сая төгрөгний төсөвтэй эхэлж байсан. Өнөөдөр найман тэрбум төгрөгийн төсөвтэй, 21 аймаг, есөн дүүрэгт салбартай бүтэц болж ажиллаж байна. 20 түр хамгаалах байр, 15 нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байна. 2018 оноос ТББ-тай хүүхэд хамгааллаар гэрээлэн ажиллаж эхэлсэн.

Нийгэмд гарч байгаа хүүхдийн хүчирхийллийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчинд эцэг, эх асран хамгаалагчийн зүгээс үйлдэгдсэн байна. 2022 онд хүүхдийн тусламжийн 108 утсанд 117 мянга, 2023 оны есдүгээр сарын байдлаар 78,310 дуудлага хүлээн авсан.

Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2018-2023 оны хооронд 19,231 хүн үйлчлүүлсэний 67.7 хувь нь хүүхэд. ГБХЗХГ-ын 2022 оны мэдээллээр эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 14,207, 2023 онд 8,081 хүүхдийг илрүүлж, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн болно.

ЦЕГ-аас 2023 оны наймдугаар сарын статистик мэдээллээр насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг 756, гэмт хэрэгт 932 хүүхэд холбогдон шалгагдаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжид хүүхдийн өдөрт интернэтэд зарцуулах хугацааг 120 минутаас ихгүй байлгахыг зөвлөдөг. Гэвч 13-18 насны хүүхдийн нийгмийн сүлжээ ашиглахад зарцуулж байгаа дундаж цаг 231 минут байна.

Дотуур байранд амьдарч байгаа хүүхдийн эрх ашиг зөрчигдөж, амиа хорлох нөхцөл байдал үүссээр байна. Иймд хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлдэн УИХ-д өргөн барихаар бид бэлдсэн. Уг хуулийн төсөлд боловсролын салбарын хүүхэд хамгааллыг өргөжүүлж, боловсрол сургалтын бүх байгууллага, сүм хийд дотуур байрын орчинд хүүхдийг хамгаалах, сургуулийн орчинд хүчирхийлэл, гадруурхалтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх процессыг тодорхой зааж өгөөд байгаа юм" гэлээ.


НЭМЭЛТ: 10.35 цаг

-УИХ-ын даргад "Согтуу жолоочтой дайн зарлах, ялыг чангатгах" санал иржээ-

Үүний УИХ-ын дарга Г.Занданшатар өөрөө үг хэллээ.

Тэрбээр, "Холбогдох хүмүүс хууль, дүрэм журмаа сайн биелүүлж чадахгүй байна уу, эсвэл бидний бий болгосон хууль тогтолцоо эрхзүйн орчин оновчтой биш байна уу. Сүүлийн хоёр гурав хоногт D parlianment-д болон УИХ-ын даргын нэр дээр олон санал санаачилга ирлээ. "Согтуу жолоочтой дайн зарлаач ээ", "Хуулиа чангалаач" гэж байна. Согтуу жолооч гэдэг зэвсэг бариад явж байгаа хүнтэй ялгаагүй.

Барилгын стандартыг шинэчилж цонхнуудыг наалт, хаалттай болгомоор байна. БХБЯ энэ стандартыг бий болгооч. Хүүхдэд аюулгүй болгох стандарт хэрэгтэй байна. Мөн барилгын орчин дахь хүүхдийн тоглоомын талбайг анхаарах шаардлагатай. Ерөнхий сайдын хэлдгээр тоглоомын талбайг битүү бетонон ширэнгэ болгочихсон. БХБЯ стандартаа шинэчил.

Сум, аймаг, нийслэлийн гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг хүүхдийн аюулгүй байдлыг хангахуйц болгох хэрэгтэй байна. Энэ бүх асуудлуудыг цогцоор нь харж анхаармаар. Өчигдөр, өнөөдөр ярих ёстой, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн хэлэх ёстой, тэр байгууллага энэ байгууллагын хөдлөх ёстой гэх биш. Харанга дэгдэж байхад эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн асуудал гэж мэтгэлцэж суух цаг биш. Нийгмээрээ хөдлөх хэрэгтэй" гэлээ.


НЭМЭЛТ: 10.20 цаг

-Ш.Адьшаа: ЗГ хүүхэд хамгааллын нэгж байгуулах шаардлагатай байна-

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллын талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.

