НОБГ: Үнэрийн тухай 230 дуудлага ирснээс "Очир дагинас", "Сод Монгол" компаниудыг шалгаж байна

Өнөөдөр /2023.10.12/ нийслэлд тодорхойгүй үнэр тархсантай холбоотойгоор Нийслэлийн онцгой байдлын газраас цаг үеийн асуудалтай холбогдуулан мэдээлэл хийж байна.
Шууд дамжуулалт:
- Улиастай, Дүнжингарав, Их Монгол хороолол, 100 айл, 120 мянгат, 19 үйлчилгээний төв, Хархорин гэсэн газруудаас 230 дуудлага ирсэн-

-Нийслэлийн онцгой байдлын газраас "Шадар сайдын зүгээс холбогдох байгууллагуудад үнэн зөв мэдээлэл өг гэсэн. 2023.10.11-ний 23.00 цагаас 2023.10.12-ний 12.00 цаг хүртэл Налайх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр Хонхор орчмоос эхлэн Улиастай, Дүнжингарав, Их Монгол хороолол, 100 айл, 120 мянгат, 19 үйлчилгээний төв, Хархорин гэсэн газруудаас 230 орчим дуудлага ирсэн. Иргэд "газ, бензин мэт зүйл үнэртэж байна" гэх дуудлага өгсөн. Үүн дээр маш их төөрөгдөл буруу мэдээлэл явсан. Налайх дүүрэгт төмрийн үйлдвэр дэлбэрсэн талаарх мэдээлэл мэргэжлийн байгууллагад ирээгүй. Энэ бол ташаа мэдээлэл.
Тавантолгой түлш зүүн үйлдвэр хэвийн ажиллаж байна. Шинэ туршилт хийсэн асуудал байхгүй. Одоогоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Дүгнэлт мэдээлэл хараахан гараагүй. Гарсан даруйд мэдээлэл өгнө. Айл өрхийн агааржуулах хоолойгоор үнэртэж буй зүйл нь газ бус. Газ нь агаарт удаан тогтох боломжгүй. Баянзүрх дүүргийн хэмжээнд 24 газын агуулахад үзлэг, шалгалт хийсэн. Илэрсэн зөрчил байхгүй. Ажилласан тос масло бохирын шугамд нийлүүлсэн байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлттэй шалгалтын ажил явагдаж байна. Налайхаас Дүнжингарав хүртэлх бохирын шугамыг шалгаж байна.
Хонхор орчим "Очир дагинас" ХХК-ийн хажуунаас үнэр эхэлж байгааг холбогдох мэргэжлийн байгууллага шалган ажиллаж байна.
"Хан-Уул дүүргийн 20-р хороо эрүүл мэндийн төвийн орчим бензин масло шиг зүйл урсаад байна" гэх мэдээллийн дагуу очиж шалгаж ажиллаж байгаа. Моторын тосоо асгасан "Делта Сервис" ХХК-иар бүрэн цэвэрлүүлэхээр ажиллаж байна.
17.00 цагийн байдлаар газ болон угаарын хийтэй холбоотой дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй.
"Хонхорт байрлах "Сод Монгол" колонкоос хий алдагдсан байж болзошгүй" гэсэн мэдээллийн дагуу Байгаль орчны хоёр байцаагч ажиллаж байна.
-102 тусгай дугаарын утсанд дөрвөн дуудлага мэдээлэл ирсэн-

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга, хурандаа Сугаржав "Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд дөрвөн дуудлага мэдээлэл ирсэн. Баянзүрх, Налайх дүүргийн цагдаагийн байгууллага "Очир дагинас" ХХК орчмын бохирын худагт үзлэг хийх ажил одоо эхэлж байна. Одоогоор тос масло юу, өөр бусад химийн бодис уу гэдэг нь тодорхой болоогүй байгаа учир хүний биед хортой эсэхийг хэлэх боломжгүй" гэлээ.
-Одоогийн байдлаар үнэртэй холбоотой зовиураар ирж үзүүлсэн хүн байхгүй-

Эрүүл мэндийн хэлтсийн дарга Болормаа "Газ үнэртээд сургууль, цэцэрлэг ажиллаагүй гэсэн мэдээлэл гарсан. Энэ дагуу харъяа газруудад ажилласан. Одоогийн байдлаар үнэртэй холбоотой зовиураар ирж үзүүлсэн хүн байхгүй" гэв.
-Угаарын хийн агууламж ноцтой өссөн үзүүлэлт байхгүй байна-

Нийслэлийн агаарын орчины бохирдолтой тэмцэх хэлтсийн дарга Даваажаргал, "Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг 18 станц тасралтгүй хэмжиж, үзэж байгаа. Угаарын хийн агууламж ноцтой өссөн үзүүлэлт байхгүй байна. Дүнжигаравын орчим түгээмэл тархацтай зургаан долоон үзүүлэлт, ноцтой хэмжээнээс давсан зүйл байхгүй байна.
Үнэртэй холбоотойгоор манай редакц цаг үеийн мэдээллийг тасралтгүй хүргэж, ажиллаж байгаа Нэг дороос | Албаныхан "Очир дагинас" ХХК-ийн үйлдвэрийн байр руу ороод хоёр цаг болж байна нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.