Риши Сунак: Вэйп бүтээгдэхүүн тамхинаас гарахад тусалдаг ч хүүхэд хэрэглэхийг зөвшөөрөхгүй
Их Британи Улсын Ерөнхий Сайд Риши Сунак энэ сарын 29-ны өдөр сургуульд зочлох үеэрээ нэг удаагийн вэйп бүтээгдэхүүнийг хориглох санаачилгаа танилцуулсан юм. Уг санаачилгыг парламентаар хэзээ хэлэлцүүлэх нь тодорхойгүй байна.
Тэрээр мэдэгдэлдээ: “Вэйп бүтээгдэхүүнд урт хугацааны судалгаа шаардлагатай ба одоогоор янжуур тамхидалтыг бууруулах гол бүтээгдэхүүн болж байгаа ч хүүхдүүд хэрэглэхийг зөвшөөрөхгүй” гэжээ.
Эрүүл мэнд, нийгмийн халамжийн нарийн бичгийн дарга Виктория Аткинс хэлэхдээ: “Вэйпийг зөвхөн насанд хүрэгчид тамхинаас гарах хэрэгсэл болгон ашиглах ёстой. Энэ нь Англи улсад жилд 50,000-70,000 тамхичдыг тамхинаас гарахад хувь нэмэр оруулдаг” гэдгийг дурдаад, “Засгийн газрын "Swap to Stop" хөтөлбөрийн хүрээнд Английн насанд хүрсэн тамхичдын бараг 5 хүн тутмын 1 нь зуршлаасаа салж, эрүүл мэндийн үр дүнг сайжруулахад нь туслахын тулд зан үйлийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ ВЭЙП иж бүрдэл авах боломжийг Засгийн Газар бүрдүүлж байгаа” гэсэн юм.
Уламжлалт янжуур тамхи нь Англи улсад нас баралтын хамгийн том урьдчилан сэргийлэх боломжтой шалтгаан хэвээр байна. Өдөр бүр бараг минут тутамд хэн нэгэн тамхинаас үүдэлтэй өвчнөөр эмнэлэгт хэвтдэг ба энэ нь нийгэмд жил бүр 17 тэрбум фунт стерлингийн зардал гаргадаг нь эрүүл мэндийн байгууллагуудад асар их ачаалал өгдөг юм.
Цаашид Их Британи улс тамхидалтын түвшинг 5% буюу түүнээс доош хувьд хүргэхийн тулд зөвхөн насанд хүрсэн, тамхинаас татгалзаж чадахгүй байгаа иргэддээ цахилгаан тамхи буюу вэйпийн хэрэглээг дэмжихээ илэрхийлсээр байгаа юм.
Монгол улсын хувьд цахилгаан тамхины зохицуулалттай болоогүй улсуудын нэг боловч хамгийн сүүлд гэхэд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газараас 18 нас хүрээгүй иргэдэд худалдан, борлуулахыг хориглох шийдвэр танилцуулсан билээ. Энэхүү шийдвэр нь залуу үеийг донтолтоос сэргийлэх зөв зүйтэй алхам гэж харж болох юм.
Монгол улсад жилд 4300 хүн янжуур тамхинаас үүдэлтэй өвчлөлөөр нас бардаг бөгөөд жил бүр 20,000 хүн шинээр өвчилдөг гэх тоо баримт бий. Англи улсад тамхидалттай тэмцэх, тамхинаас татгалзуулах хөтөлбөр, төвүүд эрэлттэй байдаг бөгөөд энэхүү жишгийн дагуу Монгол улсад янжуур тамхичдыг тамхинаас гарахад туслах төвүүдийг нээж, үйлчилгээ үзүүлдэг болох шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж буй юм. Мөн насанд хүрээгүй иргэдийн дунд янжуур тамхины хэрэглээ өндөр хэвээр байгаа ба сургалт мэдээлэл, нөлөөллийн ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд сануулж байна.
Эх сурвалж: https://www.gov.uk/government/news/disposable-vapes-banned-to-protect-childrens-health
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.