Тэрбээр, "Хүүхэд хамгаалал зөвхөн эмэгтэй гишүүдийн асуудал биш. Тэд маань хууль өргөн барьчихсан байгаа. Эрчүүд нь энэ талаар анхаарал тавьдаг. УИХ-ын дарга ч анхаарч, холбогдох хүмүүсийн дунд хэлэлцүүлэг эхэлж байна. Монгол төрийн буруу бодлогоос болж 2018-2023 оныг дуустал долоон жилээр тэтгэврээ бодуулсан хөгшид хохирч байна. Хэд хэдэн албан тушаалтантай уулзсан ч, нөхөн олговор байхгүй гэдэг асуудал ярьж байна. Тиймээс зохион байгуулалттай тэмцэхээс өөр арга алга. 58 мянган хүнийг би уриалж байна. Хороо, дүүрэг болгон толгойлогчтой болгож, гарын үсэг зуруулна" гэв.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: "Хүүхэд хамгааллын асуудлын талаар УИХ-ын чуулган дээр тодорхой шийдвэр гаргах шаардлагтай боллоо. Төрийн эрх дээд байгууллагын түвшинд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хэлэлцүүлэг өрнүүлээд өнгөрөх биш шийдвэр гаргах хэрэгтэй байна.

Гэмт хэргийн улмаас 900 гаруй хүүхэд нас барж 2000 гаруй хүүхэд гэмтсэн байна. 1181 хувь нь хүчиндэх гэмт хэрэгт өртсөн байна. Энэ бол монгол төр анхаарч, ярих хэмжээнд хүрчихлээ. Аав хүний хувьд би санал оруулж байна.

Хүүхэд хамгаалал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн асуудал болж. Засгийн газар хүүхэд хамгаалалд тодорхой нэгж байгуулах шаардлагатай. Яаралтай горимоор шийдье. Улсын төсөв бид хэлэлцэж байна. Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хөрөнгө мөнгө тодорхой хэлбэрээр тусгая. Одоо бол харагдахгүй байна" гэлээ.

Түүний дараа УИХ-ын гишүүн С.Одонтуяа хүүхэд хамгааллын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлагатай тухай санал оруулж ирж, ярихаар нэрээ бүртгүүлсэн байв. Гэвч энэ санал нь хангагдаж хэлэлцүүлэг эхэлсэн тул, үг хэлэхээс нэрээ татлаа.


ЭХЛЭЛ: 10.00 цаг

-Чуулган: Хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл сонсоно-

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

Өнөөдрийн хуралдаанаар хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудлаар мэдээлэл сонсохоор төлөвлөөд байна. Энэ талаар өчигдрийн /2023.10.06/ хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар сануулж, үүрэгдсэн билээ.

Өнөөдрийн хуралдаанаар мөн дараах асуудлууд хэлэлцэнэ:

· Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

  Ерөнхий сайдын мэдээлэл: Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан зам, тээврийн салбарын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-06 11:39

Новшнууд харин ч нэг ярих байх. Үр дүн гарлаа юу

Зочин
Зочин
2023-10-06 12:14

БУЛГАНТУЯА ЖАРТАЙЧИХААД НЭЭГ ИХ ЧУХАЛ ЦАРАЙЛЧИХЖЭЭ ХҮҮХДИЙН ЭРХ НОЦТОЙ ЗӨРЧИГДӨЖ ҮАБЗ ХЭМЖЭЭНД ЯРИГДАХ АСУУДАЛ БОЛЧИХООД БАЙНА БИТГИЙ ИНГЭЖ ХУДЛАА ПОПОРЧ БАЙГААЧ ХОЙД ЭЦГИЙХЭЭ ГАРТ АЛУУЛЛАА ОДОО САДИСТ АЛУУРЧИД ЗҮГЭЭР Л АВЧ ЯВААД ОР СУРАГГҮЙ БОЛГОЧИХООД ӨӨРИЙГ ӨӨ ХУТГАЛЖ ЗҮСЭЖ ЖҮЖИГЛЭЖ БАЙНА.ДАРУЙХАН ЦААЗЫХАА ЯЛЫГ СЭРГЭЭЖ ХҮҮХДИЙН ЭСРЭГ ҮЙЛДЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙГ ЗҮЙЛЧЛЭН ЧАНГАТГАХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛД ХҮҮХДИЙН ЭРХ ЗӨРЧИГДӨӨД МАШ УДАЖ БАЙНА ОДОО Л АНХААРАХ ЦАГ НЬ БОЛЧИХООД БАЙНА ӨӨРСДИЙХӨӨ ҮР ХҮҮХЭДТЭЙ ЗҮЙРЛҮҮЛЖ ҮЗЭЭЧ ТА НАР

Холбоотой мэдээ

Back to top button