Г.Ганжаргал агсны гэргий шинжээчийн дүгнэлт буруу гарсан хохирогчидтой нэгдэж, тэмцэнэ
Хасу шивэртийн рашаан амралтын амрагчдын байрны тагтнаас унаж амь насаа алдсан гэх Г.Ганжаргал агсны гэргий өөртэй нь адилхан хохирсон, шүүхээс гадны нөлөөтэй амиа алдсан байхад үндэслэлгүй дүгнэлт гаргасан тохиолдлуудыг хайж, хамтарч тэмцье гэлээ.
Тэрбээр "Шинжээчийн дүгнэлттэй холбоотой хэд хэдэн хохирогчидтой уулзаж, холбогдож байсан.
Илэрхий тодорхой гадны нөлөөтэй амь насаа алдсан байхад нь үндэслэлгүй худал дүгнэлт гаргаж ар гэрийнхэнийг нь амьдын тамд унагаасан шүүх эмнэлэг, хуулийн байгууллагынхантай шударга үнэний төлөө тэмцмээр байна.
Үр хүүхэд, хань ижил, ах дүүгээ алдсан хүмүүс надтай холбогдоорой, бүгдээрээ хамтдаа энэ бүх бохир муу муухайг илчилье. Саяхан нэг эгч холбогдсон юм. Хүү нь гэртээ амь насаа алдаад 3-4 хоногийн дараа олдсон.
Шинжээчийн дүгнэлтээр толгойн дагз, чамархай хэсэг рүү нь хатуу мохоо зүйлээр хэд хэдэн удаагийн хүчтэй цохилтоор хүнд гэмтэл авч нас барсан гэж тогтоосон боловч үхлийн шалтгааныг гадны нөлөөтэй биш өөрийнхөө толгойн ар дагзруугаа цохиод амиа хорлосон юм шиг дүгнэлт гаргажээ.
Мөн нэг залуугийн ээж нь хүнд зодуулаад эмнэлэгт ухаангүй хэд хоног байж байгаад амиа алдах үед нь шүүх эмнэлэг элэгний архаг хууч өвчнөөр нас барсан гээд дүгнэлт гаргасан.
Энэ мэт маш олон жишээ байна. МУ-ын Үндсэн хуулийн 16 зүйлийн 1-т зааснаар: Хүн бүр амьд явах эрхтэй, МУ-ын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэж, ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно гэж үндсэн хуулиндаа заасан байхад бид яагаад амьд явах эрхээ хамгаалуулж чадахгүй, хүний амийг онц хэрцгий аргаар бүрэлгэсэн алуурчдыг сул чөлөөтэй байлгаад байгаа юм бэ.
Хуулийн байгууллага яагаад шударгаар ажиллахгүй, хөндлөнгийн нөлөөнд автаж, хэн нэгний захиалгаар хэргийг яагаад нуун дарагдуулаад байгаан бэ???
Хууль мэдэхгүйг нь далимдуулж хохирогчдийг айлган сүрдүүлж дарамтлаад ажлаа хийгээд сурчихсан хөгийн увайгүй мөрдөгчтэй улсад хүн амины хэрэг илэрнэ гэдэгт хүмүсийн итгэл найдвар алдагдаж, цөхрөнгөө барахдаа аргагүйн эрхэнд хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байна. Биднийг ийм арга ядсан байдалд оруулж, сэтгэл зүйн гүн хямралд оруулж байгаа шүүх эмнэлэг, хуулийн байгууллагатай үнэн мөнөөр нь хэргийг илрэх хүртэл нь явах болно.
Бидэнтэй адил хохирсон хүмүүс байвал холбогдоорой гэж гуйя. Ийм зүй бус, шударга бус зүйлийг хүлцэнгүй тэвчээд суумааргүй байна бүгдээрээ хамтдаа дуу хоолойгоо хүргэж, эцсээ хүртэл тэмцье" гэлээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шүүх шинжилгээний хүрээлэн гэж яацан газар вэ?