Уран хатгамалч И.Сандаг-Очир: Хобби ашигтай байх хэрэгтэй, миний захиалга 1.5 саяас эхэлдэг

Үндэсний уран хатгамалчдын анхдугаар чуулган гурав хоногийн өмнө Төрийн ордонд болж өнгөрсөн. Энэхүү чуулганыг угтаж “Хатгамаллах урлагийн гайхамшиг-4” үзэсгэлэн Монголын үндэсний музейд нээлтээ хийв. Тодруулбал, Үндэсний уран хатгамалчдын IV уралдааны хүрээнд Монгол Улсын 21 аймаг, 330 сум болон нийслэлийн есөн дүүргээс 150 орчим хүний 1000 гаруй бүтээл иржээ.
Бид энэхүү уралдаанд өөрсдийн бүтээлээрээ оролцсон 80 настай буурай Ц.Цэндэм болон залуу үеийн төлөөлөл И.Сандаг-Очир нартай ярилцлаа.
-Залуус, хүүхдүүдээ захихад нэг зүйлдээ тууштай байгаарай-
-Та өөрийгөө танилцуулбал, хэзээнээс хатгамал хатгаж эхэлсэн бэ?
-Дорнод аймгийн Баяндун сумын уугуул Цэдэнгийн Цэндэм. Өдгөө 80 нас хүрч байна. Би таван охин, нэг хүүтэй. Одоо төрж, өссөн нутагтаа амьдарч байна.
Сургуульдаа бүтээл хураалгадаг байсан юм. Долоо, наймдугаар ангийн охин байхдаа л анх удаа хатгамал хатгасан. Түүнээс хойш их олон жил өнгөрчээ. Энэ бүх хугацаанд нутаг ус, аж ахуй амьдралаа зурж байгаад л бүтээл бүтээсэн дээ.

-Танай гэр бүлд уран хатгамалч хүн байсан уу?
-Байгаагүй ээ. Харин манай авга ах Ардын уран зураач О.Цэвэгжав гэдэг хүн бий.
-Та ямар мэргэжилтэй хүн бэ?
-Би 28 жил бага ангийн багшаар ажилласан. Уран зураачийн удам гээд сүүлд намайг зургийн багш болгож байлаа. Нутаг орондоо сайхан ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.
-Таны бүтээлүүдээс хамгийн их урт хугацааг зарцуулсан уран бүтээл байдаг уу?
-Байгаа. Оросын алдарт "Гурван баатар" гэдэг зургийг хатгахдаа гурван жилийн хугацааг зарцуулсан. Яагаад удсаныг сайн хэлж мэдэхгүй юм, ямартай ч гурван жилийг зарцуулсан. Их удаж байж дуусгасан болохоор их хайртай.

-Уран хатгамал хатгаснаар хүн юуг хамгийн их сурдаг вэ?
-Тэвчээр л их сууна даа. Харин ч нэг тэвчээртэй болгодог эд шүү. Аливаад нухацтай, хянамгай болно. Ер нь хатгамал, оёдлоос суралцах зүйл арвин. Миний хатгамлууд дийлэнх нь нутаг ус, ёс заншлын хэлхээтэй. Одоо үед чинь хөдөө нутгаасаа алсраад байгаа шүү дээ. Тийм болохоор хатгамал болгондоо ёс заншлаа хадгалдаг.
-Та өөрийн уран бүтээлээс арилжиж байсан уу?
-Үгүй ээ. Манай аймаг, сумынхан бүгдээрээ л гарын ур сайтай. Бүгд л уран нарийн юмандаа сайн болохоор зарж, наймаалцаж байгаагүй ээ.
Залуу үеийнхэнд зориулж хэлэх үг?
-Аливаад нухацтай хандаж сураарай. Хүнд юм байна, хэцүү юм байна гэж битгий шантраарай. Нэг зүйлдээ тууштай байх нь алсдаа үр өгөөжөө өгдөг юм шүү.
Ц.Цэндэм гуайн бүтээлээс
-Эзэн нь эдээ таних үед л өөрийн бүтээлээсээ арилждаг-
Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат И.Сандаг-Очир. Тэрбээр 25 настай бөгөөд өөрийн хоббигоор уран хатгамал хийж бүтээл урладаг аж.

