Баянмонгол чуулгад бүх амьдралаа зориулсан Б.Ганбат агсны пянз мэндэллээ
Баянмонгол чуулга гэх их айлаар овоглож, гитар хөгжимтэй амьдралаа холбож Монголын орчин цагийн хөгжмийн түүхэнд нэрээ мөнхөлсөн эрхэм бол удирдаач, багш, удирдагч МУУГЗ Б.Ганбат билээ. Энэ эрхэм 1974 оны есдүгээр сарын 20-ны өдөр Улсын Филармонийн урилгаар “Баянмонгол” чуулгад гоцлол хөгжимчнөөр ажилд орж байсан түүхтэй.

Ингээд нийт 46 жил ажиллахдаа 30 жилд нь удирдаачаар ажилласан байдаг. Түүнийг Баянмонголын Ганбат хэмээн авгайлах болсон том шалтгаан бол тэрбээр зах зээлийн нийгмийн шилжилтийн хүнд үед чуулгаа удирдан чиглүүлж, ачааны хүндийг үүрч байсан гавьяатан юм. МУУГЗ Б.Ганбат агсан амьд ахуйдаа 800 гаруй хөгжим, дууны бүтээл болон хөгжмийн найруулгыг мөн хийжээ.
Тэгвэл өнөөдөр /2023.01.18/ Б.Ганбат агсны "Баянмонголын Ганбат" пянзны нээлт боллоо. Шинэхэн пянзанд түүний бүтээлүүдээс сорчлон дээжилж "Жалам харын явдал", "Дэрэнгийн хар азарга", "Ангийн охин чамдаа", "Хамаг Монгол", "Нутгаас ирсэн захиа", "Эгшиглэ, эгшиглэ гитар минь", "Дөрвөн настай халиун", "Энхийн давалгаа" зэрэг дөрвөн дуу, дөрвөн хөгжмийн бүтээлийг багтаажээ.
Пянзны нээлт "Chinzo’s records" дэлгүүрт болсон бөгөөд түүнийг хүндэтгэн, хайрладаг урлаг соёлын томоохон төлөөллүүдээс гадна гэр бүлийнхэн нь хүрэлцэн иржээ.
Б.Ганбат агсны дунд хүү, "Морин хуур" чуулгын хөгжимчин Г.Гантулга
Энэ бэлгэ дэмбэрэлтэй сайн өдөр аавынхаа пянзны нээлтийг хийж байгаадаа баяртай байна. Аав минь амьд сэрүүн байхад "Баянмонгол" чуулгын уран бүтээлчид таны уран бүтээлийг шинээр бичин, дуулж пянз гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэр үед аав энэ саналыг нь маш баяртайгаар хүлээн авч, хөгжмийн зохиолуудаа өөрийнхөө гар бичмэл дээрээ зааж өгч байлаа. Тэр цагаас л пянз хэвлүүлэх үйл явцаа эхлүүлж, Герман улсад хэвлүүлээд эх орондоо нээлтээ хийж байна. Миний хувьд аавтайгаа нэг чуулгад ажиллаж хамтдаа олон тоглолтын ард гарч байсан. Нөмөртэй сайхан байдаг байжээ.
Хурд хамтлагийн ахлагч, түүний шавь Д.Отгонбаяр
Өнөөдөр хамгийн хайртай ахынхаа бас багшийнхаа пянзны баярт ирээд байна. Б.Ганбат багш бидэнд маш том үлгэр дууриалал байсан. Тэр хүнийг хөгжим тоглож байгааг хараад л мэдэрдэг. Хөгжмийг яаж эзэмших ёстойг бие, хэл, сэтгэлээрээ илэрхийлж, хөгжимчдийг хүмүүжүүлдэг байсан. Би яг тэгж л хүмүүжсэн шавь нарынх нь нэг учраас багшийнхаа пянзны нээлтэд оролцож байгаадаа баяртай байна.
"Chinzo’s records" пянзны дэлгүүрийн захирал Г.Чинзориг

Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн "Баянмонгол" чуулгын Ерөнхий удирдаач Б.Ганбат агсны шинэхэн пянзны бичлэгийг Монголдоо бичсэн. Яг пянзны аналоги мастерингийг Герман улсад бэлтгэж, Голланд улсад хэвлүүлсэн. Нийт найман дуутай. Эрхэм уран бүтээлчийн үр хүүхдүүд нь аавынхаа гэгээн дурсгалд зориулж, уран бүтээлийг нь мөнхжүүлэх зорилгоор олон түмэндээ зориулан пянз гаргаж байгаад баяртай байна. Пянз цуглуулагч бидний хувьд ч гэсэн ийм сайхан бүтээл өлгийдөн авч байгаад туйлын баяртай байна.





















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.