Сурвалжилга: Малчид өвлийн идшийг ченжийн гараар дамжуулалгүй 5000-9000 төгрөгөөр зарж байна

Бид өчигдөр /2023.11.27/ нийслэлийн махны худалдааны гол цэг болох Хүчитшонхор захаас махны эрэлт, нийлүүлэлт, үнийн талаарх мэдээллийг бэлтгэн хүргэсэн. Харин өнөөдөр энэ сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд Улаанбаатарх хотын 10 байршилд болж буй "Өвлийн идэш 2023" өргөтгөсөн худалдаанаас мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Малчдын орлого, амьжиргааг дэмжих үүднээс дундын зуучлал буюу ченжийн гар дамжуулахгүй малчид өөрсдийн хотноос бэлтгэсэн махаа шууд худалдаалах юм. Ингэхдээ зохион байгуулагчдын зүгээс ямар нэгэн үнийн босго тогтоогоогүй, харин зах зээлийн үнээс хямд байх гэсэн чиглэл өгөөд буй.

Зах худалдааны төвүүдэд хонь, ямаа, адуу, үхрийн мах 9000-13000 төгрөгөөр худалдаалагддаг. Тэгвэл нийслэлийн арван байршилд малчид 5000-9000 төгрөгөөр мах борлуулж байна. Бид хоёр байршлаас мэдээлэл бэлтгэлээ.
"Улаанбаатар палас"-ын хашаанд Хэнтий, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл аймгаас малчид мах зарахаар ирсэн, иргэдийн хөл хөдөлгөөн ч их. Харин Тусгаар тогтнолын талбайд малчид ч, худалдан авагчид ч тун цөөн байв.
Ерөнхийдөө эндээс үхрийн бүтэн мах авбал 1.1-1.3 сая төгрөг, хаа гуяар нь салгаж авбал 35-40 кг буюу 350-390 мянган төгрөг болж байна. Хонины гулуузыг дунджаар 120 мянгад тун дажгүйг авах бол тарган адуу бүтнээрээ 1.2-1.4 сая болж байна гэв.
-Малчид: Ченжүүд бид нараас хямдхан аваад цааш нь үнэтэй зардаг, ингээд зарвал хэн хэндээ хэрэгтэй юм байна-

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас өчигдөр ирсэн. Хоёр шүдлэн үхэртэй ирээд одоо дуусаж байна. Нэг кг үхрийн махыг 10 мянган төгрөгөөр худалдлаа. Иргэд их ам сайтай худалдан авалт сайн хийж байна. Хотынхон бөөн авах боломжгүй байх тохиолдол байдаг учраас хаа, гуяар нь салгаад өрөөлдөж зарлаа. Манай аймаг, сумаас махаа худалдахаар хүмүүс хотод ирдэг. Хүчит шонхор зах дээрх ченж нар үхрийн махыг нэг кг нь 8000-9000 мянган төгрөгөөр худалдаж аваад лангуунд гаргахдаа 12-13 мянган төгрөг болгож зардаг юм билээ. Ингэж худалдаалж байвал, иргэдэд ч малчид бидэнд ч хэрэгтэй байна. Ченж нар биднээс хямд авсан махаа цааш нь зарахдаа, малчид ингэж зарж байна гэдэг. Үнэн хэрэгтээ тийм биш шүү дээ. Махлаад удаагүй шинэ махаа иргэдэд худалдаалж байгаа маань сэтгэлд өег байна.

Шүдлэн, хязаалан адууны мах кг нь 8000 төгрөгөөр борлуулж байна. Дөрвөн адууны мах авчирсан одоо зарагдаад дуусах дөхөж байна. Адууны мах лангуун дээр 12-13 мянган төгрөг байдаг юм билээ. Бид өөрсдийнхөө хэрэгцээнд тааруулаад малаа махлаад худалдаж байна. Саяхнаас Эрдэнэсант, Сансар руу цас их хэмжээгээр орсон. Малчид энэ өвөл нэлээн хүндхэн өвөл болж магадгүй гэсэн таамагтай байна. Түрүүчийн цаснаар зүүн болон баруун аймгуудаар өвөлжилт хүдэрсэн шүү дээ. Арванхоёр, нэг сард байгаль хангай маань ивээж, хаврын сартай золгоно доо гэсэн сэтгэлээрээ зүтгэж байна. 200 мянгад сайхан тарган эр хонь гээд асуугаад ирвэл хэрэгцээндээ тааруулаад л зардаг. Би нэг хонийг 300 мянгаар зарна гээд байж болохгүй. Тиймээс худалдан авагчийнхаа аманд нь багтаж, эрх ашигт нь тааруулж худалдана. Биднээс хямд аваад цааш нь үнэ ханшийг нь өсгөдөг л гэсэн. Гэхдээ аль хэдийн бид хэрэгцээндээ тааруулаад зарчихсан шүү дээ.

