Гадаадын иргэд, жуулчид "E-Mongolia"-гаас үйлчилгээ авч эхэллээ
Албаны болон хувийн зорилгоор Монголд оршин сууж байгаа гадаадын иргэд, жуулчид F-Register /бүртгэл/ ашиглан E-Mongolia-гаар өнөөдрөөс эхлэн үйлчлүүлж эхэллээ.
F-Register гэдэг нь Монголд амьдран суугаа болон аялан жуулчилж буй иргэд улсынхаа код, төрсөн огноо, хүйс зэргээс бүрдсэн бүртгэлийн дугаар юм.
Гадаадын иргэд E-mongolia-д нэвтэрч, оршин суугаа, аялж зорчиж буй газар байршлынхаа картыг үзэх, хаягийн лавлагаа авахаас эхлээд, Монголд бизнес эрхэлдэг, хөрөнгө оруулахыг хүсвэл, бусад үйл ажиллагаа явуулах бол хуулийн этгээд байгуулах, зөвшөөрлийн хүсэлтээ цахимаар илгээх, компанийхаа мэдээллийг хянах, цаг, зардлаа хэмнэх зэрэг өргөн боломжтой боллоо.
Хэрвээ Монголд компани, хуулийн этгээдтэй бол бүртгэлийн мэдээллээ үзэж, бизнесийн олон төрлийн үйлчилгээг гар утас, компьютерээ товшоод авна. Монголд хөрөнгө оруулах, манай орны хөгжилд тустай ажил үйлс эрхлэх, аялж жуулчлахад хэл, соёл, мэдээлэл, ойлголт, хууль эрх зүйн орчны зөрүү хүндрэл учруулдаг. Компани бүртгүүлэхээс эхлээд орчуулагч, хөтөч дагуулан явах, харилцаж ойлголцоход эхний алхмаасаа бэрхшээлтэй тулгардаг.
E-Mongolia-д Foreign цонх нээгдэж, гадаадын иргэдэд технологи үйлчилж эхэлсэн нь хөрөнгө оруулалт уриан дуудах таатай орчин угсарч бүтээхэд хувь нэмрээ оруулна. Foreign цонхны онцлох хэсэг дэх бүх төрлийн виз мэдүүлэх, сунгах зэрэг мэдээлэл immigration.gov.mn-д линк хэлбэрээр шууд шилжих боломжтойгоор шийдлээ. Оршин суугаа хаягийн лавлагаа авах, Гадаадын иргэн харьяатын газартай холбоо барих, яаралтай тусламжийн утасны дугаар зэрэг нэн шаардлагатай мэдээлэл англи хэлээр байршсан.
ЦХХХЯ, “И-Монгол академи” гадаадын иргэд Монголд хөрөнгө оруулж, бизнес эрхлэх, аялан жуулчлахыг дэмжих, өөрөөр хэлбэл шинэ ажлын байр, цалин хөлс, татвар, төсвийн орлого нэмэхэд хөшүүрэг болох технологийн шийдлүүд боловсруулан ажиллаж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин бүтээхэд технологийн шийдэл ашиглах нь Монголд чиглэсэн доллар, валютын урсгалыг тэлэх, төгрөгийн ханшид эергээр нөлөөлөхөд хувь нэмрээ оруулна.
Гадаад улсын бүртгэлийн дугаарыг яаж авах вэ?
Монгол Улсын хилээр нэвтэрснээс хойш 24 цагийн дараа бүртгэлд үндэслэн гадаадын иргэнд 13 оронтой регистрийн дугаар (F регистр) олгоно. Мөн гадаад паспортын зургаа [email protected] хаягаар илгээж, богино хугацаанд авах боломжтой.
Зааврын дагуу төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia аппликейшнээс F регистрийн дугаар авах үйлчилгээг ашиглах боломжтой. Гадаадын иргэн мэдээллээ үнэн зөв бөглөсөн бол орон зайн саадгүйгээр 13 оронтой F бүртгэлийн дугаараа шууд хүлээн авна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.