Хэзээ угаартдаггүй, урсдаггүй, түгжирдэггүй, тог тасалдаггүй нийслэлтэй болох вэ

Шинэ цагийн нүүдэлчдийн гал голомт болсон Улаанбаатар дэлхийн том хотуудын эгнээнд бичигдээд 20 гаруй жилийг ардаа орхисон. Улсын хөгжилд гүйцэтгэх үүргээрээ Улаанбаатар хэдийн метрополис хот болсон энэ сайхан нэрийн ард асар олон шийдэлгүй, эзэн биегүй асуудал оршин суугчдаа туйлдуулж байна.
Товчхондоо бид зундаа үер ус, баяр наадам гээд завгүй, өвөлдөө утаа, түгжрэл, цахилгааны хомсдол гээд тухгүй. Энэ танил дүр зураг биднийг даруй 20 жилээр ухарчээ гэдгийг хэлээд өглөө. Иргэд ч туйлдаж, боломжтой нэг нь ар өврийн хаалгаар голоо зогоож, зарим хэсэг нь эх орноо орхиж, харин үлдсэн хэд нь зүгээр л бууж өгөөд амьдарч байна. Тиймээс бид нийгмийн тархины өвчин болоод буй наад захын зургаан асуудлыг товчоор дурдъя.
Энэ жил ногоон автобусны дуулианаар Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар, Түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар ажлаа өгч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нар хотын асуудалд “базахаар” илгээгдсэн.
Нийтийн тээвэр: Улаанбаатар хотын 1.6 сая хүн амын 45 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Тэдний хэрэгцээнд зориулж 1048 автобус үйлчилгээнд гардаг ч 975 ашиглалтын хугацаа дуусаад 10-аас дээш жил болсон, 7 нь үйлчилгээнд явж байгаад шатчихсан. Нийтийн тээврийг үе шаттай шинэчлэхээр худалдан авах ажиллагаанд нийт долоон компани санал ирүүлснээс хамгийн хямд буюу 134.5 тэрбумын багцын үнэ санал болгосон “Тэнүүн-Огоо” ХХК гүйцэтгэгчээр шалгарсан байдаг. Гэрээний дагуу 100 автобус Улаанбаатар хотод ирсэн энд тэндгүй замаскатай, он хуучин тээврийн хэрэгслүүд. Эндээс тендерийн булхайн утас хөвөрсөөр 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Тэдний дунд автобус засч нийлүүлсэн БНСУ-ын 4 иргэн бий. Хэдий хэрэгтэнгүүдийг олсон ч, өнөөдөр иргэд автобусаа 30 минутаас дээш хүлээж, хүйтэн автобусандаа чихцэлдэн амьдарч байна.
Түгжрэл: Энэ бол их хотын минь үндсэн асуудал. Үе үеийн дарга нар үүнтэй тэмцэх гэж мөн чиг их мачийсан ч цаасан дээрх шийдвэрүүд нь байгаа олохгүй, монгол улсын хүн амын тал хувь нь дөрвөн уулынхаа дунд амьдралынхаа ихэнх идэвхтэй цагийг түгжрэлд өнгөрүүлж буй. Хотын шинэ дарга, түгжрэлийн шинэ сайд хоёр ажлаа авангуутаа өмнө нь дуншиж байсан түгжрэл бууруулах тухай хуулийг зоригтой барьж авч, нийтэд танилцуулсан. Гол шийдэл төв замуудаа тойруулан зогсоолууд барьж, үүнээс дотогш орохоор бол төлбөр төлөхөөр зүтгүүлсэн. Аль ч талаас нь бодоод үзэхэд харалган шийдвэр л дээ. Тийм ч учраас төлбөртэй бүсийн заалт цуцлагдсан. Тэгэхээр нь хүйтэн, хальтиргаа гулгаа, шатахууны хомстолыг хэл амгүйхэн давчих гээд түүхэндээ хамгийн урт хугацаагаар буюу 43 хоног тэгш, сондгойгоор зорчих шийдвэр гаргаад тулгачихсан. Үнэн чанартаа энэ чинь хотыг хамрах 1135.7 км зам дээр 700 гаруй мянган тээврийн хэрэгсэл багтаж, шингэхгүй байгаа асуудал юм.
Шатахуун: Дээрх дугаарын хязгаарлалт шатахууны хомстолын “панчан” бүхий шийдвэр гэж хардмаар. Холбогдох газрууд шатахууны нөөцийн хоногийг хоёр оронтой тоогоор л хэлдэг. Гэвч бодит байдал дээр нүдний гэм болж уурссан иргэд шатахуун түгээгчийг түлхэж гэмтээн, шагийн үнэ 6 мянгад хүрлээ. Шатахууны оочер замын нэгдүгээр эгнээг эзэлж, өнөөх тэгш сондгой зорчих шийдвэрийн утгыг алдуулаад байна.
