ЭРҮҮЛ МЭНД

Эмнэлэг хооронд цус тээвэрлэх ажиллагааг дроноор гүйцэтгэнэ

Монгол, Японы төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран “Шинэ үеийн ухаалаг тээвэрлэлт Монголд” симпозиумыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Уг симпозиумын үеэр Монголын шинэ үеийн ухаалаг ложистикийг дэмжих ажлын хэсгийг байгуулж талууд санамж бичигт гарын үсэг зурав.

Энэхүү ажлын хэсэгт Монголын талаас Ньюком групп, Мобиком корпораци, ТокТок компаниуд болон  Цус сэлбэлт судлалын үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг орсон бол Японы талаас Aeronext, KDDI Smart Drone, Seino, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) зэрэг байгууллагууд оржээ.

Эдгээр байгууллагууд хамтран дрон хүргэлтийн сүлжээ болох SkyHub® хэмээх ухаалаг ложистикийн шинэ системийг Монголд хэрэгжүүлэх боломжийн талаар судлах юм байна. Түүнчлэн оролцогч талууд энэ ондоо багтаан дрон ашигласан эмнэлгийн хангамжийн сүлжээг Монгол улсад байгуулах боломжийг Цус сэлбэлт судлалын үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгтэй хамтран хийх бөгөөд дроноор цус тээвэрлэх туршилтын ажлуудыг хийнэ гэдгээ мэдэгдэв.  

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) нь хөгжиж буй орнуудын тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Японы аж ахуйн нэгжүүдийн оролцоо, бизнесийн үйл ажиллагааг дэмжиж ирсэн ба энэхүү судалгааны ажил ч уг хөтөлбөрийн нэгээхэн хэсэг болж байгаа бөгөөд Японы Aeronext болон Seino компаниудын хөгжүүлсэн, одоогоор Японы хэд хэдэн бүс нутагт хэрэгжих шатандаа байгаа шинэ ухаалаг ложистикийн систем болох SkyHub®-ийг Японоос гадаад улсад тэр дундаа Монгол улсад нутагшуулж, хөгжүүлэх эхний  алхам болж байгаагаараа онцлог юм.

"Шинэ үеийн ухаалаг тээвэрлэлт Монголд" симпозиумд Монгол, Японы ложистик, түгээлтийн салбаруудад бизнесийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болон төрийн албан хаагчид, эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд зэрэг 100 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Түүнчлэн Монгол улсад дрон ашигласан эмнэлгийн хэрэгслийн хүргэлтийн сүлжээ байгуулахад шаардагдах баталгаажуулалтын судалгааны явцыг танилцуулж "Монголд дроны салбарыг хөгжүүлэх үр дүнтэй хууль эрх зүйн орчин бий болгох" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэхүү төсөл нь Монгол улсын хэмжээнд ухаалаг ложистикийн шинэ үеийн бүтээн байгуулалт, дэд бүтцийг бий болгох замаар нийгэм, эрүүл мэндийн салбар тэр дундаа эмнэлгийн яаралтай тусламжид тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чухал хувь нэмэр нэмэр оруулах юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button