ДЭМБ: БНХАУ дахь амьсгалын замын халдвар цар тахлын эхлэх шиг өндөр биш

ДЭМБ-ын албан тушаалтан БНХАУ-д үзэгдээд буй амьсгалын замын халдварын тохиолдлуудын тоо Ковид-19-ийн халдвар дэлхийн хэмжээнд цар тахал болохоос өмнөх үе шиг их биш гэжээ. Өөрөөр хэлбэл коронавирусийн халдвар дэлхийд тархахаас өмнө Хятадад хурдацтай дэгдсэн шиг их тооны халдвар бүртгэгдээгүй гэсэн үг.
БНХАУ-ын хойд бүсээр томуу төст амьсгалын замын халдвар аравдугаар сарын дундуур сүүлийн гурван жилийн мөн үеийн тоотой харьцуулахад нэмэгдсэн юм. Ихэнхдээ хүүхдүүд халдвар авч эмнэлэгт ирж байгаа. Тухайлбал Бээжин дэх хүүхдийн эмнэлгийн ажилтан өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт /2023.11.21/ өдөрт дунджаар 7 мянга гаруй өвчтөн ирж байгаа нь эмнэлгийн хүчин чадлын даацыг хол давж байна гэсэн юм.
ДЭМБ-ын тахал болон цар тахлын бэлэн байдал, урьдчилан сэргийлэх газрын даргын орлогч Мария Ван Керхове амьсгалын замын халдвар нэмэгдэж байгаа нь тэг ковидийн бодлогыг зогсоосонтой холбоотой хэмээсэн байна.
Вар Керховений хэлснээр бол цар тахлын хөл хориогоор ханиадны улирлыг хүүхдүүд хэд хэдэн удаа алгассан тул ковидийн дэглэмийг цуцалсны дараагийн өвөл амьсгалын замын халдварын тоо ихсэж байгаа аж.

Тэрбээр “STAT” хэвлэлийн агентлагт ярилцлага өгөхдөө “Бид цар тахлын өмнөх тархвар судлалын мэдээлэлтэй харьцуулсан статистикийг харах хүсэлт тавьсан. Харьцуулалтаас харвал сая эхэлсэн давлагааны оргил нь 2018-аас 2019 онд үүссэн давлагаанаас нам байгаа аж. Энэ нь шинэ эмгэг төрөгч үүссэн шинж биш. Харин ч болох ёстой зүйл. Ихэнх улсууд хөл хориог авч хаясны дараа үүнтэй ижил зүйл болсон” гэжээ.
Энэ жилийн эхээр БНХАУ тэг ковидийн бодлогоо зогсоож, хөл хорионы дэглэмээ зогсоосон.Тархвар судлаачид ковидийн дэглэмийг зогсоосноор хүмүүст амьсгалын замын халдвар үүсгэгчдийн эсрэг дархлаа буурсан байх магадлалтай гэдгийг онцолсоор ирсэн юм. АНУ, Их Британи гэх мэт орнуудад ковидийн дэглэмийг зогсоосны дараах өвөл амьсгалын замын халдварууд их бүртгэгдсэн билээ.
Амьсгалын замын халдвар нэмэгдэж байгаатай холбогдон БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хороо энэ сарын 13-ны өдөр анхны мэдэгдлээ хийсэн. Тус хороо сүүлийн үед үзэгдээд буй халдварууд инфлюэнза, микоплазма пневмони гэх мэт түгээмэл эмгэг төрөгчидтэй холбоотой гэсэн билээ.
Томуу төст өвчлөлтүүд нэмэгдэж байгаа талаар ДЭМБ дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлт БНХАУ-ын албан тушаалтнууд руу өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2023.11.22/ явуулснаар энэ асуудал олны анхаарлын төвд орсон юм.

Өнгөрсөн ням гарагт /2023.11.26/ Хятадын Үндэсний эрүүл мэндийн хороо дахин мэдэгдэл хийхдээ ойрын хугацаанд бүртгэгдээд буй амьсгалын замын халдварууд шинэ вирусээр үүсгэгдээгүй хэмээв.
Тус хорооны хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн шинэ халдварууд инфлюэнза вирус, риновирус, респиратор синцитиал вирус, аденовирус болон микоплазма пневмони бактери давхар эргэлдэж байгаатай холбоотой хэмээжээ. Эдгээр бичил биетнүүд нь амьсгалын замын түгээмэл халдвар үүсгэгчид юм.
Тэгэхээр ханиадны улирлыг алгассан хүүхдүүд инфлюэнза гэх мэт түгээмэл халдвар үүсгэгчдийн эсрэг дархлаа нь суларсан тул одоо халдвар нэмэгдэж байгаа аж.
БНХАУ-ын хойд бүсэд оршдог Бээжин, Лиаонин мужуудад хүүхдүүдийн өвчлөл их байгаа учир эмнэлгийн хүлээлгийн цагийг багасгахын тулд ханиадны эмнэлгүүдийн тоог нэмж, хүүхэд болон өндөр настай хүмүүсийг вакцинжуулалтад хамруулахыг орон нутгийн эрх баригчдад зөвлөжээ.
Бээжингийн Юань эмнэлгийн халдварт өвчний тасгийн эрхлэгч Ли Тонзен “Global Times” сонинд хэлэхдээ ирэх хоёр долоо хоногт халдварын тоо оргил үедээ хүрч магадгүй хэмээсэн байна.
Мөн тэрбээр шинэ жилийн амралтын өдрүүдэд халдварын хоёр дахь давлагаа үүсэж, улс даяар гэр бүлүүд цуглах үед өндөр настай хүмүүс халдварт өртөх эрсдэл нэмэгдэж магадгүй хэмээжээ.
Эх сурвалж: Reuters, Sky News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.