Глобаль сан ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэхэд зориулж 15 сая долларын дэмжлэг үзүүллээ

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн Монгол улсыг хариуцсан менежер Аллан Нфамбаг хүлээн авч уулзан, тус сангийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй төслийн үйл явцыг танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар хэлэлцжээ.
Тодруулбал, дэлхийн 100 гаруй улс орон Глобаль сангийн санхүүгийн дэмжлэгийн тусламжтайгаар ДОХ болон сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэж байгаа бөгөөд Монгол улс 2003 оноос хойш тус сангийн санхүүжилтээр найман удаагийн төсөл хэрэгжүүлсэн аж. Төсөл хэрэгжсэн 20 жилийн хугацаанд ДОХ-ын халдварын тархалтыг бага түвшинд тогтоон барьсан, эхээс хүүхдэд халдвар дамжихаас бүрэн сэргийлсэн, сүрьеэгийн эмчилгээ, оношилгоог боловсронгуй болгон тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн зэрэг бодитой үр дүн гарсныг салбарын сайд уулзалтын үеэр онцолсон байна.
Глобаль сан өнгөрсөн 20 жилийн хугацаанд ДОХ, сүрьеэтэй тэмцэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 83 сая ам.долларын дэмжлэгийг манай улсад үзүүлсэн бөгөөд үргэлжлүүлэн 2024-2026 онд 15 сая ам.долларын санхүүжилт олгохоор болжээ.
Уулзалтад ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Глобаль сангийн Шилжилт болон тогтвортой байдал хариуцсан мэргэжилтэн Гонзала Пенакоба, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч Ж.Нарангэрэл нар оролцсон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.