УРЛАГ

Танилц: Латин бүжгийн ДАШТ-д эх орноо төлөөлөх "Moon dance" ба "Star dance" хамтлаг

Одоогоос нэг жилийн өмнө буюу аравдугаар сарын 15-ны өдөр ХБНГУ-ын Брауншвэйг хотод латин болон стандарт хамтлаг бүжгийн ДАШТ болж өндөрлөж байв. Тус тэмцээнний Латин бүжгийн төрөлд манай улсын "Moon Dance" болон "Star Dance" хамтлагууд оролцож галтай өрсөлдөөнийг үзүүлсэн. Эргэн санабал, Сарны бүжигчид буюу "Moon dance" гурван шатны үзүүлбэрийн нийт дүнгээр 33.75 оноо авч энэ төрөлд дэлхийн аваргын 12 удаагийн аварга Германы багийн ард буюу хоёрдугаар байрт жагсаж мөнгөн медалийн эзэд болсон юм.

Харин улсаа төлөөлөн анх удаа латин хамтлаг бүжгийн ДАШТ-д 2010 онд оролцож байсан "Star dance" хамтлаг дөрөвдүгээр байрт шалгарч мөн л гайхалтай амжилтыг үзүүлсэн. Тэд гурван шатны үзүүлбэрийн нийт дүнгээр 32.85 оноо авч дэлхийн хэмжээний баг гэдгээ ийн батлан харуулсан юм. Мөн улсаа төлөөлөн энэхүү тэмцээний стандарт хамтлаг бүжгийн төрөлд өрсөлдсөн 27 жилийн түүхт "Хатан туул" хамтлаг амжилттай оролцож финалдаж байв.

Тэгвэл 2023 оны латин болон стандарт хамтлаг бүжгийн ДАШТ арванхоёрдугаар сарын 18-нд Хонгконгд болох товыг зарласан. Энэ жилийн тухайд Монгол Улс эх орноо төлөөлөн Сарны бүжигчид болон Стар бүжгийн хамтлагууд дахин оролцоно. Энэ жилийн тухайд манай хоёр хамтлаг хоёул медаль хүртэх бүрэн боломжтой бөгөөд аль аль нь аваргын цомыг хүртэх зорилгыг өвөртөлж буй нь мэдээж.

Латин Формейшн бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэд аварга "Moon Dance" хамтлагийн тухай 14 баримт

  • 2016 оноос анх Латин Формейшн бүжгийн ДАШТ-д оролцож эхэлсэн
  • Тэд тасралтгүй долоон жил дэлхийн аваргад өрсөлдөж байгаа 2022 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн нь тэдний гаргасан хамгийн том амжилт
  • “Moon Dance” бүжгийн төрлөөр дэлхийн түүхэн амжилт бүтээсэн Азийн цорын ганц хамтлаг
  • Тэмцээн зохион байгуулагчдын зүгээс тэдэнд “Азиас финалд үлдэнэ гэдэг бол ямар ч Европ хүний сэтгэхүйд байхгүй зүйл. Гэтэл та нар хийж чадлаа” хэмээн хэлж байсан
  • 2016 онд анх “Ice Queen” бүжгээрээ хагас финалд шалгарч дэлхийд шуугиан тарьсан
  • 2017 онд мөн энэ бүжгээрээ өрсөлдөж шигшээ зургаад шалгарч финалистын цомыг хүртсэн
  • 2018 онд БНХАУ-д болсон ДАШТ-д өрсөлдсөн
  • 2019 онд өмнөх амжилтуудаа ахиулж дахин дэлхийн хамтлаг гэдгээ баталж чадсан
  • Тэдний дэлхийн аваргын тайзнаа бүжиглэсэн хоёр дахь бүжгийн нэр “Шонхор”
  • 2022 онд тэд үндэсний ондоошил, онцлог, өв соёлоо харуулсан шинэ бүжгээр өрсөлдсөн
  • Үзүүлбэрийн нэр 4 махбодийн хүч буюу “The Power of the 4 Elements”
  • Тэд 33.75 оноо авч дэлхийн 12 удаагийн аварга багийн дараа буюу дэд аваргын байрт шалгарч чадсан
  • Тэд Стандарт болон Латин бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд найман удаа түрүүлсэн

Латин Формейшн бүжгийн ДАШТ-ий дөрөвдүгээр байрт шалгарсан "Star dance" хамтлагийн тухай долоон баримт

  • Тэд Латин формейшн бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10 дахь удаагаа оролцсон
  • Анх 2010 онд ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан тус тэмцээнд оролцож 10 дугаар байрт шалгарсан
  • 2017, 2019 онуудад амжилтаа ахиулан оролцож долоодугаар байр шалгарч байсан
  • Харин 2022 онд дахин амжилтаа ахиулж дэлхийн шилдэг зургаан хамтлагийн нэгээр шалгарсан
  • Тэд хоёр багш 23 шилдэг бүжигчдийн бүрэлдэхүүнтэй ДАШТ-д оролцсон
  • Уг хамтлаг 15 жилийн өмнө анх үүсгэн байгуулагдсан
  • “Star” бүжгийн хамтлаг 10 жилийн уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн дүнд 2022 оны Дэлхийн аваргын дөрөвдүгээр байрт шалгарсан
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button