Хонины мах 6000-7000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Үзэсгэлэн болно гэдгийг сонсоод арван хонь махласан. Гарал үүслийн бичигтэй учраас баталгаатай гээд хүмүүс ам сайтай байна. Тусгаар тогтнолын талбайд хүмүүс бага маргааш, нөгөөдрөөс зар түгэхээр сайн ирэх байх. Ченж нар их хямдхан аваад цааш нь их үнэтэй борлуулдаг. Тийм болохоор аль болох өөрөө зарахыг хичээдэг болсон. Сайхан том хонийг 140 мянгаар авдаг шүү дээ. Цааш нь 200 мянга гаргаад л худалддаг юм билээ.
-Иргэд: Хөдөөнөөс авч ирсэн тээврийн зардал түлшний үнээ нэмсэн ч захын лангууны махнаас хямд байна-

Үзэсгэлэн маш сайхан болж байна. Гараас гарт гэдэг чинь их чухал ядахнаа эрүүл, гарал үүслийн бичигтэй. Захаас мах худалдаж авахад элдвийн юм хольж солио болов уу гэсэн айдастай байдаг. Тэгээд харж байгаад хамгийн гайгүй махыг нь сонгож авдаг. Эндээс хардах юм алга, хөдөөнөөс ирсэн малын мах гэж бодохоор сэтгэлд өег, сайхан байна. Энд нэг кг хонины мах 7000 төгрөг гэж байна 18 кг хонины мах авлаа. Хямд боломжийн санагдаж байна. Зах худалдааны төвүүдээр 8000-9000 төгрөгөөр худалдаалж байсан. Баталгаатай, чанартай хямд үнэтэй сайхан мах авлаа.

175 кг адууны мах нэг сая 400 мянгаар авлаа. Хөдөөнөөс авчирсан тээврийн зардал түлшний үнэ ханш орсон хэдий ч захын лангууны үнээс хямд байна. Ченжээр дамжихгүйгээр иргэдийн гарт шууд ирж байгаа нь их сайхан байна. Өнөөдөр эхний өдөр болоод малчид бага байх шиг байна.

Захын худалдааны махыг бодвол дамжлага байхгүй, үнэ хямд санагдаж байна. Гарал үүслийн бичигтэй болохоор найдвартай. Сая нэг гулууз авчихлаа, сайхан тарган хонь байна. Дэнжийн мянгын захуудаас илүү хямд байгааг нь олзуурхлаа.

Ченж нарын зардаг үнээр л зарж байсан. Би жуковын талбайгаас сая Тусгаар тогтнолын талбайд ирлээ мах худалдаалж буй малчид их бага байна. Ченж нарын худалддаг махнаас үнийн хувьд ялгагдах юм алга.
-Малчид өөрсдийн унаандаа 4-15 мал нядлаад ачиж иржээ-
Ажиглахад холоос ирсэн малчид ахиу тооны бод мал нядалж авч ирсэн бол ойрхноос ирсэн малчид дийлэнхдээ бог малаа "гаргажээ". Хэдийгээр тэдэнд цөөн хэдэн малын махаа хурдхан шиг зараад буцах хүсэл байгаа ч иргэдийн сонголт хаа, гуяар салгаж, өрөөлдөх хүсэлтэй тул хэрэглэгчдээ дагасан байдалтай байв.
Цагийн байдал зутруу цас ихтэй, шатахуун тос үнэтэй, тээврийн зардал өндөр гарч байгаа ч ченжийн гар дамжуулалгүй махаа худалдаж байгаадаа тэд баяртай байгаа нь харагдах бөгөөд цаашид баяр наадмын үер, тогтсон саруудад тогтмол зохион байгуулж байгаасай гэх саналыг хэн хэн нь дайж байв. Зохион байгуулалттай арга хэмжээ учир мэдээлэл нь сайн тарсан бололтой, хэдий нэг байршилд цөөн малчид ирсэн ч худалдан авалт сайн байгаа нь харагдана.
Эцэст нь тэд "Цагдаа сэргийлэх, чөлөө зөвшөөрөл гэхгүй их амар юм. Малчид өөрсдийн бичиг баримтаа бүрдүүлчихсэн байхад л болчихож байна" хэмээн олзуурхангуй хэллээ.
ӨМНӨХ КОНТЕНТ:

Сурвалжилга: Махны үнэ нэмэгдэж, лангуу худалдаачид малчид өөрсдөө ченж болсон гэлээ контентыг ЭНД дарж уншаарай.
Т.НАНДИН-ЭРДЭНЭ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
М�##�чид өөрснөө ченжийн үнээр зарна шүү шун�##�тай гарууд шүү хотод байтгуай хотондоо ченжийн үнээр зараад байгаа шүү
Худлаа . аймаар үнэтэй байна лээ.
Ш�##� худлаа.даруйхан зогсоо.
УГААСАА Л ЭНЭ ХҮЧИТ ШОНХОР ЗАХЫГ ТАРААГААД ХОТЫН ОРДОГ ГАРДАГ ГАЗАР ТОСГУУЛААД МАХАА БОРЛУУЛЦГААЯ МАЛЧИД ЭЭЛЖЛЭН ХОРШИХ ЗАРЧМААР ЯВБАЛ БОЛЧИХНО ЭНЭ ЧЕНЖҮҮДИЙГ Л УСТГАХАД БОЛЧИХНО МАЛЧИД ТА НАР ЧЕНЖҮҮДИЙГ ОЧИХООР НЬ МАХАА ӨГӨХӨӨ БОЛЬЧИХ ТЭГЭХЭЭР НААДУУЛ ЧИНЬ ТУРААД ҮХЧИХНЭ ИНГЭЖ Л ЧЕНЖ НЭРТЭЙ ҮМХИЙ ҮНЭРТҮҮЛСЭН АВГАЙЧУУЛААСАА САЛАХ ГЭЭД ҮЗИЙ МАЛЧИД ТА НАР ӨӨРСДӨӨ ҮНЭЭ ХАТУУ БАРИАД ИХ ОЛОН МАЛ АВНА ГЭСЭН ХҮМҮҮСИЙГ Л ХУЛХИДААД БАЙ ХЭЛЛЭЭ ШҮҮ