-Хэзээнээс уран хатгамал хатгаж эхэлсэн бэ?
-Арван жилд технологийн хичээл үзэж байх үед, ангийн охидууд зүү ороож даалин урлана. Тэр үед сонирхож ангийнхаа охиноор заалгаж байсан. Одоо оёдол, эсгүүр хийгээд найман жил болж байна. Миний хувьд уран хатгамал нь хобби болсон. Ганц өдөр суугаад гараас гаргадаг зүйл биш учраас өдөр бүр хийнэ, тэгж байж л эцсийн уран бүтээл бэлэн болно.
-Энэ удаагийн уралдаанд ямар бүтээлээр оролцож байгаа вэ?
-Одоо үеэс шилжээд, хүрээнд амьдарч байсан бол гэж бодож, эрэгтэй хүний иж бүрдэл дээл, малгай, даалин урласан. Би жил болгон өөртөө дээл, бүс, малгай, даалин урлаж өмсдөг. Маш олон төрлийн загвар санааг бодож байгаад л сонгож хийдэг.
-Уран, хатгамал, оёдолоос хүн юуг илүү их сурдаг вэ?
-Хамгийн түрүүнд хүн тэвчиж сурна, дараагаар төлөвшинө тэгээд төлөвлөж сурна. Хоногийн 24 цагийн хэдэд нь амарч, хэдэд нь ажиллах, хэдэд нь бүтээлээ урлах вэ гээд нарийн хувиартай. Мөн бие хийгээд, сэтгэлзүйн хувьд асар их амар амгаланг олдог. Зүү ороох оёдол нь сантиметрээр биш, миллметрээр хэмжигддэг болохоор их нарийн, анхаарлаа төвлөрүүлж, бие сэтгэлээ амгалан болгож байгаад урладаг. Оюун санааны хувьд хамгийн том бясалгал болдог шиг санагддаг.
-Та сая уран хатгамлыг өөрийн хобби гэсэн, тэгвэл танд өөр төрлийн хобби байдаг уу?
-Би их олон төрлийн сонирхолтой хүн. Арьсан дээр оёдол хийнэ, арьсаар бүтээгдэхүүн хийх гэж үзнэ, ер нь хийж болох бүхий л зүйлийг сонирхдог.
-Танай гэр бүлд үлгэр дууриалал авахуйц уран хатгамалч байдаг уу?
-Манай аавын аав бурхны зураг зурдаг, нэртэй сайн лам хүн байсан гэдэг. Харин ээжийн ээж их сайхан дээл хувцас урладаг хүн байсан. Багаасаа эмээ дээрээ зүү, утас сүвлэж өссөн дөө.
-Эрэгтэй хүн хатгамалч байх нь ховор шүү дээ, тэгэхээр таныг хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?
-Хүмүүсээс урмын сайхан үг их сонсдог. Гэхдээ зарим хүмүүс их муухайгаар хүлээж авна "Эрэгтэй хүн үйл урлаад сууж байх нь их хүйтэн харагддаг", "Шоронгийн хоригдол шиг" гээд дургүйлхэх хүмүүс мэр сэр байдаг л юм. Тэр болгонд гуниж, гутрахгүй шүү дээ. Би чинь багийн л зүү утас сүвлээстэй, элдвийн хээ хуар зурчихаад оёх гэж зүтгэдэг хүүхэд байсан. Одоо бол дуртай юмаа хийгээд л явж байна.
-Та өөрийн уран бүтээлээсээ худалддаг уу?
-Би хувьдаа эзэн нь таних гэдэг зүйлд итгэдэг. Яах аргагүй эзэн нь эдээ таньдаг үе байдаг. Тэр үед худалддаг. Гэхдээ худалдахаасаа илүү хадгалдаг нь олонтаа. Харин хүмүүс захиалгаар үйл урлуулдаг. Хамгийн багадаа нэг сая 500 мянгаас эхэлсэн ханштай.
-Уран хатгамлын онцлог шинж чанараас дурдвал?
-Монголчууд эрт үеэсээ л өнгийг билэгдэж ирсэн ард түмэн. Ямар нэгэн бүтээл урлаж эхлэхдээ өнгөний билэгдэл хийгээд зохицлыг нэн түрүүнд бодно. Би хувьдаа ан амьтан урлахаас ихэд цээрлэдэг.
-Үеийнхэндээ болон залуу дүү нартаа хандаж үг хэлбэл?
-Миний хувьд хобби гэдэг нь хааяа ашигтай байх хэрэгтэй гэж боддог. Би хоббигоороо хийсэн бүтээлээ арилжиж байгаа нь миний ашиг шүү дээ. Хий хоосон цахим тоглоом тоглоод надад юу нэмэгдэх билээ гэж бодож эргэцүүлж, бие сэтгэлээ хөгжүүлэх шинэ хобби эрж хайгаарай гэж уриалмаар байна.
-Ярилцсанд баярлалаа.
Т.НАНДИН-ЭРДЭНЭ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uil uran baix boltugai 80 nastai xun gexed utas zuu xolboj uran xatgam#l xiideg anuuxan tenxluuxen ajilsag saixan buurai bainaa
Shaampar l#r ve
Үйл бүтэг ээ
Манай хөдөөнийх ч шун�##�тай л даа!Дээхэн үеийн нүнжиг бүр үгүй болсон.Юм юман дээр харагддаг.Ааруул ээзгийгээ аймаар үнтэй зарж бж хамаг нүнжиг өрөм тосыг нь хуу хамна!Үнэндээ тохироогүй!
Нутгийн дүү мундаг байна шдээ амжилт хүсье
Хүний дээдэн яваарай хоббигоо амжилттай болгож аав ээж ах дүүс нутаг орныхоо нэрийг илүү их өндөрт өргөж яваарай