НИЙГЭМ

Ойрын болоод олон жил давхисандаа олгодог “Болор цом”

“Болор цом” яруу найргийн наадмыг анх 1983 онд санаачлан зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Анхны “Болор цом”-ыг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж “Хүн төрөлхтөнд хүргэх үг” шүлгээрээ хүртэж байв. Үүнээс хойш энэ уламжлал тогтож, өдгөө 41 дэх жилээ болж өндөрлөлөө. Энэ жилийн “Болор цом” яруу найргийн наадамд МЗЭ-ийн болоод Сэр-одын нэрэмжит шагналт Сайнжаргалын Начин түрүүлж, тэргүүн цомыг өргөсөн. Тэрбээр сүүлийн шатанд “Уучлал шүлэг” нэртэй шүлгээ уншсан юм.

Харин шүүгчдийн бүрэлдэхүүнд МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт Н.Минжинсайхан, МУСГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор С.Байгалсайхан, МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн Ш.Лхамноржмаа, Хэл бичгийн ухааны доктор Ш.Баттөр нар багтжээ. Өөрөөр хэлбэл, энэ таван хүн өнөө жилийн тэргүүн шүлэгчийг тодруулах чухал, үнэ хүндтэй үүргийг яруу найраг сонирхогч, урлаг, утга зохиолын хорхойтон, сэхээтэн, шүүмжлэгчдийн өмнүүр үүрсэн гэж ойлгож болно.

Жил жилийн “Болор цом” тэр дундаа сүүлийн тав зургаан жил энэ наадмын шүүлт, зохион байгуулалт хөгжлөөсөө аль хэдийнэ хоцорч, байдаг л нэг ор нэр хаасан, албатай юм шиг ёс төр гүйцээхийн төдийд л өрнөдөг болж. Энэ ч утгаараа хүрээгээ тэлэх биш улам улам хумисаар буй.

Товчоор шүүгчдэд их учир бий. Анзаарбал нэгэн үеийн гэмээр улс шүүгчдийн ширээний ард зэрэгцсэн харагддаг. Шүүлтээс харвал тэр минь, энэ минь гэхчлэн өөд, дээш татсан сонголтууд нүдэнд даанч ил. Болоогүй иртэй, онгодтой залуусыг мохоож, илт дарж байгаа нь ч мэдрэгдэнэ. Ингээд тэдний зурсан зураг төөрөг биеллээ олж ойрын болоод олон жил давхиж байгаа гэдэг хоёрхон шалтгаанаар “Болор цом”-ын эзэн тодорно.

Харин булавч бултайна гэдэг шиг үнэнхүү онгод, хиймортой, үзэгчдийн алгыг хөлөртөл бичсэн ганц хоёрхон залуусыг нэр нүүрээ хамгаалаад тэд хэсэгхэн төдийд л өнгөнд гаргаж ирнэ. Бусдаар бол тэдний уншсан шүлэг сайн байх, цойлох огтхон ч хамаагүй. Өнөөх л уянгалсан, урт, улиг болсон уламжлал руугаа халирцгаана. Ингээд ирэхээр чадалтай, чансаатай, авъяастай зарим нь энэ тогооноос гарч, харин зарим нь тэдний хамгийн дургүйгээр “тогоо руугаа нулимах”-аас өөр аргагүйд хүрнэ. Тиймээс ч энд эв эе гэж байхгүй үе, ашиг сонирхол л гэж бий.

Харин нөгөө талд зохион байгуулалтын асуудал хөндөгдөнө. Монголын зохиолчдын эвлэл Соёлын төв өргөөний хаалгаар билет тасална. Хамгийн дээд үнэ 50 мянган төгрөг. Мөн эхний шатанд шүлгээ илгээсэн бүх шүлэгчдээс 20 мянган төгрөгийн хураамж авдаг. Тооцоолбол энэ мэдээж бага мөнгө биш. Тэд үүнээс зохион байгуулалтдаа зориулж, анхаарбал болохгүй биш болохоор. Гэсэн ч нөгөө л янзаараа. Тайзны голоор хэдэн сандал эгнүүлж, Янжинлхам бурханаа голлуулан залж л чаджээ, өөрөөр гависангүй. Товчоор бол жилийн жилд сэтгэл л дутаад байгаа харагдана.

Зохион байгуулалт 1001 дүгээр асуудал гээд харбал тэргүүн шүлэгчдээ гардуулж буй энэ наадмын хамгийн их утга төгөлдөр зүйл болох “Болор цом” өөрөө нэгдүгээр асуудал байх боломжтой. Гэсэн ч энэ цом үзэмжгүй хийгээд урлаг, уран сайхны гэмээр нэг ч зүйлийг өөртөө агуулаагүй харагдана. Зүйрлэбэл цэцгийн ваар шиг. Хаанаас хамаагүй худалдаад авчихвал болох тийм хэмжээний илэрхийлэмжтэй. Үүгээр Монголын зохиолчдын эвлэлийнхэнийг товчхон дүгнэчхэж болно. Тэд чухамдаа ийм л сэтгэлгүй, хармын гартай, явуургүй ажилтай хүмүүс. Тийм атлаа 41 жилийн түүхт энэ наадмыг нэр дээрээ жил бүр зохион байгуулах нэрээр үнэ хүндийг нь шороотой хутгаж буй нь үнэндээ яс хавталзмаар. Тэд үүргээрээ бол “Болор цом”-ыг улсын наадам шиг өргөн дэлгэр биш юмаа гэхэд жилдээ ганц тохиодог өөрийн төрсөн өдөр шигээ хийчихдэг байх хэрэгтэй.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ккк
Ккк
2023-11-28 15:06

Хэнтийнх болхоор түрүүлдэг шаачихсан ч байх шиг..

НаБа
НаБа
2023-11-28 18:23

БОЛОР ЦОМЫН УЛАМЖЛАЛ , ҮНЭЛЭМЖ , ШАЛГУУР АДГИЙН !!! ШҮҮГЧИД НЬ СҮГ БОЛСОН !!! ЗУГААЛГААР ХӨДӨӨ ХЭЭР ЯВЖ БАЙГААД СОГТУУ ГАЛЗУУ МӨР ХОЛБОСНООС ДОР ШҮЛСЭНЦЭРҮҮД УНШИЦГААН 60 ЧАВГАНЦААС 1 НЬ ТҮРҮҮЛСЭН БОЛОВ !!!

Зочин
Зочин
2023-11-30 21:15

Утгагүй, нуршуу, ойлгомжгүй хачин шүлэг түрүүлсэн хүнийх нь, уншаад гайхаад бичиж байнаа, арын ха�##�гаар биш авьяастайг нь шударгаар түрүүлүүлмээр байнаа шүүгчдээ

Холбоотой мэдээ

Back to top button