Ням гарагийн тойм: "Эрдэнэт Майнерс" 307 өдрийн дараа анх удаа ялагдал хүлээв
ХОВД ЧАНДМАНЬ БАГ УЛААНБААТАР АМАЗОНС БАГИЙН ХОЖЛЫН ЦУВРАЛЫГ ЗОГСООЛОО
Ням гарагийн өдрийн эхний тоглолт эмэгтэй "Ховд Чандмань" болон "Улаанбаатар Амазонс" багуудын хооронд явагдлаа. Тоглолтын эхнээс "Ховд Чандмань" баг онооны илүү явсаар аваргуудыг 73-58 харьцаатай хожсон.
Ховд Чандмань багийн улирлын дөрөв дэх хожил байсан бол "Улаанбаатар Амазонс" багийн улирлын эхний ялагдал байлаа. "Ховд Чандмань" багаас төвийн тоглогч Б.Болор-Эрдэнэ зогсоошгүй тоглолтыг үзүүлж, 30 оноо, 15 самбар бүртгүүлжээ. Харин тус тоглолтод Улаанбаатар Амазонс багаас Ч.Уртнасан болон Б.Болор-Эрдэнэ тус 10 оноо авсан бол Аваргуудаас өөр 10-аас дээш оноо авсан тоглогч байсангүй. О.Хулан. Б.Ариунцэцэг, Ц.Батцэцэг нар Хою Чандмань багийн эсрэг тоглолтод оролцоогүй буюу “NBA 3X3 Inviatinal Champion” тэмцээнд оролцохоор Филлипин улсын Манила хотыг зорьсон юм.
Дашрамд дурдахад тус тэмцээнд оролцсон Монгол Улсын эмэгтэй, эрэгтэй хосоороо аварга болсон байна.
Улаанбаатар Амазонс баг зургаан хожил, нэг хожигдолтой лигийг тэргүүлсэн хэвээр байгаа бол Ховд Чандмань баг дөрвөн хожил, хоёр хожигдолтой гуравдугаар байрт эрэмбэлэгдэж байна.
TLG ONDILT БАГ ЭЦСИЙН МӨЧИД ХОЖИЛ АВЛАА
Ням гарагийн өдрийн хоёр дахь тоглолт "TLG Ondilt" болон Завхан "Brothers" багуудын хооронд явагдлаа. Залуу бүрэлдэхүүнтэй хоёр багийн тун сонирхолтой болж, эцсийн мөчид 87-84 харьцаатай "TLG Ondilt" багийн хожлоор өндөрлөлөө. Завхан Brothers баг тоглолод нийт 30 минутын турш эсрэг багаасаа онооны илүү явсан ч тоглолтын төгсгөлийг тааруу хийлээ. Завхан "Brothers" багаас Даймонд Стөүн 38 оноо, 14 самбар авсан ч баг нь хожил авахад хангалтгүй байлаа.
Харин "TLG Ondilt" багийн тоглогчид тун жигд тоглолтыг үзүүлж,талбайд гарсан 12 тоглогчийн 11 нь оноо бүртгүүлжээ. М.Төгөлдөр 14 оноо авч багаа тэргүүлсэн бол Б.Ган-Эрдэнэ 13 оноо, Антони Харрис 12 оноо тус бүр авч багаа хожил авахад том үүргийг гүйцэтгэжээ.
"TLG Ondilt" баг зургаан хожил, долоон хожигдолтой лигийн хүснэгтийн долоодугаар байрт эрэмбэлэгдэж байгаа бол Завхан Brothers баг гурван хожил, есөн хожигдолтой 11-р байрт эрэмбэлэгдэж байна.
ХАСЫН ХҮЛЭГҮҮД БАГ ТОМ МЭДЭГДЛИЙГ ХИЙЛЭЭ
Ням гарагийн өдрийн оргил тоглолт "Эрдэнэт Майнерс" болон "Хасын Хүлэгүүд" багуудын хооронд болж, “UG Arena”-д хөгжөөн дэмжигчид чууллаа.
Улирал эхэлснээс хойш аль хэдийнэ зургаан хожигдлыг амсаад байсан Хасын Хүлэгүүд баг Аваргуудын улирлын 11 дараалсан хожлын цувралыг зогсоож, том мэдэгдлийг хийлээ. Хоёр багийн тоглолт нэмэлт цагт шийдэгдсэн бөгөөд үндсэн цаг 63-63 харьцаатай өндөрлөсөн. Харин нэмэлт цагт Хасын Хүлэгүүд баг Эрдэнэт Майнерс багаас 5 оноо илүү авснаар 76-71 харьцаатай хожиж, улирлын 6 дахь хожлоо авлаа. Эрдэнэт Майнерс баг 2023 оны хоёрдугаар сарын 09-ний өдрөөс хойш хожигдоогүй байсан амжилт энэ хүрээд зогслоо.
Хасын Хүлэгүүд багаас Б.Билгүүн энэ улирлын хамгийн сайн тоглолтоо үзүүлж, 23 оноо, 3 самбар, 2 хаалт хийж, багаа хожиход том үүргийг гүйцэтгэжээ. Түүнд багийн хамтрагчдаас Д.Мөнхтүвшин 13 оноо, Никола Тадич 12 оноогоор тус бүр тусалжээ. Хоёр дахь импорт тоглогч Терри Томас улирлын эхний тоглолтдоо 20 минутыг талбай дээр өнгөрүүлж, 8 оноо, 8 самбар бүртгүүлжээ. Мөн багийн ахлагч А.Анандын гэмтлээсээ эргэн ирж, Эрдэнэт Майнерс багийн 10 минут тоглож 6 оноо авлаа. Эрдэнэт Майнерс багаас Г.Ган-Эрдэнэ, Н.Золжаргал нар тус бүр 16 оноо, А.Тэмүүжн 11 оноо авчээ. Багийн лидер Пендарвис Уиллиамс бага зэргийн гэмтлийн улмаас тоглолтыг үргэлжлүүлэх боломжгүй болж 20 минутад 4 оноо, 10 самбар авсан байна.
Эрдэнэт Майнерс 11 хожил, 1 хожигдолтой лигийн хүснэгтийг тэргүүлсэн хэвээр байгаа бол Хасын Хүлэгүүд баг 6 хожил, 6 хожигдолтой хүснэгтийн зургадугаар байрт эрэмбэлэгдэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.