Тодруулга: Гурван хүний амь хохироосон Сибирийн шуурга манай орныг дайран өнгөрнө

2023 оны арваннэгдүгээр сарын 19-ний ням гарагт Сибирийн хэд хэдэн бүсэд хүчтэй шуурга болсны улмаас гурван хүн нас барж, 225 мянган хүн тоггүй болсон байна.
Энэхүү салхи манай улсын нутгаар шуурах магадлалтай бөгөөд УЦУОШГ-аас дараах тодруулгыг бэлтгэлээ.
УЦУОШГ, "Сибирийн нутаг дахь хүчтэй салхи манай улсын төвийн болон зүүн аймгийн нутгуудаар дайрч, шуурах төлөвтэй юм. 2023 оны арваннэгдүгээр сарын 20-ний шөнө баруун аймгийн нутгаар цас орж, шуурах бөгөөд, 21-ний өдөр буюу өнөөдөр төвийн аймгийн нутгаар, Дундговь, Дорноговь, Өвөрхангай аймгуудаар хүчтэй салхилж, их хэмжээний нойтон цас орно. Говийн болон төв аймаг, зүүн аймгийн баруун хэсгээр салхи хүчтэй салхилж, цасаар шуурна" гэв.
Арваннэгдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн бүх нутгаар хүйтний эрч чангарна.
Иймд: Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн
-Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах;
-Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозам, даваа цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг учир хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх
-Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхааруулж байна.
Т.НАНДИН-ЭРДЭНЭ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.