Эрчим хүч: Улаанбаатарын эрчим хүчний систем сэхээнд орчихсон. Хүйтрээд ачаалал нэмэгдээд ирэхийн цагт эрчим хүчээ хэмнээрэй гэх мессэжийг баруун солгойгүй тараасан. Бас ОХУ нийлүүлдэг эрчим хүчээ багасгах байгаа тул хязгаарлалт хийнэ гэж мэдээлсэн. Энэ цагаас эхлээд цахилгааны хязгаарлалт хийж эхлэв. Гэхдээ хязгаарлалт хийх байршил, цагийг мэдэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, хотоороо харанхуй болчихгүйн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хэмээн “сүрдүүлэв”.
Утаа: Өмнөхөөсөө бүр дордов. Түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахыг хориглоод даруй 3 жил өнгөрч буй. Гэвч утаа улам өтгөрөн уугиж, нийслэлчүүд ханиад харшлаас салахаа байсан. Иргэд цонхоо нээхээсээ айж өвлийн гурван сарыг агаар салхи үзэхгүй, бин битүү сууна гээд бод доо. Өнгөрсөн жилээс утааны асуудлыг барьцалдуулагч руу чихээд эхэлсэн. Хөөрхий “Тавантолгой түлш” компани барьцалдуулагч нийлүүлдэг хэдэн компаниа бөөдийтөл жагсааж байгаад хэвлэлийнхэнд үзүүлж, ийм сайхан барьцалдуулагч хийдэг хэмээн бичээд өг гэж найр тавьсан. Хотын шинэ даргын орлогч ах нарынхаа ач тус нь хэзээ ч гараагүй аргыг хэрэглэж, зуух тараана гэж мэдэгдээд авсан. Хэдэн байршилд суурилуулсан агаарын бохирдол хэмжигчийн мэдээллийг боломжийн байна гэж нүүрээ тахлах гэж ч үзсэн. Яаж ч үзэж тарсан утаа улам л өтгөрч, аюул тарьсаар.
Үер: Улаанбаатар хотод өнгөрсөн зун 1960 оны үертэй дүйцэх хэмжээний гамшиг болов. Байгалийн гамшиг гэхээсээ илүүтэй авилгал хээл хахууль, танил тал ах дүүсээрээ үүрлэсэн нийслэлийнхний балаг байв. Байгалийн ус жам ёсоороо урсаад явчих тэр зам дээр нь суурь цутгаад байшин барьчихсанд учир байгаа юм. 2023 оны үерийн хохирлын хэмжээг тогтоосон ч яг байшин сав, эд хөрөнгөөрөө хохирсон иргэд толгой дараалан нөхөн төлбөр авсан гэвэл үгүй. Эрхбиш эрдэнэт хүн нь амиа алдсан айлуудад хоёр өрөө байр өгсөн юмдаг. Үерээс үүдээд “Шунхлай” ШТС, “S Outlet” дэлгүүр, “Aqua garden” хорооллыг нураах болсон ч, алсдаа авилгал хороолол уг жагсаалтаас хасагдсан байдаг.
Сөрөг асуудлыг үлгэрлэн үзүүлж буй бидний нийслэлийн бодит үнэн дүр төрх энэ юм. Төлөвлөлтгүй, залгамжгүй, ус агаар шиг мэргэжилтнүүдээ тогоотой хоолондоо ойртуулдаггүй, цаасан дээрх тушаал, шийдвэрээр ажлаа явуулж ирсэн үе үеийн хотын дарга нарын их ажлын үр дүн.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН АН байсан цагт улам л дордон уу гэхээс
БАТҮҮЛ 2016 онд дахин сонгогдсон байсан бол шийдэх байсан байх шүү
Хөдөөнөөс нүүж ирж хотод орогногсодыг буцаасан цагт л болно.Батүүл дахин сонгогдсон бол бүр баларах байсан
Орон нутгаа хөгжүүлж хүн амаа жигд тархаан суурьшуулсан цагт. Одоохондоо хэн ч, тэр магтаад байдаг БатҮүлийнх нь нам ньч энэ чиглэлд юу ч хийгээгүй. Хотод орон сууцгүй, ажилгүй бол оршин суух зөвшөөрөл өгөхийг зоригтой хориглох ёстой. Тэгэхгүй бол УБ хүн амьдрах аргагүй хот болж хувирлаа
Хулгайч нар бгаа цагт хэзээч өөдлөхгүй Монголчууд бидний тавилан юмдах
Улсаа тонон хөлжсөн МАН+АН гээч хулгайлч, авлигчин псдакуудыг бүгдийг нь цаазын ялаар шийтгэж дуусгаж байж л УБ хот ямарваа нэгэн асуудалгүй хөгжих зам нь нээгдэнэ.
Өлөн царайлсан хогнуудыг засгийн толгойд гаргахаа больсон цагт, хөдөөний дүнхүү бүдүүлгүүд сум сумандаа буцсан цагт Улаанбаатарын утаа тоос арай багасах байх даа
Яг үнэндээ
Хэнэггүй бүдүүлэг занг хуульчлан устагавал магадгүй...