Х.Булгантуяа: Хүүхдийг төрсөн цагаас нь эхлээд хамгаалдаг цахим системтэй болгоно

Засгийн газрын өнөөдрийн /2023.10.11/ ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн эрх хамгааллын талаар авч хэрэгжүүлж байгаа. Осол аваар, хүчирхийлэл нэмэгдэж байна. Нийт хүн амын 1.2 сая буюу 36 хувь нь хүүхэд. Мөн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай айл өрхөд нийт хүүхдүүдийн 36 хувийг эзэлдэг. Хүнсний эрхийн бичигт хамрагдаж байгаа хүүхдүүд 76 мянга, эрсдэлт нөхцөлд 14 мянган хүүхэд байна.
Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчинд. 23 хувь нь сургууль, найз нөхдийн орчинд, 6.9 хувь нь бусд орчинд. Насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг оргил үедээ буюу 2022 онд 700-1,500 орчим болсон. Хүүхэд өөрөө хохирогч болсон тохиолдол 1,000-2,000 орчим байна гэх тоон үзүүлэлтүүд гарсан.
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо огт буурахгүй байна. 2022 онд гэхэд 300 орчим. Энэ оны эхний есөн сарын байдлаар хүүхдийн мэдээллийн 108 утсанд 70 орчим дуудлага ирсэн. Үүний 50 хувь нь зорилтот дуудлага. Улсын хэмжээнд 33 асрамжийн газарт 1000 гаруй хүүхэд өсөж, хүмүүжиж байна.
Хүүхдийг төрсөн цагаас нь эхлээд хамгаалдаг цахим системтэй болгоно. Төрсний гэрчилгээ олгодог шиг бүртгэлийн систем. Одоо амьдарч байгаа хаяг, сурч байгаа сургуулиар нь бүртгэдэг. Гэтэл тухайлбал, хөдөө орон нутгаас Улаанбаатарт шилжиж ирснийг нь бид мэддэггүй. Ингэж шилжиж ирснийхээ дараа хүчирхийлэлд өртөж, эрсдэлд орох тохиолдол нэмэгддэг. Эрсдэлд байгаа хүүхдүүдийн гэр орон байнга нүүж, сургууль нь солигддог. Тиймээс хүүхэд бүр цахим системтэй болно.
Ирэх оны төсөвт хүүхэд хамгааллын мөнгийг 14.3 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж байна.
Гэр бүлийн тухай хуулийг ирэх долоо хоногт өргөн барина. Гэр бүлээ батлуулахгүйгээр хамтран амьдрах тохиолдол их. Хамтын амьдрал дуусгавар болоход хүүхэд хохирох тохиолдол гардаг. Үүнийг ч хуульчилна. Мөн үе тэнгийн дээрэлхэлтийг ч хуульчилж байгаа. Сум болгон хүүхдийн асуудал хариуцсан тусгайлсан мэргэжилтэнтэй болно.Суманд малын чиглэлээр таван хүн ажиллаж байгаа мөртлөө хүүхдэд чиглэсэн нэг ч хүн байхгүй байна" хэмээн ярилаа.
Мөн сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-"UB Сub" такси үйлчилгээг бүртгэлжүүлэх үү?
-Дорноговьд гарсан харамсалтай хэргийн дараа очиж ажилласан. Намайг очихоос өмнө Ub Cub очоод ажиллаж байсан. Хүүхдэд ээлтэй таксиг камержуулж ажиллах, сургалт мэдээлэлд хамруулах шаардлагатай байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
balai melree avgai